Г.Чимэдлхам: Залуусаа сонсдог өдөртэй болъё
Ярилцлага
/
2022-04-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбооны VII чуулган саяхан болж, шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ хэлэлцэн баталж, удирдах зөвлөл болон хариуцлагын зөвлөлийн сонгууль явагдсан. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 60 гаруй хувийг эзэлж буй залуусыг нэгтгэсэн Залуучуудын холбооны Тэргүүнээр Цахилгааны цехийн Телемеханикийн хэлтсийн инженер Ганхуягийн Чимэдлхам сонгогдсон юм. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Удирдах зөвлөлийнхөө анхны хуралдааныг хийх, Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн илтгэлийн уралдаанд оролцох гээд завгүй байхад нь таарч, түүнтэй цөөн хором ярилцлаа.    

-Залуучуудын холбооны Тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Баярлалаа. Залуучуудынхаа дуу хоолой болж сонгогдсондоо их баяртай байна.   Намайг Ганхуягийн Чимэдлхам гэдэг. Айлын бага хүүхэд. Дээрээ ах, эгч хоёртой. Аав маань Баяжуулах үйлдвэрт тээрмийн машинч, ээж минь краны машинчаар ажиллаж  байгаад гавьяаны амралтад гарсан. Баяжуулагчид аавыг маань волейболын Ганхуяг гэхээр андахгүй. Волейболын спортын мастер хүн байдаг.  Би айлын бага хүүхдийн жишгээр Эрдэнэтдээ гал голомтоо бадрааж, аав, ээжийнхээ залгамж халаа, удам дагасан уурхайчин болсон доо.    

-Мэргэжлийн сургуулиа хаана төгссөн бэ? 

-Эрдэнэт хотын нэгдүгээр сургуулийн химийн гүнзгий ангийг эмч болох сонирхолтой төгссөн. Явцын дунд сонирхол өөрчлөгдөөд, ОХУ-ын Эрхүү хотын Технологийн их сургуулийг 2013 онд цахилгаан автоматикийн инженер мэргэжлээр, магистрын зэрэгтэй цуг хамгаалж төгссөн. Хойно сурч байх хугацаандаа ажиллахын зэрэгцээ ОХУ-д сурдаг Монгол оюутны холбооны дарга хийдэг байлаа. Манайхан гол төлөв төмөр зам, эдийн засаг, анагаахын сургуулиудад, цэргийн академиудад суралцдаг.   

-Олон нийтийн сонгуульт ажлын туршлагатай юм байна. Эрдэнэт үйлдвэрт хэзээ ажилд орсон бэ? 

-2013 онд 11-р сарын нэгэнд.Өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орох гээд ХМТАЦ, Технологийн сургуульд шалгалт өгч байсан. Технологийн сургуульд хэд хоног багшлаад гарсан. Үе тэнгийнхэндээ, бүр ах, эгч нарт хичээл заах эвгүй юм билээ. Сүүлд Цахилгааны цехэд шалгалт өгөөд тэнцсэн дээ. 

Орсноосоо хойш олон хэсэг дамжин ажилласан. Сүүлийн үед Телемеханикийн хэсэг дээр тогтвортой ажиллаж байна. Хажуугаар нь Цахилгааны цехийнхээ Залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажилладаг.  

-Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны VII чуулганд очихдоо л өөрийгөө “сойё” гэсэн бодолтой байсан уу? Зарим нь тун зохион байгуулалттай нэр дэвшиж байгаа ажиглагдсан?  

-Чуулганд нэр дэвшье гэсэн бодолгүй очсон. Бэлдсэн юм байхгүй, бор зүрхээрээ явсаар гарсан даа. Нийт долоон хүн нэр дэвшсэн. Би бол нам бус. Залуу хүний хувьд бодож явдаг зүйлээ, тулгамдсан асуудлаа ярьсан. Тэнд цугласан залуус намайг их дэмжсэн л дээ. Гэнэтийн сонголт байсан гэж хэлж болно.  

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчин залууст ямар асуудал тулгамдаж байна? 

-Сургалт дутмаг. Тэр тусмаа гадаад, дотоодод мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг ахиулах сургалтад хамрагдах боломж хүртээмжтэй биш. Байсан ч ил тод байдаггүй. Нэг л мэдэхэд хэн нэгэн сонгогдсон, явсан байх жишээтэй. Цалингийн асуудал. Залуучуудын холбоо цалин шийддэг байгууллага биш. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлд саналаа уламжлаад, хүчээ нэгтгээд ажиллавал болно. Залуусынхаа дуу хоолой нь болоод тууштай явбал боломж бий гэж боддог. Тэгээд спиртлэг биш спортлог байцгаая гэж уриалсан. Би өөрөө аавыгаа дагасан волейболын спортын хүн. Залуучуудыг спортод дуртай, хайртай, цаг заваа зориулдаг, хөгждөг байгаасай гэж хүсдэг. Эрдэнэт үйлдвэрт ажилладаг залуусын гэр бүл Спорт цогцолбор болон Соёл, урлагийн цогцолборын секц, дугуйланд бидэнтэй адилхан хамрагдах эрх нь нээлттэй байгаасай. Хүүхдүүдийг соёл, урлагаар  багаас нь хүмүүжүүлдэг байгаасай. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь залуус байна. Тусгайлсан бодлого хэрэгтэй. Дараагийн асуудал нь залуус үзэл бодлоо, санаж сэдсэнээ үйлдвэрийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлэхээс эмээдэг. Хаалт ихтэй. Тэгэхээр залуусаа сонсдог өдөртэй болъё. Пүрэв гараг ХАБЭА-н өдөр гэдэг шиг. Цехийн дарга, удирдлагууд залуучуудынхаа санал бодлыг ямар ч хориг хаалтгүй сонсдог байх нь их чухал. Индэр дээр иймэрхүү хэдэн санаа ярьж залуусынхаа дэмжлэгийг авсан.  

-Өөрийн тань хувьд онцгой үед Залуучуудын холбоог тэргүүлэхээр боллоо. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж, шинэ залуу ажилтнууд хүч түрэн орж ирсэн. Эрдэнэтийн уурхайчдын 60 гаруй хувийг бүрдүүлдэг, хамгийн өнөр бүлийн хөгжил, нэгдэл танай удирдлагын багийн үйл ажиллагаанаас шууд шалтгаална. Юу бодогдож байна? 

-Бид Залуучуудын холбооныхоо бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Шинэ залуу үеийнхэн шинэ баг бүрдүүлэх хэрэгтэй, маш эрч хүчтэй ажиллах ёстой. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Хамгийн түрүүнд төлөвлөсөн ажил бол Монголын Залуучуудын холбоотой хамтраад тавдугаар сарын эхээр залуусынхаа боловсролд бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс лекторууд, урлагийн одуудыг урьж, холбооны үйл ажиллагааны нээлтээ албан ёсоор хийхээр бэлтгэж байна. Залуус маань ажилдаа орчихсон. Зар сурталчилгаагаа бэлтгээд ажиллаж байна. Залуучуудын холбооны удирдах зөвлөл болон хариуцлагын зөвлөлийн гишүүдээ олон нийтэд танилцууллаа. Ажилдаа эрч хүчтэй ороод явж байна даа. 

-Уурхайчин залуустаа хандаж юу хэлэх вэ?  

-Намайг болон манай багийг итгэж сонгосонд баярлалаа. Итгэлийг зүтгэлээр хариулна аа. Ярихгүй, хийж үзүүлнэ. Үйлдвэрийн газрын удирдлагын багийнхан залуусаа дэмжинэ гэдэгт итгэж байна. Залуус маань бидний зохион байгуулах үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой, тууштай дэмжээрэй. 

-Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.