“Улстөрч” сайтаас хүргэдэг “Тойрогт нь” цуврал сурвалжлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ удаа 2016 онд УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С. Батболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа нарын тойргоос сурвалжлагаа бэлтгэлээ.
Сүхбаатар дүүрэгт 2019 оны эцсийн байдлаар 38639 өрхийн 145258 хүн амьдарч байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 20 хороотой, Улаанбаатар хотын төв хэсгүүд багтсан дүүрэг юм. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд хамгийн их хүн ам буюу 1815 өрхийн 10905 хүн, дөрөвдүгээр хороонд хамгийн цөөн хүн ам буюу 3867 хүн оршин сууж байна. 2020 оны эхний хоёр сарын байдлаар ажил идэвхтэй хайж буй ажилгүй иргэдийн тоо 359 болж, өмнөх оны мөн үеэс 203 хүнээр буюу 36,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэлгүй ажилгүй иргэдээс 2-р сард 129 иргэн ажилд зуучлагдан оржээ. Тус дүүрэгт 25 төрийн өмчийн сургууль, 21 төрийн өмчийн бус сургууль, 33 төрийн өмчийн цэцэрлэг, 33 төрийн бус өмчийн цэцэрлэг, 13500 бүртгэлтэй ААН, 5200 идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААН байна.
Боловсролд анхаардаг сайд...
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нь Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6-р хороо, Багануур дүүргийн 2 болон 4-р хороод буюу УИХ-ын сонгуулийн 59-р тойргоос сонгогдсон. Тэрээр тойргийнхоо хүүхдүүдтэй уулзаж тэдний боловсролд чиглэсэн илтгэл, лекц тавьж, сургалт нилээдгүйг зохион байгуулжээ. Сонгогчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлт, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлүүлэхээр ажилллаж буй гэнэ. Мөн хүүхдүүдийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулж байна. Түүний санаачлагаар АНУ болон БНХАУ-ын Их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрийн бакалаврын болон хэлний курст хүүхэд, залуучуудыг хамруулах ажлыг зохион байгуулжээ. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн АНУ-ын Техас мужийн Вясляны их сургуулийн шалгалтанд 25 хүүхэд тэнцэж, эрхийн гэрчилгээгээ гардан авчээ.
Мөн БНХАУ-ын Чанзөү, Яаньчэн, Гуангвань, Ибин хотуудын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар “ScholarshipСhina” байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд болзол хангаж тэнцсэн 5 хүүхэд суралцах эрхийн урилгаа гардаж авсан байна. Энэ мэт тойргийнхоо иргэдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх ажлуудыг хийжээ. Авто машингүй гудамж” төслийн хүрээнд Б. Цэрэндоржийн гудамжинд байх усан оргилуурт талбайг хааж доороо хоёр давхар 1000 автомашины гудамж барихаар болж байсан. Гэтэл энэ бүтээн байгуулалт оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулж УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар хандаж тэмцэснээр хэвээр нь авч үлдэж чаджээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны хүүхдийн тоглоомын талбайг нураан барилга барих гэж байсныг зогсоож, хүүхдийн тоглоомын талбайг сэргээжээ. Иргэд: 59-р тойрогт Улаанбаатар хотын төвийн хэсгүүд багтдаг учир цэцэрлэг сургууль хүртээмжтэй. Бүтээн байгуулалт хийх шаардлага харьцангуй бага учир Д. Цогтбаатар гишүүн хүүхдүүдийн боловсролд нилээдгүй анхаарсан.
Бүтээлч, сэтгэлтэй УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргилын тойргоос
УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил нь Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10-р хороо, Багануур дүүргийн 1-р хороо буюу УИХ-ын сонгуулийн 60-р тойргоос сонгогдсон. Тэрээр 2016-2020 оны сонгуулийн мөчлөгт өөрийн тойрогтоо нилээдгүй ажил хийжээ. Оршин суугчид ч ам сайтай байлаа. Түүний сонгогдсон тойрогт очиж хийж хэрэгжүүлсэн ажлууд болон эдгээр хороодод амьдрал ямар буй талаар сурвалжиллаа.
Олон хүнтэй оюунлаг 8-р хороо
Сүхбаатар дүүргийн 8-р хороонд 1815 өрхийн 10905 хүн амьдарч байна. Тус хороонд их дээд болон ерөнхий боловсролын 20 сургууль, 6 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Төр болон хувийн хэвшлийн 700 гаруй ААНБ үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуульд хамрагдах насны 199, цэцэрлэгт хамрагдах насны 632 хүүхэд байна. Хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 1479, хөдөлмөрийн насны ажилтай иргэд 974 байна. Хорооны нутаг дэвсгэрт их дээд сургууль, оюутны хотхон төвлөрсөн. Хүн амын ихэнх хувийг дээд боловсролтой иргэд эзэлдэг, оюунлаг хороо юм.
СБД-ийн 8-р хорооны “Манай эмч” өрхийн эмнэлгийн дарга Р. Баасанням УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргилд хүсэлт гаргасны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өрхийн эмнэлэгт засварын ажил хийж ийнхүү өөрчилжээ. СБД-ийн 10-р хороонд байрлах, мэргэжлийн хяналтаас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн таван удаагийн дүгнэлт гаргаад байсан 24-р цэцэрлэгийг Ц. Мөнх-Оргил гишүүний санаачлагаар 2018 оны долдугаар сард нурааж, шинэчлэн барих ажлыг эхлүүлж 2019 онд орчин үеийн стандартаар баригдсан хамгийн том жишиг цэцэрлэг болгож ийнхүү өөрчилжээ.
Цэцэрлэг барьж, бүтээн байгуулалт хийсэн нь сайшаалтай ч тус цэцэрлэгийн орчин тойрон хогондоо дарагдсан, хуучин барилгуудаар хүрээлэгдсэн ийм нөхцөл байдалтай угтлаа. Ёстой л тэр хавьдаа ганц өнгөлөг барилга нь 24-р цэцэрлэг байв. Энэ байдлаас болж оршин суугчид хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авахад орчны бохир, хуучин барилгууд зэрэг зүйлс эвгүй сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Ядахдаа цэцэрлэгийн эргэн тойрон хэсгийг цементэн замтай болгочихвол иргэд хогоо ил задгай хаяхаа больж, хогийг цаг тухайд нь ирж ачих болов уу гэсэн бодолтой байдгаа оршин суугчид хэлж байлаа.
СБД-ийн 16-р сургуулийн гадна талбай хотын төвийн сургууль гэхэд өнгө үзэмж муутай, гаднаа хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайгүй байна гэсэн сургуулийн хамт олны хүсэлтээр УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил хөрөнгө мөнгийг улсын төсөвт суулгаж, хяналт тавиж ажилласнаар гадна орчинг ийнхүү өөрчилжээ.
Мөн Ц. Мөнх-Оргил гишүүн тойргийн иргэдтэй эргэх холбоо сайтай байхын тулд “Төлөөлөгчийн газар”-ыг нээж, тойргийн 1000 гаруй залуусыг хэлний болон бусад төрлийн сургалтад хамруулж, "М60 Ахмадын Клуб"-ээ нээжээ. Клубт эрүүл хооллолт, цэнгээнт бүжиг, иогийн хичээлүүд тогтмол явагддаг аж. Мөн уншлагын танхим, шатар даам зэрэг тоглоом тоглохоор тохижуулсан өрөөнүүдийг бэлтгэж, бүх үйл ажиллагаагаа тойргийн иргэддээ үнэ төлбөргүй явуулдаг байна. Тойргийн хүүхдүүдийг жил бүр “Шүд амны хөндийн үзлэг”-т хамруулдаг, хороодын өрхийн эмнэлгүүдэд өгсөн тоног төхөөрөмжүүдээр иргэд оношлуулаад хэвшсэн гэв. Энэ мэт нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажлыг Ц. Мөнх-Оргил гишүүн тойрогтоо хийжээ. Тойргийн иргэд ч зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцож, хүүхдүүдээ хамруулдаг, бүтээн байгуулалт хийсэн зэргийг тоочиж түүнд ам сайтай байв.
61-р тойргоос гурав дахь удаагаа сонгогдсон УИХ-ын С. Батболд
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С. Батболд нь Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хороо, Багануур дүүргийн 5-р хороо буюу УИХ-ын сонгуулийн 61-р тойргоос гурав дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Тэрээр “Сүхбаатарын Батболд” хэмээх сангаар дамжуулж нилээд ажлыг тойргийнхоо иргэдийн дунд зохион байгуулжээ. “Сүхбаатарын Батболд” сангаас 2019-2020 оны хичээлийн жилд АНУ, БНХАУ-д 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах хөтөлбөр зарлажээ. Мөн тойргийн иргэдийнхээ дунд уулзалт зохион байгуулж, шагнал урамшуулал олгож, эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, спортын уралдаан тэмцээнийг тогтмолжуулжээ.
Мөн С. Батболд гишүүн Сүхбаатар дүүргийн 13-р хороонд баригдаж байсан цэцэрлэгийн барилгын санхүүжилт зогссон байсныг шийдвэрлэж, барилгын ажлыг гүйцэлдүүлж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр тус дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт сургуулийн өмнөх боловсрол олгох анхны цэцэрлэг үүд хаалгаа нээжээ.
Гэр хороолол, орон сууц хосолсон 11-р хороо
Сүхбаатар дүүргийн 11-р хороонд очиход нэг хэсэг газарт өндөр өндөр орон сууцны хороолол сүндэрлэсэн байхад нөгөө хэсэгт гэр хороолол харагдана.
Байрны оршин суугчид автомашины зогсоолгүй.
Иргэд: Байрны гадна талбайд хүүхэд тоглох тоглоомын талбайгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрах нөхцөл бүрэлдээгүй. Хогоо ил задгай хаясан байдаг. Гэр хорооллын хэсгийг орон сууцжуулах саналтай байна. Гэр хорооллын хэсгийг орон сууцжуулах юм бол энэ хавийн амьдрах орчин хамаагүй сайжирч, ая тухтай болно гэдгийг хэлж байлаа.
Сүхбаатар дүүргийн алслагдсан хороодоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа
УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа нь Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20-р хороо, Багануур дүүргийн 3-р хороо буюу УИХ-ын сонгуулийн 62-р тойргоос сонгогдсон. 62 дугаар тойрог нь Сүхбаатар дүүргийн алслагдсан хэсэг буюу Дарь-Эх, Дамбадаржаа, Шарга морьт, Хандгайт, Яргайт орчмын зуслангийн бүс ихтэйгээрээ онцлог.
Сонгуулийн үеэр иргэд, сонгогчид тус тойрогт тулгамдаж байгаа нэн даруй шийдвэрлэх асуудал бол “сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм” гэсэн хүсэлтийг ихээр тавьж байжээ. Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хороодод шинээр цэцэрлэг барих асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа улсын төсөвт суулгаж шийдвэрлэж эхэлжээ.
Сүхбаатар дүүргийн 16, 19, 20 дугаар хороонд тус тус 280 ортой цэцэрлэг баригдаж байна. Дээрх гурван хороонд баригдаж буй цэцэрлэгүүд ашиглалтад орсноор ойр орчмын олон өрхийн хүүхдийн сурч, хүмүүжих таатай орчин бүрдэх юм.
20-р хорооны иргэд: Цэцэрлэгийг 2019 оны 9-р сарын нэгэнд хүлээлгэн өгнө гэсэн боловч одоог хүртэл барилга баригдаж дуусаагүй байна. 20-р хороонд очиход цэцэрлэгийн барилга ийм байв. Ямар нэгэн ажил явагдаж, баригдаж буй зүйлгүй байлаа.
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны иргэд: Манай энэ хавиар худаг цөөн. УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа манай тойргоос гарахдаа худгийн асуудлыг шийдэж өгнө гэж амалсан. Одоог хүртэл шийдээгүй.
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны “Цээний ам” гэдэг газарт амьдардаг иргэд усаа 5, 6 километр явж байж авдаг. Үнэхээр хүндрэлтэй байдаг гэдгээ хэлж байлаа.
Ц. Цогзолмаа гишүүн тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд анхаарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг нилээд олон удаа үзүүлж, үзлэгт хамруулжээ. Энэхүү аяны хүрээнд шээс, С вирусын гэх мэт шинжилгээ авсан. Иргэд олноороо ирж хамрагджээ. Учир нь зарим нарийн шинжилгээнүүд нилээд өндөр үнэтэй байдаг учраас тэр бүр иргэд өгөөд байж чаддаггүй. Тус аянаар бүх төрлийн шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авсан нь олны талархлыг хүлээжээ.
Сэтгүүлчийн дүгнэлт: Сүхбаатар дүүргийн хороодын ихэнх нь хотын төв хэсэгт байдаг. Хотын төвийн хороодын гадна орчин, бүтээн байгуулалт зэрэг харьцангуй сайн. Сургууль цэцэрлэг алслагдсан хороодыг бодоход хүртээмжтэй. Тиймээс тэр хэсгээс сонгогдсон гурван гишүүн хүүхдүүдийн боловсролд анхаардаг гэдгийг иргэд хэлсэн. Харин Ц.Цогзолмаа гишүүний сонгогдсон 62-р тойрог нь Сүхбаатар дүүргийн алслагдсан хэсэг буюу Дарь-Эх, Дамбадаржаа, Шарга морьт, Хандгайт, Яргайт орчмын зуслангийн бүс ихтэй. Энэ хэсгийн оршин суугчдын хувьд сургууль цэцэрлэгийн хүртээмж муу. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн цэцэрлэг хороодод бариж эхлүүлсэн ч одоог хүртэл барилгын ажлыг дуусгаж чадаагүй байна. Худгийн асуудал ч мөн энд сөхөгдсөн. Ц. Цогзолмаа гишүүний сонгогдсон тойргийн иргэд түүний хийсэн ажилд сэтгэл дундуур байлаа. Мөн Сүхбаатар дүүргийн хороодод хогны асуудал их байв. Хогийг ил задгай хаясан байхтай олон тааралдсан. Энэ мэт асуудал олон ч хийж хэрэгжүүлсэн зүйлс цөөнгүй байв.
Б. Үлэмжсаран
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин