Н.Наранбаатар: Олон жил ярьсан ХӨХ МОРЬ төслийг эхлүүлэх бүх алхам бүрдсэн. Одоо АЖИЛ ХЭРЭГ болгох л үлдлээ!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-05-23

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай хилийн боомтуудын нэвтрэлт болоод говьд хэрэгжүүлэх  усны нөөцийн “ХӨХ МОРЬ” төслийн талаар ярилцлаа.

Сайхан зусаж байна уу, та?

Сайхан. УИХ-ын чуулган гээд ажил ихтэй л байна.

Сүүлийн саруудад Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрэхгүй, гацаа үүсчхээд байна. Та бол яг энэ орчмын бүс нутгаас төрд сонгогдсон хүн. Түүнчлэн хилийн нэвтрэх чадварын асуудалд онцгой анхаардаг. Зам тээврийн сайдаас байнгын хорооны хуралдааны үеэр тодруулж байгаа харагдсан, сайдын зүгээс ямар тайлбар өгч байна вэ? Ер нь Монголчуудын гол амин зуулга болсон нүүрс тээвэр маань цаашдаа саадгүй гарч чадах нь уу?

Шивээхүрэнгийн боомт өнгөрсөн 10 сараас өнөөдрийг хүртэл нэг ч машин гараагүй хаалттай. Гашуунсухайтын боомтоор уртын тээвэр гарахгүй зөвхөн богино тээвэр явж байгаа. уртаа эхлүүлэх гээд бичгээ өгчихсөн байгаа, урд талаас хариу хүлээгээд байж байна.

Нүүрс тээврийн жолооч нар жагсаал хийж, бид ажилгүй боллоо гэж мэдэгдэх боллоо. Асуудлын гол нь юунд байна вэ?

Яам тамга, орон нутгаас шалтгаалсан зүйл, эсвэл жолооч нарын буруу гэх юм байхгүй. Урд айл ковидын нөхцөл байдал, хатуу дэглэм гээд урд айл л хаалгаа түгжчихээд, хязгаарлалт тогтоочихсонтой холбоотой. Энгийн үед өдөрт 1300 орчим том оврын нүүрс тээврийн автомашин татан авалт хийдэг байсан бол одоо хамгийн ихдээ 300, бага нь 100 машин л татаж байна. Тэгэхээр чинь 1000 гаруй машин гарах боломжгүй, өр зээлэндэээ шахагдаж, аргаа барж байгаа юм. Тийм учраас төр Засаг та хэд маань бидэнд өөр гарц нээж, ажилтай болгож өг гэдэг ийм л зүй ёсны шаардлага тавьж байгаа юм.

Өөр гарц нээх боломж юу байдаг юм бол?

Нүүрсээ Улаанбаатар, Чойр луу татаад тэндээс вагоноор зөөж гаргах түр боломж байна гэсэн санал хэлж байгаа юм. Ингэж зөөлөө гэхэд хүндрэлтэй. Таван толгойгоос нүүрс зөөхөөр гурван аймгийн долоон сумын нутгаар дайрч өнгөрнө. Тэдгээрийг холбосон автозам байхгүй учраас газар эвдэгдэж, шороо тоос босно. Байгаль орчин болон долоон сумын малчдад хүндрэлтэй асуудал үүснэ. Ойролцоогоор 450 орчим км шороон замаар явна. Өмнө нь ингэж явна гэсэн тооцоо, дэд бүтэц хийгдээгүй. Тэрчлэн хуулиараа ч хориотой болчихно.

Яагаад. Шороон замаар нүүрс тээвэр явж болдоггүй юм уу?

Нурмаг ачаа буюу уул уурхайн нүүрс, жоншийг хөрсөн дээгүүр буюу шороон замаар тээвэрлэхийг хориглочихсон Засгийн газрын тогтоол гарчихсан байдаг юм. Энэ байдал нь яам, аж ахуй нэгж, жолооч хоорондын бөөн маргаан дагуулсан. Хоёрдугаарт Монголын талаас урагш гаргах нүүрс бас овоорчихсон байгаа. Хятадын талаас эхлээд хур нүүрсээ татаж авсны дараа шинээр тээвэрлэлт авна гэчихсэн байгаа. Ингээд хаа хаанаа төвөгтэй нөхцөл үүсчихсэн байгаа юм.

Хичнээн тонн нүүрс хил дээр овоорчихсон байгаа юм бэ?

12 сая  тонн байснаас одоо 3 сая орчим л үлдчихсэн. Вагоны хүрэлцээ дутмаг учраас их хэмжээгээр дамжуулан гарах боломжгүй. Тэнд их хэмжээний нүүрс овоорсон хоёр дахь ЦАГААН ХАД бий болчихлоо. Нүүрс чинь удаан хугацаанд овоорч бөөгнөрвөл байгаль орчинд сөрөг нөлөөтэйгөөс гадна шатах зэргээр эрсдэл дагуулдаг. Хятадын талаас уртын тээврээ нээнэ гэдэг сураг байгаа. Ойрын үед үлдсэн нүүрсээ татаж аваад уртын тээврээ явуулчихвал Монгол жолооч нар хэвийн ажиллаж эхэлнэ.

Шиэвээхүрэн, Гашуунсухайтын боомтыг хөгжүүлж чадаагүй байж ЦАГААН ДЭЛИЙН БООМТЫГ хөгжүүлнэ гэдэг БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ!

За нүүрс тээврийн асуудал ийм байгаа юм байна. Засгийн газраас “ШИНЭ СЭРГЭЛТ”-ийн бодлогын хүрээнд “БООМТЫН СЭРГЭЛТ”-ийг чухалчилж байгаа. Арга ч үгүй биз. Гадны улс орнуудтай харьцахад ХИЛ, ГААЛИЙН нэвтрэлт сайн байх нь зүй ёсны хэрэг. Өмнөговь аймгийн ЦАГААН ДЭЛИЙН БООМТЫГ сэргээж хөгжүүлэх тухай ярьж байгаа. Та үүнийг дэмжих үү?

Орон нутгийн иргэд, малчид бол ЦАГААН ДЭЛИЙН БООМТЫГ нээхийг эсэргүүцэж байгаа. 2017 онд Засгийн газраас энэ боомтыг нээнэ гээд тогтоол гарчихсан байдаг. Одоогийн Засаг бол эрчимжүүлэх гээд байгаа юм. Мэдээж эхлээд дэд бүтцийг нь хөгжүүлж зам харилцааг нь тавих ёстой. Замын компаниуд очоод замаа тавих гэхээр малчдын эсэргүүцэлтэй тулгарчихдаг. Шивээхүрэн, Гашуунсухайт хоёрын яг голынх нь боомт ЦАГААН ДЭЛ. Өмнөх хоёр боомтыг нээхийн тулд байгаль орчныг ямар балмадаар сүйтгэж, ан амьтныг нь үргээж, усыг нь татрууллаа. Хоёр талын боомтын сүйрлээс арай гэж зугтаж, аж төрж байгаа хэсэг нь энэ орчим. Говийнхон бол энэ боомтыг нээж хөгжүүлэхийн эсрэг байгаа. Өмнөх хоёрыгоо ч бид олигтой хөгжүүлж, орон нутаг, улс орон, ард иргэддээ ашигтай байдлаар хөгжүүлж чадаагүй шүү дээ. Алдсдаа ЦАГААН ДЭЛИЙН БООМТ ч ийм л болно. Түүнээс гадна 70 орчим нүүрсний лиценз байгаа. Ийм олон лиценз байгаа гэхээр байгаль орчин сүйднэ. Би хувьдаа энэ боомтыг нээх шаардлагагүй гэж үздэг. Эдийн засгийн үр өгөөж нь тодорхойгүй, товчхондоо бол ашиггүй ажиллана л гэсэн үг. Эрээнээр ч бараа материал орж гарч чадахгүй л нөхцөл байдалтай байгаа шүү дээ. Эхлээд Гашуунсухайтын төмөр замаа татчих. Шивээхүрэн, Ханги руу бас төмөр замын сүлжээ орчихлоо. Үүнийгээ ажил болгочихвол ЦАГААН ДЭЛИЙН боомт ямар ч үр дүн, үүрэг нөлөө үзүүлэхгүй.

МАН-ын Засгийн газрын шийдвэр шүү дээ...?

Энэ боомтыг нээлээ гээд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэхгүй. Ахиад л байгаль орчин сүйдсэн ийм нөхцөл бий болно. Хоёрдугаар Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтыг хөгжүүлж чадаагүй төр засаг ЦАГААН ДЭЛИЙН БООМТЫГ хөгжүүлнэ гэдэгт итгэхэд бэрх. Ажил хийгдлээ гэхэд хугацаа их орно. Малчид, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй л тулна. Өөрөөр амжилт олж, ахиц гаргахгүй. Тийм учраас энэ чухал шийдвэр биш л гэж үзэж байна.

Гурван боомтыг холбосон ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ байгуулахаар Засгаас шийдвэр гарчихлаа. Гэтэл нөгөө уртын тээвэрт явдаг жолооч нар маань бас л ажилгүй, орлогогүй болчих вий дээ!

Төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болно гэсэн аюул байхгүй. Жилд 30 сая  тонн нүүрс л воганоор гарна гэж ТЭЗҮ нь хийгдсэн юм билээ. Ингээд бодохоор үлдсэн тээвэрлэлтийг нь чанарын шаардлага хангасан техниктэй, туршлагатай жолооч нар гүйцэтгэсэн гэсэн үг. Төмөр замаа дагаа олон ажлын байр бий болно. Тэгэхээр зарим нь тээврээ хийгээд, зарим нь төмөр замын ачих буулгах зэрэг ажилд орох бүрэн боломжтой.

Өмнөговь аймгийг 2016-2020 оны хугацаанд та нөхөд буюу МАН-ын баг удирдсан. Энэ үед эхлүүлсэн нэг чухал ажил саяхан биелэлээ олж, нээлтээ хийлээ. Говь нутгийг багтаасан томоохон, орчин үеийн музейтэй боллоо. Санаж сэдсэн зүйл тань ажил хэрэг боллоо, баяр хүргэе танд.

Энэ бол дан ганц манай баг хамт олны хүчин зүтгэл биш говь нутгийн иргэдийн чин хүсэл байсан гэдгийг тодотгох нь зөв байх. Монгол улсад ирсэн гадны зочдын дийлэнх нь Монголын говийг үзэх гэж очдог онцлогтой бүс нутаг. Тийм учраас үзүүлж харуулах юмтай, хүний нүд баясгачих бүтээн байгуулалт хийе гэж зорьсон. Нөгөө талаасаа уул уурхайн өгөөж, үр шимийг нь нутаг орон, хүн арддаа үлдээе гэж зорьсон. Нэг л өдөр уул уурхай зогсоно. Тэгэхээр бид яахын онгорхой газраа хаяад нүүх үү. Үгүй. Тийм учраас ашиг шим нь  энэ нутагт ямар нэг байдлаар үлдэх ёстой. Тэрчлэн аялал жуучлалыг хөгжүүлэх санхүүгийн гол эх үүсвэр нь уул уурхайн баялаг болог гэсэн санааг ч бас агуулсан. Ингээд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтаар энэ барилгыг барьж гүйцэтгэж, сая манай аймгийн иргэд, удирдлагууд хүлээж авлаа. Сэтгэл хангалуун сайхан байна. Нэг хэсэг бие байгалиа ухаж амьдарлаа. Одоо байгаль дээрээ бүтээн байгуулалт хийж амьдрах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон.

Нийт хэд орчим тэрбумаар энэ барилга босов. Би буруу санаагүй бол “Говийн оюу сан”-гийн төсвөөр баригдсан байх, тийм үү?

2018 оноос Оюутолгой компанитай хамтарч байгуулсан “Говийн оюу хөгжлийн дэмжих” сангийн хөрөнгөөр баригдсан. Уг нь эрт дуусах байсан ч ковидын нөхцөл байдлаас үүдэн бараа материал татан авалтаас үүдэн удсан байх. Ямар ч байсан дуусаж, үүд хаалгаа нээлээ. Үндсэн барилгыг 9,6 тэрбумаар барьж, 7 орчим тэрбумаар үзмэрийн баяжилт, тохижилт зэргийг хийсэн. Уул уурхайгаа ашиглуулж байгаа аймаг чинь үлдэх юмтай байсан нь зөв биз дээ. Ганц музей, олон суманд эмнэлэг, сургууль, үйлчилгээний байр гээд нийгмийн салбар луу чиглэлсэн бүтээн байгуулалт олныг байгуулсан.

“Говийн оюу сан” Өмнөговь аймагт жилд хичнээн төгрөгийн санхүүжилт өгдөг юм бэ. Бусад аймгууд ч бас санаа авч хэрэгжүүлмээр жишиг зүйл шүү?

2016 оноос хойш “Говийн оюу сан”-гийн үйл ажиллагаа эрчимтэй өрнөсөн. Жилд 5 сая доллартай дүйцэхүйц хөрөнгө оруулалт өгдөг. Долоон жилийн хугацаанд 35 сая гаруй долларын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдсэн. Татвар төлбөрөөсөө тусдаа шүү. Ус ашигласны, үл хөдлөхийн, газрын төлбөр, хувь хүний орлогын албан татвар нь бас аймгийн төсөв рүү ордог.

Говьчуудын хувьд тулгамдсан нэг асуудал нь УС. Таныг аймгийн дарга байхад өмнө би бас энэ тухай асууж байлаа. Одоо УИХ-ын гишүүн, хууль тогтоох байгууллагын төлөөлөл боллоо. Үе үеийн Засгийн газрын ярьдаг өнөөх алдарт “ХӨХ МОРЬ”, “ОРХОН ОНГИ” төсөл маань юу болов оо. Та хэрхэн анхаарч байна?

За ёстой чухал асуулт. Би аймгийн дарга байхдаа ч, одоо ч энэ тухай ярьж, хөөцөлдсөн хэвээр байгаа. УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг л шийдчихье гэж бодоод байгаа юм. Ямартай ч Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгачихсан. Улмаар ТЭЗҮ-г нь хийлгэчихлээ. Энэ бол том даваа. Урагшаа нэг алхчихлаа.

Өө ашгүй дээ! Одоо цаашдаа явах нь уу. Манайд чинь томоохон төслүүд улстөрийн нөлөөгөөр гацдаг, мартагддаг жишээ олон бий шүү дээ? Тэгээд дахин дахин ТЭЗҮ хийнэ гээд баахан мөнгө ашиггүй зарцуулдаг.

Ер нь явчих байх шүү. “Хөх морь” төсөл чинь дотроо хоёр хэсэгтэй. Эхнийх нь “ХЭРЛЭН ТООНОТ”, нөгөөх нь “ОРХОН ОНГИ” төсөл. Өнгөрөн 2021 оны 12 сард ТЭЗҮ-г хийгээд дуусгасан. Нэг төсөл нь НЭГ ИХ НАЯД орчим гэхээр хоёр ИХ НАЯДЫН ТЭЗҮ хийсэн. Дараагийн нэг алхам нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын “Ногоон хөгжлийн бодлого”-д тусгуулчихсан. Үндсэн бат араанд нь хийчихсэн гэсэн үг. Одоо УИХ-аар 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ ажлын жагсаалтад 905 орчим саяын төсөвт өртөгтэйгөөр тусгачихлаа. Өөрөөр хэлбэл 2023 оноос усан сан байгуулах зэрэг ажлууд нь эхэлнэ. Одоо төслийн нэгжийг нь байгуулаад ажилдаа орох л үлдлээ.

Энэ бол том бас шинэ төсөл. Тэгэхээр гадны туршлага, санаа их чухал. Мэргэжилтнүүдээ бэлдэнэ гээд зохион байгуулалтын хувьд анхаарах зүйл их байна даа...?

Тэгэлгүй яахав. Гадны улсын туршлага, судалгаа, шинэ менежментийг зайлшгүй ашиглана. Судалгаа хийгээд л явж байна. Арабын орнууд, Чил зэрэг улсууд 300 км хол зайгаас ус татаж аваад, түүнийгээ тодорхой хэмжээгээр шүүгээд уул уурхайд ашигладаг жишээнүүд байна. Энэ бүгдийг судлаж, монголын нутагт яаж ашиглаж болохоор байна вэ гэдэг шийднэ. Мэдээж их мөнгө шаардана. Боломжоороо жил бүрийн улсын төсөвт санхүүг нь суулгаад явах байх.

Санхүү шаардлагатай гэж байна. Өмнөговь аймаг ч боломжийн хөгжчихлөө. “Говийн оюу сан”-ийн төсөв ч юм уу, Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэж болохгүй гэж үү?

“Орон-Онги” төсөл бол манай аймаг руу  татах хамгийн ойр урсац. Энэ хоёр гол чинь хоёулаа манай Өмнөговь руу урсаад ирчихдэг. Ийм ойрхон байгааг нь ашиглая гэхээр санхүүгийн асуудал үүснэ. Би яг таны хэлсэнтэй санал нэг байна. улс орны стратегийн шинжтэй том төсөл учраас Хөгжлийн банкны эх үүсвэр, эсвэл Тавантолгойн, орон нутгийн буюу “Говийн оюу” ч гэдэг юм уу, янз бүрийн л хувилбар яригдаж байна. Тэгээд гадны төсөл хөтөлбөр гээд. Дэмжих, шийдэх боломж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.