“Морьтой Аравт” баг сумдын уулзалтаа Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгаас эхлүүллээ

УИХ-ын сонгуулийн 2-р тойрог, баруун бүсийн Увс, Говь-Алтай, Завхан, Ховд аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн “Морьтой Аравт” баг Увс аймгийн Давст суманд ажиллалаа. Тус сум нь Монгол төрийг 44 жил удирдсан, төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын төрсөн сум. Тийм ч учраас МАН-аас баруун бүсэд нэр дэвшиж буй нэр дэвшигчид Давст сумаас сурталчилгаагаа эхлэн ажилласан юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд Давст сумынхан идэвхтэй хамрагдаж 10 хоршоо шинээр байгуулагджээ. Тэдгээрээс хоёр хоршоо нийт 137.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч чадсан байна. Үүний 79 сая төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас батлан даажээ. Давст сумын иргэд энэ жилийн зуднаар хохирол ихтэй байсан ч “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж, малчдын шинэ амьдралын хэв маяг бий болж буйд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Цаашид ч МАН-ын мөрийн хөтөлбөрт “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх талаар тусгасан учраас баруун бүсэд нэр дэвшиж буй “Морьтой Аравт” багийг багаар нь дэмжихээ хэлж байв.

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ мал аж ахуйн салбарт шинэчлэл хийж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үргэлжлүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар онцоллоо. Малчид хотондоо бизнес хийх боломжийг бүрдүүлж эхэлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, хөрөнгө оруулалтын зээлээ авч эхэлсэн малчид үйлдвэрлэлээ эрхэлж эхэлжээ. Одоогоор улсын хэмжээнд 4000 хоршоо байгуулагдаж, 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлээ арилжааны банкнаас аваад байна. Тиймээс хоршоолж ажиллахыг дэмжиж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн үндэсний хэмжээнд өрнөнө гэдгийг тодотгосон юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Увс аймгийн Тариалан суманд ажиллалаа. Газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжих бүрэн боломжтой тус суманд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн идэвхтэй өрнөж байгаа юм.

 

Увс аймгийн Тариалан суманд одоогийн байдлаар 25 хоршоо байгуулагдаж, зургаан хоршоо нь 447 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Цаашид ч хоршоолон ажиллахыг малчид дэмжиж байгаа учраас Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Түүнчлэн гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх шийдвэр гарснаас хойш Увс аймагт гурилын үнэ хоёр дахин буурсанд иргэд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, нэг шуудай гурил 120 мянган төгрөг байсан бол одоо 65 мянган төгрөг болж буурчээ. Иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурч чадсанд Тариалан сумын иргэд талархалтай байна. Тиймээс Засгийн газрын бодлого шийдвэрийг үргэлжлүүлж, “Морьтой Аравт” багийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.