“Мон-Арна” ХХК-ийн ХУУЛЬ ЗӨРЧИЖ барьсан барилгад Хотын Ерөнхий архитехтор ХОЛБООТОЙ юу...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-12-18

Гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн төрийн бодлогын улмаас барилгын компаниуд борооны дараах мөөг шиг олон болж өндөр нам, том жижиг олон арвин байшин, орон сууц хотын төвд үй олноороо сүндэрлэн босож байна. Зарим нь ч цэвэр тохилог гэж янзтай. Гэхдээ оршин суугчид, иргэдийнхээ ая тухтай байдлыг бүрэн хангаж чаддаггүй “хулхины” барилгууд олон болсон.  Явган хүний замгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, цэцэрлэгт байгууламжгүй, тэрчлэн оршин суугчдын гол хэрэгцээ болсон автомашины зогсоол гараашгүй  зэрэг зөрчилтэй барилгын хууль зөрчсөн, норм норматив алдагдсан барилгууд ч олширсоор байна. Үүний нэг тод жишээ бол Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд “Мон-Арна” ХК-ийн барьж буй “Тэнүүн-5” нэртэй 60 айлын 11 давхар орон сууцны барилга юм.

Уг орон сууцны барилга нь Барилгын тухай хуулийн 14.2.Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна гэсэн заалтыг зөрчсөн. “Хот төлөвлөлтийн тухай хуулийн 12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоолтой  байна гэснийг зөрчжээ. Мэргэжлийн байгууллагууд нь ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨГҮЙ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВААГҮЙ байхад айлуудаа оруулж, ЛИФТЭЭ хөдөлгөчихсөн нь “МАШ НОЦТОЙ” зөрчил. Түүнчлэн дутуу зай талбайтай жижигхэн байр иргэдэд худалдаж БУСДЫГ ХОХИРООДОГ байсан нь шүүх дээр хүртэл маргаан дагуулж байжээ.

Цагаан дээр хараар бичсэн МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ийм барилгад хаанаас, хэн ямар зөвшөөрөл өгсөн талаар бид сурвалжлан хүргэж байна...

Хамгийн эхлээд Анх энэ барилгыг барих зөвшөөрлийг хэн өгсөн талаар  Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг  “Хот байгуулалт хөгжлийн газар”-тйа холбогдож тодруулахад “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 сарын 27-ний А/255 дугаартай захирамжаар 550м2 газрыг орон сууцны зориулалтаар “Мон-Арна” ХХК-д олгосон. Манай байгууллагад  2020 оны 01 сарын 30-нд тус компаниас барилга барих хүсэлт ирүүлсэн. Энэ газарт өмнө нь 2016 онд 10 давхар орон сууцны барилгын зураг гарсан. Түүнийгээ 11 давхар болгох хүсэлт ирүүлсэн байна. 2020 оны 05 сарын 20-нд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгдэж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулсан. Газар олголтын мэргэжлийн зөвлөлийн 27 –р хурлаар дэмжигдэж “Мон-Арна” ХХК-д 11 давхар барилгын архитехтур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна. Тухайн орчинд газар чөлөөлөлт хийж авто зогсоол байгуулах ёстой” гэсэн тайлбарыг   Баянзүрх дүүрэг хариуцсан хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Энхнарантай тайлбар хийлээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар” -ын барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржоос тодрууллаа. Энэ газар нь “нийслэлийн иргэдийн ая тухтай орчны, аюулгүй байдлыг хангах, хотын стандарт норм дүрмийг боловсруулж мөрдүүлэх, хяналт тавих зорилготой” мэргэжлийн байгууллага юм. Тэрбээр “Уг барилгад улсын комисс ажилласан. Гэхдээ байнгын ашиглалтад оруулна гэсэн зөвшөөрөл гараагүй. Яг таны ярьж хөндөж байгаа асуудлыг очиж танилцаад анхааруулга өгсөн. Анх зураг төсөл нь яаж гарсан юм, цааш нь яаж өргөтгөх боломжтой вэ гэдэг талаар зөвлөгөө өгсөн. Стандартын шаардлага хангаагүй байна үүнийгээ нэмэгдүүл гэсэн чиглэл өгсөн” гэв.

Тухайн барилга байгууламжид ямар шаардлага хангах ёстой байдаг талаар Барилгын хөгжлийн төвийн Норм, Нормативын хэлтсийн даргаас тодруулахад  “Хот байгуулалтын тухай хуульд зааснаар  орон сууцны барилгад оршин суух нийт айл өрхийн 70 хувьд хүрэлцэх хэмжээний ил болон далд зогсоол байх ёстой гэсэн журам бий. А-гийн даалгаварыг нь нийслэл батлахдаа л тийм шаардлаа хангасан зураг, даалгаварыг мөрдүүлэх ёстой. Үүнийг зөрчвөл барилга баригдах ёсгүй. Хэрэв ийм барилга баригдвал нийслэл газар нь өөрөө хариуцлага хүлээнэ. Бидний зүгээс норм нормативийн дээд хязгаарыг л батлаж өгдөг” гэв.

Зөрчилтэй барилгыг УЛСЫН КОМИСС хүлээж авах ёсгүй. Гэвч зөрчилтэй барилгууд олон байна. Улсын комиссын ажлын хэсгийн хуваарийг баталдаг Нийслэлийн Хот байгуулалт байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Сүхбаатартай холбогдоход “Ийм зөрчилтэй барилгыг улсын комисс хүлээж авахгүй. Хууль зөрчсөн бол хүлээж авахгүй. Энэ мэдээллээ өгч шалгуулах ёстой” гэв.

Мэргэжлийн байгууллага үүнд ямар оролцоотой байдаг вэ... Тэд юу хийдэг талаар  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ендонгоос тодрууллаа.

“Анх эхлэж зөвшөөрөл өгсөн байгууллага нь хариуцлага хүлээх ёстой. Манай байгууллагаас шалтгалт хийгээд явдаг. Улсын комиссын бүрэлдэхүүнд ороод зөрчил илрүүлээд хэлэхээр тоодоггүй. Нийслэлээс Улсын комиссыг нь томилдог учраас бид хүчгүйддэг. Иргэдийн амьдрах нөхцлийг ийм байдлаар зөрчиж байна гэхээр Нийслэлийнхэн шууд хүлээж авдаг. Дараа нь асуудал үүсэхээр мэргэжлийн хяналтынхан зөвшөөрсөн юм чинь гээд алдааг нь, буруугаа бидэн рүү хэлдэг” гэв.

Ямартай ч нийслэлд баригдах бүх барилгын зөвшөөрлийг “ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕХТОР”  нь хариуцаж, тэрчлэн хяналт шалгалт хийх үүрэгтэй юм. Гэвч энэ үүргээ биелүүлдэг эсэх нь тодорхойгүй.

Хотын иргэдийн байранд орох гэсэн хүсэл дээр тоглолт хийж дутуу, стандартын шаардлага хангаагүй барилга барьсан компанид зөвшөөрөл өгч олон иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа Хотын ерөнхий архитехтор Ц.Тулга болон “Мон-Арна” ХХК-ийн удирдлагууд ИЧИХ НҮҮРЭНДЭЭ ЭЛЭГ НААХ хэрэгтэй... Эдэнд хариуцлага тооцъё. Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийслэлийн хэмжээнд Хот байгуулалтыг газар, орон зайн төлөвлөлт, дахин төлөвлөлт, мэдээлэл болон барилгын зөвшөөрөл, хяналтаар хэрэгжүүлэгч байгууллага байх эрхэм зорилготой нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг гэдгийг Тус байгууллагын дарга, Хотын Ерөнхий архитехтор Ц.Тулга өөрийн мэндчилгээндээ тодотгожээ. Тэгэхээр нийслэлд баригдаж байгаа барилгуудад ХЯНАЛТ ТАВИХ үүрэг хүлээдэг гэсэн үг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.