Залуучууд ААВ ЭЭЖИЙНХЭЭ БАЙРЫГ БАРЬЦААЛЖ орон сууцанд хамрагдах боломжийг судлаж байна!!
Үйл явдал
/
2024-09-06

2024  оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн 3 төрөлжсөн сантай. “Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай юм.

Эхний ээлжинд "Хуримтлалын сан"-гийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Энх-Амгалан Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж "Хуримтлалын сан"-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцжээ.

Орон сууцны зээлд залуучууд болон орлого багатай иргэдийг хамруулж, амьдралын чанарыг нь сайжруулан дундаж давхрагаа нэмэгдүүлэх нь  зорилго. 2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлд 128.7 мянган өрх хамрагдаж 8.8 их наяд төгрөгийн зээл олгожээ. Энэ нь жилд дунджаар 20 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг.

2023 онд нийслэлд 6 хувийн зээлээр 8889 иргэнд 932 тэрбум төгрөгийн, 2024 оны 7 дугаар сарын байдлаар 8188 иргэнд 946 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин орон нутагт 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл орон нутгийн 7368 иргэнд 647 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоод байна.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар 6 хувийн ипотекийн зээл авах 17 мянган иргэний, 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна. Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Мөн урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулахаар ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.135.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.