Нийслэлийн төсвийн 45 сая төгрөгөөр ФЭЙСБҮҮК УРАЛДААН зарласнаас өөр ҮР ДҮНГҮЙ хотын ерөнхий төлөвлөгөө
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-12-16

Өнөөдрийн Улаанбаатар хотод үүсээд буй түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын гол хүчин зүйл нь хязгааргүй тэлэлт, замбараагүй төлөвлөлттэй шууд хоблоотой. Улаанбаатар хотын хаяанд хэн ч, хаана ч хамаагүй ирээд буудаг. Тэндээ суурьшлын бүс тогтоодог хязгааргүй тэлэлт үүссэн. Сүүлийн жилүүдэд  асар хурдтай явагдаж буй өөрчлөлт шинэчлэлт тэр дундаа хүн амын өсөлт, техник технологи, эдийн засгийн уналт, тогтворгүй байдал нь хотын хүн ам, нийгэм эдийн засаг, уур амьсгал, хүрээлэн буй орчин, газар ашиглалт, барилгажилт, зам тээвэр, инженерийн дэд бүтэц, зам тээврийн сүлжээ зэрэг голлох салбаруудад шууд нөлөөллөө эерэг болон сөрөг байдлаар үзүүлж байна.

Иймд одоогийн  өөрчлөлт хувьсалтай уялдсан ирээдүйн чиг хандлагыг оновчтой олж харсан “Ерөнхий төлөвлөгөөний концепц” боловсруулах ажил нь он цагийн хувьд ч нийгмийн хэрэгцээ шаардлагын хувьд ч зайлшгүй болсон. Тийм учраас Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын харааг мэргэжлийн хүмүүс, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар гаруй хугацаанд зарласан. Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авсан. Мөн https://www.facebook.com/UB2040/ page хуудсаар дамжуулан like, share-ээр иргэд, олон нийтийн үнэлгээг авсан байна.  Уг уралдааныг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулсан байна.

Монгол улсын Улаанбаатар хотын анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад 4 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/149 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/” боловсруулах шийдвэр гарч Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн /одоогийн Хот Төлөвлөлт, Судалгааны Институт/ ОНӨААТҮГ нь “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА”, “КОНЦЕПЦ”, “ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” гэсэн гурван үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”-г 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн. Бид Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн захирал Ч.Рэгзмаатай утсаар холбогдож тодруулахад “Олон судалгаа хийгдэнэ. Үүний үр дүнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргана. Нийтдээ 1,4 тэрбум орчим төгрөгийн төсвөөр энэ ажлыг хийнэ” гэсэн юм. 2017 оны байдлаар дэлхийн хотжилтын түвшин 56 хувьтай байхад Монголд энэ үзүүлэлт 67,6 хувьтай байна. Улаанбаатар хотыг 5 удаагийн Ерөнхий төлөвлөгөөгөөр 1954 онд: 130 мянга хүн амтай, 1961 онд: 230 мянга хүн ам, 1976 онд: 600 мянган хүн амтай, 1986 онд: 750 мянган хүн амтай, 2002 онд: 1.6 сая хүн амтай байхаар төлөвлөсөн байдаг. 5 дахь ерөнхий төлөвлөгөө 2002 онд баталсан бөгөөд 2013 онд тодотгол хийж УИХ-р батлагдсан байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.231.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.