БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежтой хамтарсан 12 дахь удаагийн сургалт өнөөдөр (2024.05.13)  ӨМӨЗО-ны Хөх хотноо эхэллээ. 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, ШЕЗ-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат нараар ахлуулсан Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтан 25 хүн тус сургалтад хамрагдаж байгаа юм.

Сургалтад оролцогчдыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн Ерөнхийлөгч ноён Ли Чөнгю угтан авч сургалтыг нээж үг хэллээ. Тэрээр хоёр талаас хамтран зохион байгуулдаг өмнөх сургалтад 282 хүн хамрагдсаныг онцлоод цаашид сургалтыг улам чанаржуулан үргэлжлүүлж, хоёр орны хууль зүйн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахад таатай байх болно" гэв. Нээлтэд ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн удирдлага, тус коллежийн Өвөр Монгол дахь салбарын удирдлагууд оролцлоо.

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг "Олон жилийн түүхэн хамтын ажиллагаа, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтын үр дүнг товч дүгнэн хэлэхэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас нийт 282 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан биечлэн БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцаж, туршлага судлан оюундаа хөрөнгө оруулалт хийсэн бол 20 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан цахимаар сургалтад хамрагдаж БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцаж, туршлага судалсан байна.

 Уг сургалт нь өдгөө Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүсэн хүлээдэг сургалтуудын нэг болсон бөгөөд жил тусам оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, сонгон шалгаруулалт өрсөлдөөнтэй болж байгаа нь энэхүү сургалтын агуулга, чанарыг бүрэн илтгэж байгаа төдийгүй та бүхний өндөр зохион байгуулалт, чин сэтгэлийн илэрхийлэл юм.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг боловсруулан Их хуралд өргөн барьж тун саяхан батлагдаад байна. Тус бодлогын хүрээнд дагнасан шүүх, мөн хялбар хэргийн шүүхийг байгуулахаар ажиллаж байгаа энэ үед тус сургалт зохион байгуулагдаж БНХАУ-ын оюуны өмчийн шүүх зэрэг дагнасан шүүхээр зочилж үйл ажиллагаатай танилцах, мөн Монгол Улсын шүүхийн үйлчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжуулалтын ажил үе шаттай хэрэгжиж буй энэ үед Бээжингийн интернэт шүүхээр зочилж үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах гэж буй нь бидний хувьд сайхан боломж завшаан гэж үзэж байна. 

БНХАУ болон Өвөр Монголын өөртөө засах орны Ардын дээд шүүх, Үндэсний шүүгчдийн коллежийн шүүгч, албан тушаалтнуудад хөтөлбөрийн дагуу сургалт, танилцуулга хийж өөрсдийн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцах болсонд гүнээ талархаж байна.

Хятадын шүүхийн байгууллагын хөгжлийн тодорхой чиг хандлагаас манай шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд суралцаж, санаа аван өөрсдийн ажилдаа нэвтрүүлж, улмаар Монголын шүүхийн шинэтгэл, хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

БНХАУ-ын шүүхийн зохион байгуулалт, тогтолцоотой танилцах, туршлага судлах энэхүү сургалтаар ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын ерөнхий шүүхтэй танилцах, Хятадын хүрээлэн буй орчин байгалийн нөөцтэй холбоотой хэрэг шийдвэрлэх системтэй танилцах юм.

              Сургалт 2024 оны 05 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын Ардын дээд шүүх, Хятадын шүүгчдийн үндэсний коллеж, Хятадын иргэний болон арилжааны анхан шатны шүүхийн систем, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль, Цахимаар ирсэн нэхэмжлэлтэй хэргийг цахимаар шийдвэрлэх арга, Оюуны өмчийн шүүхтэй танилцаж, туршлага судална.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.201.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.