“Тойрогт нь” цуврал сурвалжлагаар энэ удаа нийслэлийн төв хэсэг гэж хэлж болох Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х. Болормаагийн дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн гол ажлыг тайлагнаж, иргэдтэйгээ хэрхэн уялдаатай ажиллаж буйг сурвалжиллаа. Сүхбаатар дүүрэгт 2019 оны эцсийн байдлаар 38639 өрхийн 145258 хүн амьдарч байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 20 хороотой, Улаанбаатар хотын төв хэсгүүд багтсан дүүрэг юм. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд хамгийн их хүн ам буюу 1815 өрхийн 10905 хүн, дөрөвдүгээр хороонд хамгийн цөөн хүн ам буюу 3867 хүн оршин сууж байна. 2020 оны эхний хоёр сарын байдлаар ажил идэвхтэй хайж буй ажилгүй иргэдийн тоо 359 болж, өмнөх оны мөн үеэс 203 хүнээр буюу 36,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэлгүй ажилгүй иргэдээс 2-р сард 129 иргэн ажилд зуучлагдан оржээ. Тус дүүрэгт 25 төрийн өмчийн сургууль, 21 төрийн өмчийн бус сургууль, 33 төрийн өмчийн цэцэрлэг, 33 төрийн бус өмчийн цэцэрлэг, 13500 бүртгэлтэй ААН, 5200 идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААН байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х. Болормаагийн санаачлагаар дүүргийн 1-10-р хорооны хамгийн их хогтой 25 байршилд 100 сая төгрөгөөр хяналтын камер суурилуулжээ. Ингэснээр Сүхбаатар дүүрэг “Хог хаягдлын ухаалаг системтэй анхны дүүрэг болжээ. Энэ нь иргэдийг зохиомлоор хогийн цэг үүсгэдгийг болиулж, хог хаягдлын ухаалаг системийг бий болгоно гэж үзжээ.“Хог хаягдлыг ухаалаг систем”-ийг бий болгосон ч тус дүүргийн 6 болон 10-р хорооны нутаг дэвсгэрт нөхцөл байдал ийм байв. Оршин суугчид энэ хэсгийн хогны асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байдгаа хэлж байлаа. Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж буй боловч энэ ажил төдий л үр дүнтэй явагдахгүй байгаа бололтой.
Энд иргэдийн ухамсар ч харагдана. Эх үүсвэр дээр нь ангилж хаях хогийн цэгийг байрлуулсан ч гадуур нь хөгөлрүүлчихсэн байдалтай байлаа.
“Өвсний үндэс хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 17 дугаар цэцэрлэгт дотоод иж бүрэн засвар хийгджээ. Мөн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 орчим сая төгрөгөөр дээврийг зассан. Цэцэрлэг өөрсдийн нөөц боломжоороо гадна фасадаа шинэчилсэн байна. Ингэснээр энэ цэцэрлэгт хүмүүжих 250 гаруй хүүхдийн сурч, хөгжих таатай орчин бүрджээ. Уг цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулдаг эцэг эхүүд ч сэтгэл хангалуун байдгаа хэлж байлаа.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х. Болормаа 2019 онд дүүргийн 19,20-р хороог гудамжны гэрэлтүүлэгтэй болгочихвол бүх хороод гэрэлтүүлэгтэй болно хэмээн хэлж байсан. Гэсэн ч Сүхбаатар дүүргийн 7, 8-р хороогоор явахад иргэд шатсан гэрэлтүүлгүүдийг зааж, солих шаардлагатай гэдгийг хэлж байв. Зарим байрны дундуур гэрэлтүүлэггүй ч хэсэг байлаа.
Сүхбаатар дүүргийн ихэнх хороод хотын төв хэсгийг хамарсан байдаг ч тус дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20-р хороодын нутаг Сүхбаатар дүүргийн алслагдсан хэсэг буюу Дарь-Эх, Дамбадаржаа, Шарга Морьт, Хандгайт, Яргайт орчмын зуслангийн бүстэйгээрээ онцлог. Тухайн хороодод гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох зайлшгүй шаардлагатай олон газар байв. Уулын ам, бэлийг сэтлээд баричихсан хашаа, байшин байх нь энгийн үзэгдэл. Ядаж л худаг хүрэлцээ муу. 19, 20-р хороодын иргэд 5,6 км явж байж усаа авдаг. Ил задгай хаясан хог, жорлонгийн эвгүй үнэр зэрэг нь дасал болсон байдаг л зүйл. Үүнээс үүдээд хөрс бохирдож тухайн бүс нутгийн хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө. Үерийн аманд амьдардаг, үер болоход л хашаа хороо нь урсаад явчихмаар айлууд олон. Тухайн бүс нутгийн оршин суугчид дүүргийн Засаг дарга болон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн сонгуулийн үеэр л харагдсан тэрнээс хойш ахиж харагдаагүй. Дорвитой хийсэн бүтээсэн зүйл алга, амьдрал хэцүү байна ирж үзэж танилцах шаардлагатай хэлэх биш хийх хүн хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х. Болормааг иргэд ийнхүү үнэлж байна. Хийж, хэрэгжүүлсэн гол бүтээн байгуулалтыг онцолж, түүний сонгогдсон тойрог дахь иргэдийн амьдрал ямар байгааг цухас харуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Нэмж өгүүлэхэд бүтээн байгуулалт хийдэг, хийсэн ч түүнийг нь эвдэлж, гэмтээдэг харамсмаар дүр төрхийг Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах Цэрэндоржийн гудамжны тохижилтыг сүйтгэсэн байдлаас харж болохоор байлаа. Хийсэн бүтээн байгуулалтыг эвдэж сүйтгэхгүй байх нь иргэн таны үүрэг.
Б. Үлэмжсаран
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин