Монгол, Оросын ЦЭРГИЙН ЧУУЛГА ХАМТРАН ТОГЛОЛОО
Үйл явдал
/
2024-09-05

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Байлдааны гавьяаны улаан тугийн хошой одонт, А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн Эрдмийн чуулгатай хамтарсан тоглолтоо Их жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тоглолтыг хоёр цэргийн чуулгын найрал дуучид Монгол улс, Оросын Холбооны улсын Төрийн дууллыг хамтран дуулж эхлүүлсэн бөгөөд цэрэг эх орны болон ардын урлагийн шилдэг бүтээлүүдээр баялаг, сэтгэлд уянгалж, зүрхэнд хоногшсон дуунууд, хийморь сэргээж, урам зоригийг бадраасан хөгжим, бүжгүүдийг нийслэлчүүддээ толилуулсан юм.

1941 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Беларусийн вокзал дээр анх удаа дуулж фронтын дайчдыг үдэж байсан алдарт "Ариун дайн" цуурайтаж, бүх Оросын нэрийн хуудас болсон “Катюша”, “Смуглянка”, “Калинка”, “Журавли” эгшиглэж, "Донын Казакуудын бүжиг", “Орос ардын бүжиг”, “Цэрэг бүжгийн чуулбар” бүтээлүүд нүд баясгаж, ОХУ-ын Ардын жүжигчин Вадим Ананьев, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин СТА Д.Бат-Орших нарын гоцлон дуулсан “Эх, дороги” дуу үзэгчдийн талархлыг хүлээж, алга ташилтын хур буусан үдэш байлаа.

Тоглолтын дараа тус чуулгын уран бүтээлчид Төрийн соёрхолт "Харанга" хамтлагтай хамтран бүтээсэн "Монгол Улсын төлөө зүтгэе" дуугаа дуулж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх цэргийн чуулгууд, рок попын оддын хамтарсан үдшийн цэнгүүнийг мөн зохион байгуулсан юм.

Тус хоёр чуулга аль аль нь дайны талбарт ая дуугаа өргөж, дайчин эрсээ ялалтад зоригжуулж байсан бахархалт түүхтэй бөгөөд хамтарсан тоглолтын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулсан бөгөөд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн Эрдмийн чуулгатай байнгын холбоо тогтоож, хоёр чуулгын урын сангийн бүтээлүүдийг найруулан тоглосон нь онцлог байлаа.

Одоо Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтад зориулсан тоглолт уран бүтээлийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.62.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.