“Улстөрч” сайтын гол контентийн нэг “Тойрогт нь” цуврал сурвалжлагын энэ удаагийн дугаарыг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ удаа Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын гишүүн Д. Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Хууль зүй Дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүн Ц. Нямдорж, УИХ-ын гишүүн Л. Болд, УИХ-ын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын гишүүн Б. Энх-Амгалан нарын тойргоос сурвалжлагаа бэлтгэлээ.
Хан–Уул дүүрэг нь Улаанбаатар хотын баруун урд хэсэгт дархан цаазат Богд хан Уулын ар хормой, Хатан Туулын хөвөөнд оршдог. Тус дүүрэг 48500 га нутаг дэвсгэртэй, үүнээс 21.1 хувь буюу 10226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс, 67,6 хувь буюу 32763 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,3 хувь буюу 5499 га нь хот суурин, зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт хамаардаг. Хан-Уул дүүрэг нь 48940 өрхийн 178919 хүн амтай. Үүнээс 21 мянга гаруй нь гэр хороололд, 27 мянга гаруй нь орон сууцад амьдарч байна. Төрийн өмчийн болон хувийн 118 цэцэрлэг, 37 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1022 байна. Үүний 684 нь эрэгтэй, 338 нь эмэгтэй байна. 16 мянга гаруй ААН, 33 мянган толгой малтай, 391542 тахиа, 3753 гахай бүхий эрчимжсэн ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 21 хороотой.
Тойрогтоо хийсэн зүйлгүй Д. Сарангэрэл сайд
Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл нь Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 12-р хороо буюу УИХ-ын сонгуулийн 55-р тойргоос сонгогдсон. Сэтгүүл зүйн салбараас улс төрд орсон тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй нь энэ. УИХ-ын гишүүн нь хууль санаачлах, батлуулах, сурталчилах үүрэгтэй. Тэрээр 2016-2020 оны мөчлөгт “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” бие даасан хуулийг батлуулсан. Уг хуулийн хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлуулсан. Одоогийн байдлаар “Эрүүл мэндийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах болон “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нэмэлт өөрчлөлтийг оруулахаар хэлэлцүүлж байна.
Хамгийн сүүлд тэрээр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг буюу Биокомбинат орчим гэмт хэрэг, зөрчил их гардаг 9 цэгт хяналтын камер байрлуулж, гэрэл гэгээ муу байсан асуудлыг шийдвэрлэжээ. Мөн гэмт хэрэг гарч болзошгүй хэсгүүдэд хяналтын камер байрлуулжээ. Дэлхий нийтээр шинэ коронавирусийн цар тахал дэгдээд буй энэ үед тэрээр Эрүүл мэндийн сайдын албаа сайн хашсан ч өөрийн сонгогдсон тойрогтоо хийсэн зүйл иргэд сонгогчидтойгоо уулзахаас хэтэрсэнгүй. Тойргийн иргэд ч сэтгэл дундуур байлаа.
Долоо дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц. Нямдорж
Хууль зүй Дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Ц. Нямдорж нь Хан-Уул дүүргийн 11, 13, 15-р хороод болон Багахангай дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 56-р тойргоос сонгогдсон. Тэрээр УИХ-ын гишүүнээр долоо дахь удаагаа, Хууль зүй Дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нь энэ юм. Түүний хувьд “Нотариатын тухай хуульд” нэмэлт өөрчлөлт, “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх” хуульд шинэчлэсэн найруулга, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. “Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай” бие даасан хууль, “Монгол Улсын шүүхийн тухай” бие даасан хууль, “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж байна.
Зайсан дунд “хөглөрөх” гэр хороолол
56-р тойрогт Зайсангийн хэсэг орно. Зайсан гэхээр тохижилт сайтай хувийн орон сууц, загварлаг өндөр барилга, цэвэр цэмцгэр байдал хүн бүрийн нүдэнд төсөөлөгдөх биз. Зайсангийн дунд гэр хороолол байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн н. Ундрал
Манай тойргоос Ц. Нямдорж гишүүн сонгогдсон. Сонгогдсон цагаасаа хойш манай энэ хавьд хийсэн зүйл алга. Зайсанд амьдардаг гэхээр хүмүүс их гоё газар амьдардаг гэж боддог. Гэтэл яг үнэндээ ийм нөхцөл байдалтай амьдарч байна.
Түүний хувьд сонгогдсон цагаасаа хойш тойрогтоо юу ч хийж хэрэгжүүлсэнгүй. Бусад иргэд ядаж ганц царайг нь харсангүй гэх тайлбарыг өгч байлаа. Хамгийн наад захын шийдэх асуудал “Зайсан дунд сүндэрлэх гэр хороолол” байлаа.
Л. Болд гишүүний тойргоос
УИХ-ын гишүүн Л. Болд нь Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох 4, 5, 6, 7, 8-р хороод буюу УИХ-ын сонгуулийн 57-р тойргоос сонгогдсон. Тэрээр УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажилллаж байна. Түүний хувьд “УИХ-ын даргыг албан тушаалаас чөлөөлөх тухай”, “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг батлуулсан. Одоогийн байдлаар “Гэр хорооллын хөгжлийн тухай” бие даасан хуулийг санаачилж, өргөн барьсан ч хэлэлцэж эхлээгүй байна.
Түүний сонгогдсон Яармаг орчимд 11 мянга гаруй өрхийн 39 мянга орчим иргэд оршин суудаг. Орон сууцны айл бага хувийг эзэлдэг ч Туулын хөвөөнд орших уул, ус бүхий Нийслэлийн дэд бүтэц хамгийн сайн хөгжиж болох хороолол. Тэрээр тойргийн иргэд сонгогчидтойгоо уулзаж “Хашаандаа сайхан амьдаръя” сургалтыг зохион байгуулж иргэдэд хашаандаа хэрхэн сайхан амьдрах талаар мэдлэг олгожээ. Энэ мэт иргэд сонгогчидтойгоо уулзаж, жил бүр ахмад настан, амьжиргаа тааруу өрхүүдэд түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлдэг гэнэ. Мөн хэд хэдэн цэцэрлэг сургуулийн шинэ барилга болон өргөтгөлийн ажлыг хийжээ.
Нисэхээс сонгогдсон Б. Энх-Амгалан сайд
Зам, тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан нь Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16-р хороод буюу УИХ-ын сонгуулийн 58-р тойргоос сонгогдсон. Тэрээр “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн шинэчлэсэн найруулга, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн нэмэлт өөрчлөлт, “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль” зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан. “Авто тээврийн тухай хууль”-д шинэчлэсэн найруулга, “Усны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн М. Туул
Манай энд цэцэрлэг сургуулийн хүртээмж муу. Хүүхдээ цэцэрлэгт нь 4-5 буудал явж байж хүргэж өгдөг. Би уг нь дээд боловсролтой. Ажилд орох гэхээр хотын төвөөс зайдуу нисэхт байдаг гээд ерөөсөө ажилд авдаггүй. Дүүрэг болон хороондоо ажилгүй, ажил идэвхтэй хайж буй гээд бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлэхэд энэ мэтийн өдрийн 25 мянган төгрөг өгөх ажил олддог. Бид нар яг одоо “Эко цэвэрлэгээ”-ний ажил хийж байна.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байна. Иргэдийн зүгээс хүүхдээ сургууль цэцэрлэгт хамруулах талаар өргөдөл, санал хүсэлтүүд маш ихээр ирдэг байна. Тэрээр сонгогдсон тойрогтоо хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн шав тавьж, өргөтгөлийн ажил эхлүүлжээ. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын дунд байрлах 49 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийг ашиглалтанд оруулжээ. Мөн өөрийн сонгогдсон тойрог Буянт-Ухаа 2 хорооллын оршин суугч, иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу “Буянт-Ухаа 2” хороололд 280 хүүхдийн барилгыг барьж байна.
Хороо бол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх анхан шатны байгууллага. Тийм ч учир хийж буй ажил үйлчилгээ тухайн хороонд амьдарч буй иргэдэд ил тод байх хэрэгтэй. Хан-Уул дүүргээр явахад баригдаж буй сургууль, цэцэрлэг бүтээн байгуулалт мэр сэр харагдана. Эдгээр бүтээн байгуулалтууд Л. Болд, Б. Энх-Амгалан гишүүдийн тойрогт харагдана. Ц. Нямдорж, Д. Сарангэрэл гишүүдийн тойрогт хийгдсэн ажил бараг л алга. Иргэд ч түүнийг нь хэлж байсан. Хан-Уулаас сонгогдсон дөрвөн гишүүн бүгд сайдын албыг хашиж үзсэн, хашиж байгаа хүмүүс. Үүгээрээ бол сонгогдсон тойрогтоо ихийг хиймээр. Даанч тийм биш. Сайдын үүрэгт ажлаа хийж, “урсгалаараа” явахаас өөр зүйл тэдэнд байсангүй.
Б. Үлэмжсаран
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин