Энэ удаагийн “Тойрогт нь” цуврал сурвалжлагаараа Хан-Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Хан-уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлангийн тойргоос сурвалжлагаа бэлтгэлээ.
Хан–Уул дүүрэг нь Улаанбаатар хотын баруун урд хэсэгт дархан цаазат Богд хан Уулын ар хормой, Хатан Туулын хөвөөнд оршдог. Тус дүүрэг 48500 га нутаг дэвсгэртэй, үүнээс 21.1 хувь буюу 10226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс, 67,6 хувь буюу 32763 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,3 хувь буюу 5499 га нь хот суурин, зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт хамаардаг. Төрийн өмчийн болон хувийн 118 цэцэрлэг, 37 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1022 байна. Үүний 684 нь эрэгтэй, 338 нь эмэгтэй байна. 16 мянга гаруй ААН, 33 мянган толгой малтай, 391542 тахиа, 3753 гахай бүхий эрчимжсэн ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 21 хороотой.
Хан-Уул дүүрэгт 48940 өрхийн 178919 хүн амьдарч байна. Үүнээс 21 мянга гаруй нь гэр хороололд, 27 мянга гаруй нь орон сууцад амьдарч байна. Нийслэл хотын аль ч дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох зайлшгүй шаардлагатай газрууд бий. Хан-Уул дүүрэгт ч мөн адил. Орон сууцны хороолол дунд хэсэг хэсэг газар гэр хороолол байна. Мөн хотын төвөөс зайдуу орших Яармаг, Биокамбинат зэрэг газруудад гэр хороолол бий. Зайсангийн хэсэг газарт байх гэр хорооллыг дахин төлөвлөлтөд зайлшгүй оруулах шаардлагатай санагдав. Том том орон сууцнуудын дунд нураад уначихсан хашаа, ойр ойрхон барьчихсан жорлонгууд, энхэл донхол газар, тоос шороо босгосон бохир орчин угтсан. Энэ дунд хүүхдүүд тоглон гүйлдэж байлаа. Яаж ч бодсон хүүхэд өсөж том болоход эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар.
Хан-Уул дүүргийн засаг дарга Ж. Алдаржавхлан тус дүүргийн 9, 10, 13-р хороод буюу гэр хороололтой хороодоос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ-ын төлөөлөгч нь тухайн сонгогдсон тойргийн иргэдийн асуудал санал хүсэлтийг нийслэлд уламжилж шийдүүлэх үүрэгтэй. Гэтэл Хан-Уул дүүргийн 9, 10, 13-р хороодоор явахад бусад газрын л гэр хорооллууд шиг байдалтай. Хөрсний бохирдолтой, тоос шороо боссон, хогоо ил задгай хаясан, гудамжны гэрэлтүүлэг муутай орчин угтав.
Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэн Б. Ичинхорлоо
Дүүргийн Засаг даргаа харж байгаагүй. Хийсэн бүтээн байгуулалт миний мэдэхээр алга даа. Үнэхээр энэ хэсгийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулаад орон сууцжуулна гээд ирвэл би лав нааштай хандана.
Хан-Уул дүүргийн 10-р хорооны иргэд
Манай дүүргийн Засаг дарга энүүгээр ирж амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж байсныг би лав мэдэхгүй. Амьдрах орчин ийм байдаг юм аа гэхэд ядаж л ажил хиймээр байна. Уг нь дүүрэгтээ ажилгүй гээд бүртгүүлчихсэн байдаг. Энэ хэсэг хотын төвөөс зайдуу учир ажлын байр хомс. Хотын төвд ажилд орох гэтэл хол гэх шалтгаанаар авдаггүй гэцгээж байлаа.
Түүний ажлыг иргэд ийнхүү дүгнэж байна. Харин хийж бүтээсэн том ажил гэвэл ерөнхий боловсролын сургууль 2, цэцэрлэг 6 шинээр ашиглалтад оруулжээ. Мөн Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавьж, 1-р хороонд 1600 мкв талбайг цэцэрлэгжүүлж, 13 дугаар хороонд “Янгирт” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, усан оргилуур шинээр байгуулан 3600 мкв талбайд ногоон байгууламж зүлэгжүүлэлт хийж, 10 төрлийн 65 ширхэг амьтны баримал хийж байршуулжээ. Хан-Уул дүүргийн гэр хорооллын асуудлыг шийдэж дахин төлөвлөлтөд оруулж чадвал жишиг дүүрэг болж чадахаар нийслэлийн нэгээхэн өнгө төрхийг харуулсан дүүрэг. Энийг иргэд хэлж байсан. Мөн очиж байдлыг харж сурвалжилсан сэтгүүлч миний зүгээс удирдлагуудад хандах хэлэх нь зүйн хэрэг.
Б. Үлэмжсаран
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин