Ц.ТУВААН: Хэзээ ч ХУДЛАА ХЭЛЖ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ байх ЁС СУРТАХУУН надад бий. АН-ын хагаралд би БУРУУГҮЙ!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-05-22

Тойрог хороондоо хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилж боловсруулсан хууль тогтоомж болон Ардчилсан намд үүссэн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярицллаа.

Сайхан зусаж байна уу? Төв аймгийн нутгаар зуншлага, ногоо цагаа ямар байна вэ?

Сайхан зун болох төлөвтэй.  Бороо хур ороосой гэсэн малчдын хүлээлт их байна.

УИХ-ын гишүүн болсноосоо хойш тойрог хороондоо нэлээд идэвхтэй ажиллаа.  Иргэдийн амьдрал ахуй хөдөө ямар байна вэ?

Гишүүн болсноосоо хойш тойргийнхоо сумдад хоёр удаа очсон. Өнгөрсөн хоёр жил коронавирусийн цар тахлаас үүдэлтэйгээр иргэдтэйгээ уулзаж ярилцах, санаа бодлыг сонсох боломж хуулийн хувьд ч, нөхцөл байдлын хувьд хязгаарлагдмал байлаа. Жил зургаан сарын дараа иргэдтэйгээ нүүр тулж уулзаад явахад хот, хөдөө гэлтгүй иргэдийн амьдрал үнэхээр хүнд болж. Урьдынхаасаа ч дордож, ядуусын эгнээнд орчихож. Барилгын материал, бензин тосны үнэ гээд дийлдэхээр гүй. Осолдохгүй л махаа үнэлж авахгүй дээ эрх биш амьдарч байна. Болж байгаа юм цөөн, бүтэхгүй, дордсон зүйл их байна.

Болохгүй зүйл нь...?

Сумдын Тамгын газраар ороход л төрийн захиргааны албан хаагчид нь эзгүй, нэг хүн хоёр өөр албан тушаалын хавсарсан байдлаар аргацааж, төрийн чадамжийг сулруулсан бодит нөхцөл байдал үүсчихэж. Тухайлбал Мал эмнэлгийн тасаг, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан таван албан хаагч нь байхгүй сум л гэхэд л олон байна. Эрүүл мэндийн салбарт УИХ-аар санхүүжилтийг нь гүйцэтгэлээр тооцдог байх тогтолцоог бүрдүүлсэн ч яг орон нутагт энэ хууль хэрэгжээгүй. Ковид, ковид гэж анхаарсаар бусад төрлийн үйлчилгээ нь мартагдаж, эмч нар, иргэд ихэд сульджээ. Ганц авууштай нь Боловсролын салбар нь л гайгүй. Төрийн үйлчилгээний ажилчдийн цалингийн системийг нэг болгосон нь оножээ. Ахмадуудын хувьд цагаан сарын дараа явахад баяртай, сэтгэл хангалуун байсан бол сая яваад уулзахад тэтгэврийн зөрүү ахиад үүсчихлээ гэсэн асуудал ярьж байна. Малчдын хувьд ноос ноолуур нь арай гайгүй, асуудал бага юм. Тариаланчид бол тариа буудаагай сайн авсан ч борлуулалт маруухан. Ногоочдын хувьд БОХАА-ын байнгын хороогоор тогтоолын төсөл батлуулж ногоочдыг дэмжих боломжийг нээсэн. Товчхондоо нэг иймэрхүү.

Малчид гэснээс саяхан байнгын хороогоор хэлэлцсэн Боловсролын багц хуульд та нэг чухал заалт оруулчихлаа шүү, тиймээ?

Боловсролын багц хууль хэлэлцэж байх энэ үед би орон нутгаар уулзалт хийж ирээд нэг чухал зүйлийг тусгуулсан. Малчид, ХАА-ын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулдаг байх санаачилга юм. Ингэхгүй бол зургаан настай хүүхдээ сургуульд өгөхөөр нэг нь сум руу орно, нөхөр нь мал маллаад хөдөө үлддэг. Гэр бүл салалт, эрүүл мэндийн гэх зэргээр асуудал их үүсэж байна.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол ХУУЛЬ САНААЧЛАН батлуулах. Та гишүүний хувиар дангаараа болон хамтаараа хэд хэдэн хуулийн төсөл санаачлан өргөн бариад амжлаа. Гэвч хэлэлцэх процесс нь нэлээд удаад байна уу даа!

Дангаараа болон гишүүдтэйгээ нийлээд найм орчим хуулийн төсөл өргөн барьсан. Эдгээрээс яг хууль болж батлагдсан нь “Ковидын хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийн хууль. Удахгүй тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Нас барсан иргэдийн тэтгэврийн өрийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг дангаараа өргөн барьсан. Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Малчид, хөдөө аж ахуйн салбарынханд хамаатай “Төрөөс өгдөг урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцдог байх тухай” хуулийн төслийг бичиж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Ж.Чинбүрэн, Н.Учрал нарын гишүүдтэй хамт “Донорын тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан, чуулганаар хэлэлцэхээр болчихлоо. Түүнчлэн “Ойн тухай”, “Усны тухай” хуулиудад өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орсон ийм үр дүнтэй, ачаалалтай ажиллаж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй 600 гаруй хуулиас иргэдийн амьдрал яг хэрэгжиж чадаж байгаа эсэхийг шүүж байгаа. Ний нуугүй л хэлье. Бид нар сөрөг хүчин учраас бидний өргөн барьсан хуулийг хэлэлцүүлэхгүй гацаах, хойшлуулах ийм байдал үүсэж байна. Уг нь  ингэж гацааж, удаашруулж болохгүй л дээ. Яг миний бодсон шиг байдаггүй л юм байна.

Тэгэхээр харамсах, сэтгэлд хүрэхгүй зүйл бас байх нь, ээ!

Би чадна, хийнэ гээд УИХ-д ард түмнийхээ итгэлийг өвөртлөөд ороод ирсэн учраас чадаж, дуусгах л ёстой. Харамсмаар зүйл ч бий. Юу гэхээр энэ сайд дарга нар, гишүүд яагаад ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ байдаггүй юм бэ...! гэх бодол. Миний бодсон шиг биш юм. Ард түмнийхээ төлөө гэсэн бодлоор санал зөрөлдөх, маргалдах үе гардаг. Ямар юм руу, яах гэж орж ирэв гэж бодох үе ч тулгардаг. Гэхдээ надад ухрах, шантрах эрх байхгүй. Ганцхан зүйл хурцалдаг нь намайг дэмжсэн нутгийн иргэд. Би тэднийг хуурч болохгүй. Хэдийгээр эрх баригч хүчин олуулаа ч гэсэн зарчимтай, өөрийн, амин хувийн эрх ашгаас урьтаж эх орноо, ард түмнээ гэдэг залуучууд бас байна. Бүгд ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ биш. Ковидын дараах эдийн засгийн хямрал, гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан хямралын энэ цаг үед хэдүүлээ асуудалд бодитоор хандаж, эх орончоор шийдвэр гаргахгүй бол улс орны хувь заяа хаашаа ч эргэж болохоор эмзэг үед тулчихлаа шүү гэдгийг уриалж хэлье. Бид ямар дайнтай, деполт болчихсон биш, зөв бодлого хэрэгжүүлбэл манай улс сэргэх боломжтой гэж харж байгаа.

Та сая сөрөг хүчнийхээ санаачилсан хуулийн төслийн хэлэлцэхгүй гацаадаг тухай хөндлөө. Ингэж УИХ-ын гишүүний хууль санаачлах үндсэн эрхэд халдаж болдог юм уу?

Харин тийм. 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЖ ДОР ХАЯЖ 670 МЯНГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ!!!

Төрийн албан хаагчийн цалинг нэмэх ёстой гэлээ. Яг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлбэл боловсон хүчний эргэлт сайжирна гэж тооцоолоод байна вэ?

Цалинг нэмэгдүүлэхийн тулд тэтгэврийн хувь хэмжээтэй заавал уялдах ёстой. Өнөөдөр төрийн үйлчилгээний алба хаагчид 460 мянган төгрөгийн цалин авч байгаа. Түүнийхээ хэдийг нь өрөндөө өгч, хэдээр мах, гурил авах вэ, боддоо!!! Бүрэн тэтгэврийн доод хэмжээ цалингийн хэмжээний 75 хувьтай тэнцэж байвал энэ шударга хувиарлалт гэж үздэг. Тэтгэвэр 500 мянга байгаа юм бол цалингийн хэмжээ 670 орчим мянга байх нь. Үүнээс ч нэмэгдүүлэх ёстой гэж бодож байгаа. цалин сайтай, ажлын ачаалал багатай, хүн сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээтэй, нэмэлт орлого хайдаггүй ийм байдлаар төрийн албаны боловсон хүчинг нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр хоёр хүн тутмын нэг ядуу болж, дундаж давхарга уруудаж байна.

ХОЁР: АРДЧИЛСАН НАМ ба СӨРӨГ ХҮЧНИЙ талаар!!

Танай нам яг бүлгийн хэмжээнд ажиллаж чадахгүй байна шүү дээ? Яагаад ийм байдал үүсчихэв?

Энэ хоёр талтай асуудал гэж би хувьдаа боддог. Ард түмний сонголтыг буруутгах эрхгүй. Мордохын хазгай гэдэг шиг манай намынхан 2020 онд зөв бодлого тодорхойлж, зөв кандидат дэвшүүлж чадаагүй, алдаа гаргасан учраас 11 гишүүнтэй цөөнх болсон. Хэт цөөнх учраас бидний шийдвэр, бодлого эрх баригчдад хүрч чадахгүй байгаа нь үнэн. Хоёрдугаарт бид дотооддоо эвлэрч чадахгүй өнөөг хүртэл өөрөө өөрийгөө татаж унагасаар сөрөг хүчний үүргээ муу гүйцэтгэж байгаа. Хэдийгээр дотоодоо маргаантай байгаа ч улс эх орны хэмжээний томоохон хуулиуд дээр чанга дуугарч, эрх баригчдад ташуур өгч л байна.

Тэгээд танай бүлгийнхэн яг ямар өөрчлөлт гаргав?

Чамлахаар чанга атга гэгчээр 2022 оны төсвийн тухай хууль, Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг улс орны эрх ашиг, нийгмийн чиглэлтэй томоохон хууль дээр үгээ хэлж, санаагаа тусгуулж, дэмжүүлж чадсан. Дараагийн удаад бид нэгдэж Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарах ёстой. Одоо л анхаарч ярихгүй бол төрийн алба чинь ажиллах хүнгүй болж, боловсон хүчний хомстолд орох эрсдэл үүсэх нь. Төрийн албанд ажиллах хүн үгүй байна гэдэг чинь ТӨР ӨӨРӨӨ ХЯМАРНА гэсэн үг. Хэдхэн жилийн дараа төрийн алба эзэнгүй болчих гээд байна.

Та хэд зөрүүдлээд бүлгийн хуралдаа суухгүй байгаа юм уу, эсвэл Д.Ганбат дарга чинь тохирохгүй байгаа юм ууСүүлд нь ингэх байсан юм бол яах гэж эхнээсээ дарга гэж сонгосон юм бэ?

2020 оны сонгуулийн үр дүнд гишүүн болсон бид 11 хуралдаад С.Одонтуяа гишүүнийг туршлагатай гээд УИХ-ын дэд даргад, Д.Ганбат гишүүнийг туршлагатай гээд бүлгийн даргаар томилсон. Гэтэл Д.Ганбат гишүүн маань сүүлдээ бүлгээ ч хуралдуулж чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Бидний эдгүйд ганцаараа хуралдана. Ганцаараа шийдвэр гаргана. УИХ- дээр бүлгийн шийдвэр гэж бидний тусгаагүй өөр зүйлийг тусгана.

Манай нам УИХ-д цөөнх. Д.Ганбат гишүүн харин цөөнх дотроо бүүр цөөнх

Яагаад та хэд муудалцчихсан юм бэ...?

Муудалцсан зүйл байхгүй. Зүгээр үзэл бодол, зарчмын байр суурь нэгдэхгүй байгаа юм. Манай нам УИХ-д цөөнх. Д.Ганбат гишүүн бол харин цөөнх дотроо бүүр цөөнх. УИХ-ын намын бүлэг байтугай байнгын болон түр хороод ч ирц хүрэлцэхгүй бол хичнээн чухал асуудал ч байсан хуралдах боломжгүй байдаг. Энэ чинь парламентын дэг ёс. Ийм зөрчил үүсээд байгаа учраас л бид бүлгийн даргаа бүлэг удирдах чадваргүй юм байна гээд олонх нь үзээд чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын даргад өгөөд таван сар болсон өнөөг хүртэл шийдэхгүй байгаа тул аргаа бараад л хуулийн төсөл санаачиллаа шүү дээ! 

 Ардчилсан нам албан ёсны даргагүй болсоны хоёр жилийн удахгүй болох нь. Энэ намд үүсэн асуудлын гол буруутан нь Ц.Туваан гэдэг хүн гэж ярих юм. Та яг ямар буруу зүйл хийчихсэн юм бэ?

2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдсан. Нам ялагдсан учраас Улсын Дээд шүүхээр баталгаажуулсан АН-ын дүрмийн дагуу 3,10,1-т зааснаар С.Эрдэнэ дарга зургаан дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын хамт автоматаар огцорсон. Ингээд энэ удирдлагын багт байсан найман хүн огцорсон тул дараагийн удирдлагын баг бүрдтэл намын үйл ажиллагааг түр хариуцах хүн томилж таараа. Тэр нь Ц.Туваан гишүүн байна гэж С.Эрдэнэ нарын хүмүүс шийдсэн юм билээ. Тэгээд надад тамгаа өгсөн. Хэвлэлийнхэн бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 20 хүртэл Ардчилсан нам хуваагдсан, талцсан зүйл огт байгаагүй! 2020 оны 12 сарын 20-с хойш л намын тамгаа авъя, Ц.Туваан дарга хийх боломжгүй гэх агуулгатай санаархлууд гарч эхэлсэн. Эрх баригч намын нөлөө үүнд орсон. Хоёрхон улсын байцаагч л манай намаар үндсэндээ тоглочихсон. Нэг нь надад байгаа тамгыг хүчингүй болгочихсон. Нөгөөх нь өөр тамгыг хүчинтэй гээд бүртгэчихсэн. Монгол улсад хууль хүчтэй учраас бид энэ асуудлыг шийдүүлэхээр шүүхэд өгчихсөн. Захиргааны хэргийн шүүхэд маргаан нь явж л байгаа. Эрх үүргийг хэрэгжүүлж байсан учраас Улсын дээд шүүхээс Ц.Тувааныг бүртгэж бичсэн. Ийм л зүйл болсон. Бүх зүйл ном журмын дагуу явсан учраас БИ БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ. Би өөрийгөө буруугүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Надад эцэг эхээс суулгасан хүмүүжил, хувь хүний дотоод итгэл үнэмшил бий. Хаана ч, хэзээ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ, ХҮН ГҮТГЭХГҮЙ байх. Би ийм дотоод зарчимтай хүн. Ийм байдлаар хандаж надад байсан АН-ын даргын тамгыг О.Цогтгэрэлд өгсөн. О.Цогтгэрэлийг намын даргаар батламжууд гэж хоёр ч удаа үзсэн харамсалтай нь эрх баригч намын халаасанд орчихсон, МАН-ын хавсарга байгуулга болсон Дээд шүүх бүртгэж аваагүй. Энэ ярилцлагаар дамжуулаад нэг зүйлийг тодотгоод хэлчихье!

За... юун тухай вэ?

Ер нь Монгол төрийн байгууллагууд аль нам эрх барьж байна тэр талд үйлчилдэг болчихсон. Тухайн намын хавсарга болчихдог жишгийг халах ёстой юм байна. Эрх баригч намын өмнөөс сөрөг хүчний намын нэр сүрийг бууруулдаг, бүртгэлийг будлиулдаг, шалтаг хэлдэг тогтолцоо байна. Тэрнээс биш Ц.ТУВААНД ЯМАР Ч БУРУУ БАЙХГҮЙ.

Би Х.Баттулга, С.Эрдэнэ гэдэг хоёр хүнтэй аль алинтай нь улстөрд ч, төрд ч янз бүрээр хамтарч байсан

За тийм байдаг байж. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн АН-ыг хагалж, өөрийн болгохын тулд Ц.Туваан гэдэг хүнийг ашигласан. Жагсаал, суулт хүртэл хийлгэсэн гэж хардаг. Таныг Уенко Х.Баттулгын гар хөл гэж ярих нь ч бас байх юм. Та хоёр чинь дарга цэрэг байсан гэхээр ингэж хардах нь зөв байх шүү, тийм ээ?

Би Х.Баттулга, С.Эрдэнэ гэдэг хоёр хүнтэй аль алинтай нь улстөрд ч, төрд ч янз бүрээр хамтарч байсан. Х.Баттулга даргатай 10 гаруй  жил, С.Эрдэнэ даргатай ч сайд, дарга, намын дарга, генсек гээд түүнээс ч олон жил хамтарсан. Нарийн яривал С.Эрдэнэ даргатай удаан ажилласан байх шүү. Надад нэр цэвэр, мөр бүтэн явах нэг л хариуцлага бий. Энэ утгаараа бол С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч хоёуланд нь буруу зүйл хийвэл шууд хэлээд, хамтарч ажиллахгүй гэдгээ хэлчихдэг. С.Эрдэнэ даргатай хувийн өс хонзон, мөнгө төгрөг энээ тэрээ ширхэг ч зүйл байхгүй. Зөвхөн намын дүрэмд заасан дагуу л гол ноён нуруугаа барьж ажилласан би ямар буруутай гэж.

АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлнэ гээд яагаад танай намынхан ингэж улайраад байгаа юм бэ. Танай нам энэ хүнд ер ямар өртэй юм бол?

Асуудлын гол нь Х.Баттулгад биш түүнийг дэмжиж байгаа олон гишүүдийн итгэл үнэмшилд л байгаа юм. С.Эрдэнийг намын дарга болгоё гэж АН-ын гишүүд сонгож л байсан. Дараа О.Цогтгэрэлийг дарга болгоё гэж мөн л АН-ын олон мянган гишүүд сонгосон. Одоо Х.Баттулгыг намын дарга болгоё гэж байгаа юм. Тэрнээс биш Х.Баттулгаас өөр лидергүй гэж ойлгож болохгүй. Энэ намын дарга боллоо гэхэд намын эсрэг, харш үйл ажиллагаа явуулбал бид дахин хуралдаад огцруулна. Байдаг л хэвийн үзэгдэл. Гол нь Х.Баттулга гэдэг хүнд дээд шатны 300 хүн дургүй. Харин доод шатны 200 мянган гишүүн дэмждэг. Хоёрдугаарт АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг Дээд шүүх шийднэ.

Гэхдээ танай намын гишүүд чинь “зулын гол болно”, Дээд шүүхийн байрыг шатаана гэх зэргээр шүүхэд нөлөөлөх гэж оролдож байна шүү дээ, жагсаал хүчтэй болж байна!

Иргэдийн энэ жагсаал бол хууль шүүхийн байгууллага, Улсын дээд шүүхийн шийдвэрт итгэхгүй байгаагийн илрэл. Ийм болтол нь шүүх ард түмний эсрэг шийдвэр гаргасан гэсэн үг. Түрүүн хэлсэн. Төрийн байгууллагууд эрх баригч хүний хавсарга, карманы байгууллага болчихсон учраас иргэд Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа явдал. Иргэд эрх чөлөөний хумигдалд ороод, хуулийнхан нь төрийн байгууллагуудаа дарамталдаг ийм тогтолцоо бүрдээд байгаа л үзэгдэл гэж бас харж болох юм.

Та сая иргэд хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл нь алдарчихсан тухай хөндлөө. Уг нь 2020 оны парламентаар ШҮҮХИЙН БАГЦ хуулийг баталж, хараат бус, шударга шүүхийг бүрдүүлсэн биз дээ?

Ардчилсан нийгмийн гол суурь нь ШУДАРГА ШҮҮХ, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ёс. Өнөөдөр гэвч ийм биш гэдгийг та бид мэдэрч байгаа. Жирийн иргэнээ Зөрчлийн хуулиар дарамталж байгаагаа ч засаж чадахгүй байгаа. Ийм бодит байдлаас л шүүхийн тухай хууль яаж хэрэгжих тодорхой болчихсон. Иргэнийхээ эрх чөлөөг хориглож байгаад харамсдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.