Д.Цогтбаатар: Иргэдийг заавал баривчилж хорьж, хэргийг мөрдөж шийдээд байсныг хязгаарлах бодлого барьсан
Үйл явдал
/
2024-06-12

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Баасан гарагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Эрүүгийн хуульд заасан хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг арван найман насанд хүрсний дараа тоолж эхлэхээр болж байгаа.

Хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй.

Мөн хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байхаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтыг журам зөрчихийг тус тус өөрчлөн найруулж, бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх зохицуулалтыг тусгасан.

Зөрчил үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулахаар болсон.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлахаар хуульчилжээ. 

Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хугацаандаа биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах зохицуулалттай болсон.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлж, энэ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан" хэмээн тайлбарлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд 'Иргэдийг заавал баривчилж хорьж байгаад, хэргийг мөрдөж шийдээд байсныг хязгаарлах бодлогыг УИХ-ын зүгээс баримталж ажиллалаа.

Хорих ял оногдуулдаггүй төрлийн гэмт хэргүүдийн тухайд хойшлуулшгүй арга хэмжээ авах нөхцөл, шалгуурыг хүндрүүлсэн.

Харин хорих ял оногдуулдаг төрлийн гэмт хэргийн тохиолдолд  хэргийн газар дээрээ баригдсан, эсхүл гэрч шууд заасан тохиолдолд шууд баривчлах юм.

Гэхдээ ямар ч тохиолдолд шүүхийн хяналттай байхаар хуульчилсан нь онцлог" гэв.

НҮБ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаад “Шүүхийн хяналтгүйгээр хүнийг баривчлах ажиллагаа хавтгайрсан байна” гэдэг дүгнэлт гаргажээ. Үүнийг анхаарч “Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс энэ баривчлах, хойшлуулшгүй арга хэмжээ авах нөхцөлүүдийг хязгаарлах бодлогыг барьсан” болохыг хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.