Шүүгч болох мөрөөдөлд хөтөлсөн аялал

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн жишиг ногоон танхимд өчигдөр (2024.05.29) Нийслэлийн 295 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд зочилж, шүүхтэй танилцлаа. Тэд шүүгч болон тоглож, өөрсдийн өдөр тутамд болдог маргааны зөв бурууг дэнслэв. Дэлгэцэнд үзүүлсэн дүрслэлийг үзээд буруу зөв гэсэн тэмдгээс сонгож өргөхдөө алдаа гаргахгүйг хичээн анхааралтай хандана.

 

 

       Шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүгчийн сандал, нөмрөг, хууль, алх гээд бүхий л зүйл тэдэнд сонихон байгаа нь  илт. Шүүхийн танхимд цаг гаруй саатахдаа уйдсан шинж огтхон ч алга. Ийш тийш сониучирхан харж, шүүгч зөв бурууг шийдэхдээ ингэдэг хэмээн алхаа тогшиж үзүүлэхэд “тасс” хэмээн хөгжилдөн инээлдэнэ. Шүүх хуралдааны дэг сахиулагч “цагдаа ах” ч тэдэнд бас сонирхолтой байв. Шүүх хурлын үеэр чимээ гаргаж, сахилгагүйтвэл цагдаа ах “гавладаг”гэж байна хэмээн багш нь хэлэхэд хэсэг томоотой болсноо төд удалгүй шуугилдана.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн хамтарсан сургалтын үеэр ӨМӨЗО-ны Учуань мужийн Ардын шүүхийн намын хорооны дарга, ерөнхий шүүгч Ао Дэ цэцэрлэгийн буюу 5-6 наснаас нь хүүхдийг шүүхтэй танилцуулж, тоглоомын аргаар буруу зөвийг танин мэдүүлэх, эрх зүйн боловсрол олгож эхэлдэг тухай өөрсдийн шүүхийн туршлагаасаа хуваалцсан. Цэцэрлэгийн багачуудыг шүүхтэй танилцуулах аялалд зориулж, аялалын бяцхан “галт тэрэг” хүртэл зэхсэн байх бөгөөд үүндээ өндөр ач холбогдол өгдөг нь илт. Шүүхтэй танилцах аялал нь бяцхан зочдын сонирхлыг татсан маш нарийн хөтөлбөртэй. Шүүхийн тухай хүүхэлдэйн кино, шүүгчийг дүрсэлсэн баатар, дүр гээд хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон, сонирхолтой учраас хүүхдийн танин мэдэхүйд маш үр дүнтэй сургалт болдог байна.

 

 

       Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. “Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдах нь үнэн” болохоор хүүхдийг нялх, бага гэж гололгүй, буруу зөвийг ухааруулж, эрх зүйн боловсролыг сургуулийн өмнөх наснаас нь тоглоомын аргаар олгох сайн туршлагаас Монголын шүүхэд хэрэгжүүлэхээр зорьж, шүүхийн үүд хаалгыг багачуудад нээх анхны алхмыг ийнхүү хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг санаачлан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал ажил хэрэг болгон бяцхан хүүхдүүдэд шүүхийн танхимд тоглонгоо суралцах боломжийг энэ өдөр бүрдүүлсэн юм.

Тус шүүхийнхэн хүүхдүүдийг хүлээн авахад маш их сэтгэл гаргасан нь илт байлаа. Бяцхан зочдод зориулж, шүүгчийн шар өмсгөл, буруу зөвийг дэнслэх тэмдэг, мэргэжлийн сургагч багш, хүүхдэд зориулсан хөтөлбөрийг богино хугацаанд сэтгэл гарган бэлтгэжээ. Шүүхтэй танилцаад гарахад нь хүүхдийн гар цайлгах сүү зэхэхээ ч мартсангүй.

Шүүхтэй танилцаад, сүүгээр дайлуулаад гарсан хүүхдүүд баяр хөөртэй. “Том болоод би шүүгч болно” гэж нэг нь хэлэхэд “Тэгвэл би цагдаа болно” гэсээр урам зориг дүүрэн шүүхтэй танилцсан аялалаа өндөрлөлөө.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.19.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.