Д.Алтанхуяг: Исэлдсэн хүдрийн овоолгын нөөц тогтоох судалгааны аргачлал нь анхны, шинэлэг ажил болсон
Ярилцлага
/
2022-04-12
 Эрдэнэт үйлдвэр исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийн овоолгуудаа ашиглах, уусган баяжуулах технологиор цэвэр зэс үйлдвэрлэх төслийг хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан. Исэлдсэн хүдрийн овоолгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нөөц тогтоох судалгаа анх удаа хийгдлээ. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуягтай ярилцсан юм. 

Монголд үүсмэл орд ашиглах эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ? 

-Үүсмэл орд гэдэг ойлголт нь техноген буюу хүний үйл ажиллагаатай холбоотой, уул уурхайн ашиглалтын улмаас үүссэн чулуулгийн хуримтлал нь эргээд эдийн засгийн үр ашигтай болохтой холбоотой ойлголт байдаг. Тэгэхээр үүсмэл орд нь аль эртнээс хүмүүс уул уурхайн олборлолт явуулж ирсэн үетэй холбоотой боловч манай эрх зүйн хувьд нэлээд хожим буюу 2016 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “Үүсмэл орд”-ын талаар тодорхой заалтууд орсон. Улмаар 2017 онд, хүний үйл ажиллагаагаар үүсэж бий болсон байгалийн баялгийг хэрхэн ашиглах, олборлох зохицуулалтын талаар Засгийн газрын тогтоолоор хоёр журам батлагдсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр бидний ярьж заншсанаар овоолго гээд байгаа зүйлийг эрх зүйн хувьд нь зөв ашиглая гэвэл Засгийн газрын 2017 оны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Энэ тогтоолоор, хэрвээ үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа бол нөөц нь тодорхой байх ёстой гэдэг асуудал тавьдаг болсон.

Нөөц нь тодорхой байхад ТЭЗҮ боловсруулаад хэрхэн яаж ашиглах тухай асуудал яригдах юм. Тиймээс бид овоолгыг судлах, нөөц тогтоох төлөвлөгөө боловсруулж, исэлдсэн хүдрийн 8А, 12-р овоолго дээр 2021 оны хоёрдугаар сараас эхлээд тавдугаар сар хүртэл өрөмдлөг, судалгаа хийсэн.  

-Овоолгын судалгааны онцлог юу байв? 

-Овоолго үүссэн зүй тогтолтой нь уялдуулан, тухайн он болгонд нь зориулж судалгаа хийсэн. Учир нь исэлдэлт гэдэг нь манайх шиг дөрвөн улиралтай оронд газрын гадаргуугийн өөрчлөлт буюу цас, бороо, хөлдөлт, гэсэлт зэрэг олон нөхцөлөөс үүдэлтэйгээр зэсийн хүдрийн шинж чанар нь жилийн жилд өөрчлөгдөх боломжтой. Ийм учраас 2005 оны овоолго ямар шинж чанартай болсон юм, харин 2017 оных нь ямар байна, 2020 оных нь гаргаж тавьсан мэдээнээсээ өөрчлөлт орсон эсэхийг “он” болгонд тус тусад нь өрөмдөж, овоолгын ёроолд хүрч, нэвтэртэл нь тодорхой түвшин бүрээс үе шаттай дээж авч судалсан. Ер нь Монголын уул уурхайн түүхэнд зэсийн ордын овоолго дээр системтэй өрөмдлөг, уусгах туршилт хийсэн шинэлэг, анхны тохиолдол гэж хэлж болно. Нийтдээ 35 цооногийг 70 гаран метр гүнтэй, нийт 700 гаруй тууш метр өрөмдөхдөө тухайн овоолго үүссэн он тус бүрд нь судалгааны ажил явууллаа. Өмнө нь “Ачит Ихт” компани манай 2-р овоолгын нөөцийг тогтоон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хамгаалсан. Тэнд тодорхой хэмжээний өрөмдлөг судалгаа хийсэн байдаг. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр дэлхийн жишигт нийцүүлэн илүү нарийвчлалтай, нэг бүрчлэн, ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй, дэс дараатай судалгаа хийсэн.

-Үр дүнгээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэзээ хэлэлцүүлэх вэ?

-Судалгаа шинжилгээний хүрээлэн маань өрөмдлөгөөс авсан дээжид тухайн жил тутмын овоолго тус бүрд нь исэлдлийн зэрэг тогтоох, мөн тусад нь уусгалтын нарийвчилсан судалгаа хийхэд зургаан сарын хугацаа шаардсан. Өнгөрсөн нэгдүгээр сард туршилтын үр дүнгийн тайлангаа эцэслэн нэгтгээд ирүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны А/566 тоот тушаалаар 8А, 12, 2Б овоолгын нөөцийг тооцоолоод, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын нөөцийн нэгдсэн санд исэлдсэн хүдрийн үүсмэл ордын нөөцийг бүртгэлжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг надаар ахлуулсан. Ажлын хэсэгт Геологи маркшейдерийн хэлтэс, Судалгаа шинжилгээний хүрээлэн, Геологи хайгуулын экспедици, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Ил уурхай гээд холбогдох нэгжүүдийн мэргэжилтнүүдийг оролцуулан ажиллаж байна. Үр дүн нь үндсэндээ цэгцрээд байна. Өнөөдөр миний ширээн дээр овоолгын нөөцийн тайлан төсөл бэлэн болсон. Стратегийн ордын нөөц, ТЭЗҮ-тэй холбоотой асуудал дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар хөндлөнгийн шинжээч томилж, дүгнэлт гарсны үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцдэг. Ийм учир Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар шинжээч нар томилогдсон, тэдэнтэй албан ёсны гэрээ байгуулж байж ажил эхлэх ёстой. Энэ долоо хоногт албажих болов уу гэсэн хүлээлттэй байна. 

-Энэ нь Эрдэнэт үйлдвэр катодын зэсийн үйлдвэр барих ажлын бэлтгэл гэж ойлгож болох уу?  

-Тийм ээ, бэлтгэл бөгөөд гол ажил нь нөөц, хүдрийн чанар буюу исэлдэлтийн хэмжээ, металл авалтыг тогтоох юм. Эрдэнэт үйлдвэрээс жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар ТЭЗҮ боловсруулахаар ажиллаж байгаа. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийг тойрсон Зэс-Эрдэнийн хувь, Ачит Ихт, Эрдмин зэрэг компанид бүгдэд нь овоолгын нөөцийн асуудал хамааралтай. Исэлдсэн хүдрийн овоолгын хувьд үр дүн гарах нь хаяанд ирчихлээ. Албажаагүй учраас тодорхой тоо ярих боломжгүй. Хоёрдугаар улиралд багтаад нөөцийг албажуулна. Энэ удаа исэлдсэн хүдрийн овоолгын талаар ярьж байна. Гэтэл ядуу агуулгатай хүдрийн овоолгыг судлах асуудал бас бий. 

-Исэлдсэн хүдрийн овоолго, ядуу агуулгатай овоолгын ялгаа юу вэ? 

-Энгийн үгээр бол хүчилтөрөгч, агаарын хэм, усны хими, физикийн шинж чанараас хамаарч зэсийн сульфидын хүдэр задарч өөр нэгдэлд хувирч исэлддэг. Хөвүүлэн баяжуулах үйлдвэрт баяжигдах боломж маш муу, тийм чанаргүй болсон байдаг. Иймээс өөр технологиор буюу уусгах замаар ашиглаж болох учраас тусад нь овоолсон хүдрийг бид исэлдсэн хүдэр гэж нэрлэдэг. Харин ядуу хүдрийн овоолго гэдэг бол зэсийн агуулга нь ойролцоогоор 0.25 хувиас бага бөгөөд исэлдэлт багатай хүдрийг тусад нь овоолсныг хэлдэг. Энэ нь хүдэр мөн боловч ядуу агуулгатай учраас эдийн засгийн ач холбогдолгүй гэсэн үг. Нөгөө талаар олон жилийн турш овоолго байдалтай байснаас исэлдсэн байх бололцоотой. Зэсийг нь ялгаж авах боломжтой эсэх нь хараахан нарийвчлан судлагдаагүй байна. Тиймээс ирэх жилүүдэд ядуу агуулгатай сульфидын хүдрийн овоолгуудыг судлах шаардлагатай. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал яригдана. Зарим хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн овоолгуудыг бүгдийг нь шууд ашиглах боломжтой мэт хардаг. Гэтэл ашиглах боломжтой нь өнөөдөр 8А, 12, 2Б. Бусад нь одоогоор тодорхойгүй. Эрх зүйн хувьд ч, судалгааны түвшний хувьд ч тодорхой биш. Харин одоо үйлдвэрийн нөөцийг овоолгоор, нөгөө үгээр бол үүсмэл ордоор нь нэмэгдүүлэх боломж гарч байгаа.

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, катодын зэс үйлдвэрлэх төсөл хэрэгжиж байна. Тэгэхээр цаашид овоолго нэмэгдэх үү? 

-Би зөвхөн гаргаад тавьчихсан овоолгын тухай ярьж байгаа. Уурхайгаас ирээдүйд гарах хүдрийн хувьд өөр асуудал. Өнгөрсөн 2021 оны 12-р сарын 10-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ордын нөөцийг шинэчлэн баталгаажуулсан. Тэр дотор, ялангуяа Төвийн ордын исэлдсэн хүдэр, мөн сульфидын хүдэр хамтдаа тооцоологдсон. Уурхайгаас авч чадах нөөц буюу үйлдвэрлэлийн нөөцийг ордын олборлох ТЭЗҮ-ийг шинэчилснээр тодорхой болно. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өргөн цар хүрээтэй ажилладаг ТЭЗҮ боловсруулах компанийг сонгон шалгаруулах ажиллагаа явагдаж байна. Үүний дараа уурхайгаас гарах исэлдсэн хүдрийн хэмжээ илүү тодорхой болох боломжтой. 

Нэмж хэлэхэд манай ордын зүүн урд зүгт, холгүй, тодорхой зүй тогтлоор үүссэн Оюут гэж орд бий. Стратегийн ордын талбай дотор байгаа Оюут ордыг Эрдэнэт үйлдвэрт авах асуудлыг сүүлийн үед эрчимтэй хөөцөлдөж байна. 

-Засгийн газар зөвшөөрвөл тэнд нарийвчилсан судалгаа хийх үү? 

-Тэгнэ. Засгийн газрын тогтоолоор талбайн хил зааг тогтоон, тодорхой координат бүхий талбай дотор Оюут орд байгаа учраас стратегийн ач холбогдолтой Эрдэнэт үйлдвэрийн газарт судалгаа хийх, ашиглалтад бэлтгэх зүй ёсны шаардлага бий. Бид тойм судалгаа буюу газрын хэвлийг хөндөхгүйгээр, гадаргуугаас нь хөрсний дээж аваад, геологийн зургийг илүү нарийвчлалтай зураад бэлтгэчихсэн байгаа. Ямар нэгэн байдлаар зөвшөөрөл гарсан тохиолдолд бид Оюутын нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлнэ. Үүнийг төлөвлөгөөнд тусгасан. Энэ ордын дээд хэсгээс мөн исэлдсэн хүдэр нэлээд гарна гэж тооцож байгаа тул цаашдаа энэ ордоос уусгах хүдрийн нөөцөөр хангах ирээдүй бий. 

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.105.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.