Ацетилены хийгээр барилгын болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хийн гагнуураар металл бэлтгэх, боловсруулах, зүсэлтийн ажлуудыг үйлдвэрлэлийн 20 цех нэгж гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас хилийн хориг, тэсэрч дэлбэрэх галын аюултай химийн бодист тавигдах шаардлага өндөрсөж, олдоц ховордсоноос цех, нэгжүүдийг ацетиленаар хангахад хүндрэл учрах болсон. Карбид кальцийн үнэ өсөж, олдоц ховордон, нийлүүлэлт тасалдаж буй өнөө үед ацетилены хийг нефтийн шингэрүүлсэн пропаны хийгээр тодорхой хувийг орлуулах судалгаа-туршилтыг Ус хангамжийн цех, Засвар механикийн заводын Металл хийцийн хэсэг хамтран хийж байна. Энэ талаар Ус хангамжийн цехийн Ерөнхий инженер Б.Баянбатаас тодрууллаа.
-Пропаны хийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсон шалтгаан нөхцөлийн талаар тодорхой тайлбарлана уу?
-Манай цехийн үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүний нэг нь ацетилены хий байдаг. Эрдэнэт үйлдвэрийн засварын ажилд, металл зүсэх, боловсруулах гагнуурын ажилд хэрэглэгддэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд коронавируст цар тахлын улмаас ацетилены хийг үйлдвэрлэхэд ордог үндсэн түүхий эд болох карбид кальцийн нийлүүлэлт багасаж, олдоц ховордсон. Үүнтэй холбоотой ацетилены хийн тодорхой хувийг өөр зүйлээр орлуулах техникийн шийдэл, гарц гаргалгааг судлах үүргийг Механикийн хэлтсийн зүгээс бидэнд өгсөн. Үүний дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг ацетилены хийн хэрэглээг бууруулж, металл бэлтгэх, боловсруулах, зүсэлт хийхэд пропаны хий буюу нефтийн шингэрүүлсэн хийг ашиглах зорилготой судалгаа-туршилт хийж, Механикийн хэлтэс, Хөгжлийн хэлтэстэй хамтран төсөл боловсруулаад ажиллаж байна.
-Судалгааны ажлын үр дүн гарсан уу?
-Судалгааны ажил ид явагдаж байна. Пропаны хийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үндсэн түүхий эдийн олдоц муу байгаа ацетилены хийн хэрэглээ багасна гэсэн үг. Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар 35-40 мянган м3 ацетилены хий үйлдвэрлэж, цех, нэгжүүдийн хэрэгцээг хангадаг. Ацетилены хийн нийт хэрэглээний 50 хүртэл хувийг нефтийн шингэрүүлсэн хий буюу пропаны хийгээр орлуулах боломжийг бид судалж байна. Энэ судалгааны ажлын хүрээнд 120-130 мм хүртэл зузаантай ган лист, бусад бэлдэц, эд ангиудыг зүсэх туршилт, судалгааны ажлыг үйлдвэрийн бусад бүтцийн нэгжүүд, Засвар механикийн завод, Засвар угсралтын цех, Механикийн хэлтэс хамтран гүйцэтгэж байгаа. Судалгааны үр дүн хараахан гараагүй. Хэрвээ пропаны хийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр болбол эхний ээлжинд 600-700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Пропаны хийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ацетилены хийн хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулснаар жилд хоёр тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдэх юм.
-Пропаны хийг ашиглахад ажлын чанарт нөлөөлөх үү?
-Пропаны хий нь өндөр даралтын, зузаан шинж чанартай металл зүсэхдээ ацетилены хийг гүйцэхгүй. Бид үйлдвэрийн хэмжээнд ацетилены хийнээс бүрэн татгалзахгүй шүү дээ. 50 хүртэл хувийг нь орлуулах хэмжээнд нэвтрүүлэх юм. Манай цехийн болон Засвар механикийн заводын Металл хийцийн хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчид “Чесогаз” компанид цэнэглэсэн баллонтой пропаны хий, манай хүчилтөрөгчийн станцад цэнэглэсэн баллонтой хүчилтөрөгчийг ашиглан Ст20 марзийн 5-100 мм-ийн зузаантай металл бэлдцүүдийг зүсэх, боловсруулах туршилт хийхэд ацетилены хийтэй ажиллах үетэй харьцуулахад адил үзүүлэлттэй, хүчилтөрөгчийн хийн зарцуулалт бага зэрэг өндөр байсан. Хамгийн гол нь пропаны хийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тохиолдолд хэрхэн яаж ашиглах вэ, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа яаж хэрэглэх вэ, мөн үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүтцийн нэгжүүдийн цахилгаан болон хийн гагнуурчдыг пропаны хийгээр ажил гүйцэтгэх мэдлэг, ур чадвар нь хэр зэрэг байгаа вэ гэдгийг Механикийн хэлтэстэй хамтраад судалгаа, сургалт явуулах ажил төслийн хүрээнд хийгдээд явж байна.
-Ер нь пропаны хийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь ямар вэ?
-Химийн найрлага, бүтцийн хувьд ацетилены хийнээс илүү сөрөг нөлөөлөл байхгүй. Хоёулаа л химийн нэгдэлтэй, тэсэрч дэлбэрэх аюултай хий. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас тавигдах шаардлага үндсэндээ ижил. Нефтийн шингэрүүлсэн хийг дэлхийн хэмжээнд, Монгол Улсын хэмжээнд ч тэр өргөн хэрэглэж байгаа. Тийм болохоор үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, бусад техник, тоног төхөөрөмж талаас нь байх ёстой стандартыг нь мөрдөөд ажиллахад ацетилены хийнээс илүү аюултай зүйл байхгүй.
-Туршилтын үр дүн, эцсийн шийд хэзээ гарах вэ?
-Ер нь төслийнхөө үр дүнг 2022 оны эхний улиралд багтаан гаргах зорилготой байсан. Гэсэн хэдий ч нэмэлтээр туршилт хийх шаардлагатай болсон. Механикийн хэлтэс, Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдтэйгээ зөвшилцөх хэрэгтэй. Тэгээд шийдвэр гаргах түвшинд төслөө танилцуулна даа. Ирэх сарын дундуур пропаны хийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглах, эсэх талаар тодорхой шийдвэр гарчих болов уу.
-Үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр болбол пропан цэнэглэх станц барьж байгуулах нь ээ?
-Тэгнэ. Пропан цэнэглэх станц барьж байгуулах боломж, стандарт шаардлага, олон улсын туршлагыг судалсан. Баллон цэнэглэх төхөөрөмжийн байршлын схем зураглал, бүтцийг гаргасан. Пропан цэнэглэх станц нь Нефтийн шингэрүүлсэн хий болох пропан бутаны холимог хадгалах сав, хаах, нээх арматур бусад хамгаалах хавхлаг, хянах, хэмжих хэрэгслээр тоноглогдсон, даралтат сав, шингэрүүлсэн хийн насос, хөдөлгүүр, өндөр даралтын зузаан ханатай шугам хоолой, ухаалаг жин, баллон хүлээн авах, хүлээлгэн өгөх тавцан, талбай бүхий галын болон тэсрэх аюулын санамж пайз, хаяг байршуулсан хашаагаар хүрээлсэн, аянга зайлуулагч байрлуулсан иж бүрдэл тоног төхөөрөмж, орчин бий болно.
-Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин