Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ, холбогдох байнгын хороодоор хэлэлцэж байгаа. Бид УИХ-ын гишүүн ДАМДИНЫ ЦОГТБААТАРТАЙ ярилцлаа!
Засгийн газраас Төрийн хэмнэлтийн хуулийг өргөн барьж батлууллаа. Гэвч эрх баригчид ХЭМНЭЖ ЧАДСАНГҮЙ гэх олон нийтийн шүүмжлэл байсаар л. Төр яг ямар хэмнэлт хийх ёстой байсан бэ?
Мэдээж нийгэмд зүй ёсоор тавьж байгаа асуулт байна. Төр хэрхэн хэмнэх тухайд гэвэл зүгээр л үргүй зардал гаргахаа болиод, тансаг хэрэглээгээ танах хэрэгтэй. Ийм маягаар хэмнэх тал дээр бол төрийг зоригтой бай л гэж хэлнэ. Харин нийгмийн шинж чанартай, иргэдийн амьжиргаанд хэрэгтэй, төрөөс өөр хийх эзэнгүй бүтээн байгуулалтыг бол төр л хийнэ. Хувийн хэвшил хийлээ гэхэд ашгаа нөхөх боломжгүй. “Хэмнэ” гээд иргэд ярихад нийгэм бүхэлдээ ашиглах бүтээн байгуулалт дээр бол хэмнэх тухай иргэд яриагүй гэж ойлгож буйгаа хэлж л байсан. Ингэж ярихад хэмнэлтийг дэмжихгүй байгаа мэт над руу өчнөөн дайрсан. Би өөрийнхөө байр суурин дээр л байсан.
Иргэд сонгогчдын зүгээс тэр гишүүн чинь, энэ төлөөлөгч минь шийднэ дээ гээд ханддаг. Уг нь иргэн өөрөө чадах зүйлийг заавал гишүүн рүү гээ ханддаг. Сүүлийн 30 жилд улстөрчид хий хоосон зүйл амласаар байгаад олон нийтийг бэлэнчлэх сэтгэлгээнд бүүр дасгачихсан байна гэдэг зүйл ажиглагдаад байна. Санал нийлэх үү?
Иргэдийн дэмжлэгээр сонгогдсон хүмүүс нийгэм олон нийтэд хэрэгтэй чухал асуудлыг шийдэх ёстой. Ийм зүйл хийлгэе, ингэж дэмжлэг хүсье гэдэг нь байх л зүйл. Харин гишүүд тэрийг нь далимдуулж юм бүхэнд нь хошуу дэвсэж, гэрийг нь цэвэрлэж өгөх нь халгүй авирлаж, худлаа ярьдгаа л болих хэрэгтэй. Чадах зүйлээ чадаад, чадахгүйгээ чадахгүй л гэж хэл. Чадахгүй гэдгээ хэлээд сонгогдохгүй байвал тэр л биз дээ. Худлаа ярьж, буруу юм хийх огт шаардлага байхгүй. Иргэд хүлээлттэй байх эрхтэй. Гишүүд ч бас ачаалалтай л ажилладаг. Тэгэх ч ёстой. Чадах нь ялгараад гарч ирээд чадахгүй нь ард хоцордог. Энэ бол ардчилсан тогтолцооны шударга байдал. Улстөрчид бол хийрхсэн, үл бүтэх зүйлс ярьдаг. Гэхдээ тэд юм мэдэхгүй хүмүүс огт биш. Иргэдээсээ ч илүү мэдээлэлтэй л байдаг. Иргэдийн амыг дагуулж яриад тэдний дэмжлэгийг аваад буй нь иргэдэд сайнаар нөлөөлөхгүйг сайн ойлгодог. Өөрсдийн ийнхүү ярих зүйлсийн хор уршгийг бас дэндүү сайн мэддэг. Иргэд харин тэр хор уршигтай зүйлийг нь таашаагаад дэвэргэж хөөргөөд байдаг. Үүнийг больчих юм бол нийгмийг хөгжил хэвийн л явна.
Бүх зүйлийг улсын төсвөөр хийе, халамж өгье гэдэг ийм бодлогыг төрөөс гаргаж байгаа нь хэр зохимжтой юм бэ. Айлын жорлонг төсвөөр хийе гэдэг асуудал хүртэл яригдсан шүү дээ?
Энэ асуудалд би өөр бодолтой ханддаг. Тухайн үед яг энэ асуудлаар санал хураалт явуулсныг санаж байна. Уг нь эрүүл зөв өнцгөөс нь гишүүд ярьсан. Зарим хүмүүс мушгиж ойлгоод байгаа юм. Төрийн зүгээс дэд бүтцийн чиглэлээр тодорхой дэмжлэг байлгая л гэсэн санааг зарим гишүүд ярьсан. Төр оролцохгүй л бол тэр багахан дэд бүтцийн асуудал тэр чигтээ л мартагддаг. Тэгэхээр чинь ажил болгохын тулд зарим зоримог шийдэл бодох л ёстой. Ипотекийн зээл зэрэг хөтөлбөрт, жишээлбэл, шингээгээд дэд бүтцийг нь шийдчих боломжийг нээе л гэсэн гэж ойлгосон. Дэд бүтцийн зардал ипотекийн зээл дотроо багтах ёстой. Тэгвэл төр тэр дэд бүтцийн хэсгийг бариад ипотекээр дамжуулаад зардлаа гаргаад авч болно. Ийм л санал. Бүх зүйлийг төр төсвөөс хариуцаж хийе гэсэн ойлголт байхгүй. Нийгмээрээ бүхэлдээ ашиглах, тиймээс төр зайлшгүй анхаарах ёстой хэсэгт л төр оролцвол зохино. Тухайлбал, миний сонгогдсон Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд үерийн даланг төр л хийж таарна. Хувийн хэвшил үүнийг хийхгүй ашиггүй учраас оролцохгүй. Гэтэл бодит байдал дээр айл өрх живэх нь холгүй байгаа. Үүнийг шийдэх нэг алхам бол төрийн бодлогоор дэмжиж, харин хувийн хэвшлээр ажлыг нь гүйцэтгүүлж. Нөгөө яриад байгаа дахин төлөвлөлт, нөгөө ипотекийн зээл.
Бид дахин төлөвлөлтийг амжилттай эхлүүлсэн. Алдаатай ч хэрэгжиж л байна. Гэхдээ иргэдээ хохироосон, хорлосон муу байдлаар явж байгаа. Юун дээр нь алдчихав?
Санаа нь зөв. Механизм нь ч зөв. Энэ чинь шинэ зүйл. Сүүлийн 10-аад жил л идэвхтэй нутагших гэж байна. Алдаатай, оноотойч явж л байна. Ипотекийн зээлч харьцангүй шинэ ойлголт. Урьд нь монголын нийгэмд байгаагүй юм. Соц үед Ипотекийн зээлийг “Капиталист орнуудын ард иргэдээ мөлжих арга” гэж бүр тодорхойлсон байдаг. Ийм шинэ зүйлийг бид амжилттай нэвтрүүлээд л урагшилж байна. Яагаад хэрэгжихгүй байна вэ гэхээр иргэдийн орлого хангалттай өсөхгүй байна. Уг нь хямралаас гарах арга бол иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал. Даанч өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хатуу байна. Иргэдээ ажилтай, орлоготой болгоогүй байж ипотекийн зээлийг санал болголоо гээд орон сууцжуулалт амжилттай хэрэгжихгүй шүү дээ!
Та барилга хот байгуулалтын сайд байхдаа ипотекийн зээлийн санхүүжилтийн системийг идэвхижүүлж байсан хүн. Одоо хэрэгжилт, үр дүнг нь хэрхэн хардаг вэ?
Барилгын сайд байхдаа гол хийсэн ажлын маань нэг нь ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН барьцааны урьдчилгааны 60 хувь буюу зээлийн 20 хувьд нь төр баталгаа гаргадаг байх санаачилгыг гаргаж, Засгийн Газраар шийдүүлж байсан. Эдийн засаг маш хүнд, эмзэг байсан үед ийм шийдвэр гаргуулж байлаа. Иргэд байранд орох эсэх нь тухайн хүний өөрийнх нь мэдлийн асуудал. Гэхдээ төрийн дэмжлэгтэйгээр иргэдээ орон сууцанд оруулах бодлого нь чухал. Эдийн засгаа өсгөх бодлоготой энэ нь бас уялдах ёстой. Иргэд орлоготой, ажилтай, хувийн бизнесүүд томорсон цагт л ЭДИЙН ЗАСАГ ӨСДӨГ. Миний бас нэг хийсэн ажлын үр дүн одоо Сүхбаатар дүүрэг дээр хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр газар хэмээх үл хөдлөх хөрөнгийг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нь хийн хөгжүүлэх ажлыг эхлүүлчихсэн явж байгаа. Том дэд бүтцийг нь ингээд хийгээд өгчхөд, жижиг айл өрх рүү орох хэсгийг ипотекэд хамруулдаг болчхож болно. Ийм тохиолдолд энэ хэсгийг төсвийн хөрөнгөөр бариад эргэн төлүүлдэг байж болно.
Нэг зүйл сонирхол татаад байна. Төр дэргэдээ ТОСК гэдэг барилгын компани байгуулж, барилга бариад хувийн хэвшлийнхээ хоолыг булаацалдах шаардлага байдаг юм уу? Таныг сайд байхад л байгуулагдсан даа, ТОСК.
ТОСК надаас өмнө байгуулагдсан байсан. Сайд байхдаа би харин ТОСК-ийг барилга барьж, барилгын компаниудтай өрсөлддөг бус харин үл хөдлөх хөрөнгө, газрыг нь хөгжүүлж, үнэд оруулдаг байх тогтолцоог нэвтрүүлж, дүрмийг нь өөрчилж байсан. Үндсэндээ төр дэд бүтцийг нь холбосон газрыг хөгжүүлж бэлдээд хувийн компаниудад борлуулж барилга барих боломжоор хангадаг системийг нээж өгсөн. Үүнийг ТОСК шууд хэрэгжүүлж эхлэх санхүүгийн боломж байхгүй тул Азийн хөгжлийн банкинд хандаж энэ бодлогын эхлэлийг тавихыг хүссэн, Азийн хөгжлийн банк төсөл эхэлмэгц иргэдийн газар үнэд орсон. Зарим компани сайн үнээр иргэдийн газрыг авч буй сайхан мэдээ сонссон. Иргэд рүү чиглэсэн бодлого гэдэг чинь энэ.
Төр энэ мэтээр бүх зүйл рүү гар дүрж, чөлөөт эдийн засагт халдаж болох юм уу? Та чинь бас төрийн түшээ хүн. Саяхан таны хэлсэн “төрийн өмчит компани дахин байгуулж болохгүй” гэдэг байр суурьтай олон хүн санал нийлнэ байх!
Төр л бүх зүйлийг хийвэл хамгийн шударга сайн, ажил ч хурдтай явдаг гэсэн ойлголт түгэх шинжтэй байгаа. Яг үнэндээ бол төр сайн менежер биш гэдгийг ХӨГЖЛИЙН БАНК-ны жишээнээс тод харж болно. ТОСК-ийг улс төрийн шахалтаар сайн явуулсангүй. Төр хийхээрээ ХУЛГАЙ ЗЭЛГИЙ нь газар авч, танилын компаниудаараа контракт, үйлчилгээ тухайн төрийн компанидаа үзүүлэн, мөнгө идэж байгаа биз дээ! Төрийн тэр даргын болоод хувийн танилуудынх нь компани л баяжсан байгаа биз дээ! Яаж ч зөв хийсэн яваандаа яг л ингэдэг. Бид чөлөөт зах зээлийн эдийн засгийг байгуулчхаад хувийн хэвшлийн орон зайг ямар ч чадваргүй баахан төрийн компаниар эзэгнүүлээд сууж болохгүй. Төрийн компаниуд ер болохгүй, манайд тохирохгүй юм байна гэдгийг Монгол улс коммунист дэглэмийн 80 жилийнхээ гашуун түүхээр мэдэрчихсэн. Тэгээд л ардчилал, чөлөөт зах зээлийг байгуулсан шүү дээ! Тийм ч учраас миний бие санаачлаад төрийн өмчит аж ахуй нэгж компани дахин байгуулж болохгүй гэдэг УИХ-ын хориг тогтоолын төсөл санаачлаад есөн гишүүний хамт саналыг нь авахаар Засгийн газарт өгсөн байгаа. Ийм дэвшлээс ухрангүй байдлыг зогсоох хэрэгтэй.
Яг үнэн! Тантай 100 хувь санал нийлж байна. Гэхдээ энэ Засгийн газар чинь ХУВИЙН ӨМЧИЙГ БУЛААГААД авчихлаа шүү дээ!
Бид хууль дээдэлдэг нийгэм бүтээсэн. Хуулийг дагах гэж л баталдаг. Хууль ёсны хувийн өмч рүү төр байтугай бурхан ч халдах эрхгүй. Аа хууль бусаар төрийн өмчийг авсан байвал зөвхөн хууль ёсоор л буцаан авах ёстой. Энэ Засгийн газрын бодлого шийдвэрийг би үгүйсгэж, дураараа дүгнэмээргүй байна. Үнэхээр хууль ёсоор хувьчилж авсан өмч юм бол тэр хувийн өмчлөгчид шүүхдэж заргалдах бүрэн эрхтэй. Үүнийг би бүрэн дэмжинэ. Өмчтэй байх, өмчийг нь хамгаалах тогтолцоо бол хүний эрхийн асуудал. Харин хууль бусаар хувьдаа авсан бол төр зөвхөн хуулийн аргаар л буцаан авах ёстой. Түүнээс “чи хууль бус аргаар авсан нь тодорхой. Тиймээс наад компаниа төрд өг” гээд авбал энэ ДЭЭРЭМ. Ийм арга хэрэглээгүй байх гэж найдаж байна. Хуулийн чанд зарчмын дагуу л төр өмчөө эргүүлэн авч буй эсэхийг мэдэх нь эхлээд зөв байх.
Та дээр эдийн засгийг өсгөх гол арга нь иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал гэсэн. Өнөөдөр ажлын байр хэдэн хувиар нэмэгдэж, иргэдийн орлого хэр нэмэгдээ бол...?
Цонхоор харахад л амьдрал хүнд байна шүү дээ!! Залуучуудын жагсаал “Төрийнхөн бидний амьдралыг сайхан болгож гийгүүлэхгүй юм гэхэд битгий хүнд суртал гаргаж гай болоод бай” гэдэг агуулгыг хөндсөн. Төр зүгээр л хуулиа сахиул, ажлаа хий л гэсэн. Өнөөдөр нөхцөл байдал үнэхээр чанга болчихлоо. Яг ийм хямарч байгаа үед төр хөрөнгө оруулалтаа тэлж ажлын байр бий болгоод, хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Яаж хийх вэ гэхээр Зээлийн хүүгээ бууруулах, бизнесүүдэд олгох тусгай хөтөлбөр бий болгох, хөрөнгийн биржээ дэмжих, хамгийн чухал нь ямар нэг тайлбаргүйгээр ХИЛЭЭ НЭЭХ. Ингэвэл энэ улс чинь аяндаа хөл дээрээ босчихно. Ердөө л энэ.
Ярианы эхэнд ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН талаар нэлээд ярьсан. Одоо зургаан хувь болчихсон байгааг ахиад багасгаж 5-3 хувь руу бууруулах боломж бий юу?
Би Барилгын сайдаар ажиллаж байхдаа зээлийн хүүг бууруулах уу, урьдчилгаан дээр дэмжлэг үзүүлэх үү гэдэг асуулттай тулгарч байсан. Эдийн засгийн чадамжийн л асуудал. Санхүүгийн найдвартай эх үүсвэрийг олох нь чухал. Ирээдүйд ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ бууруулах л байх. Яг одоохондоо бол хүнд дээ. Ийм эдийн засгийн чадавх бий болов уу? Иргэдэд, сонгогчиддоо таалагдах гэж 6 хувийг 3 хувь болгох ёстой гэж худлаа ярьж, оноо авч болохгүй. Энэ чинь тийм амар зүйл биш. Би тухайн үедээ яагаад хүүг бууруулах биш урьдчилгаан дээр анхаарсан бэ гэхээр ХҮҮ БУУРУУЛАХ чинь хамгийн хүнд, хамгийн зардал өндөртэй байдаг юм. Мөнгөтэй, сайн эдийн засагтай үед л ярина уу гэхээс улстөрийн зорилгоор, иргэдэд таалагдах гэж шийддэг асуудал биш. Урьдчилгаанд бол харьцангуй бага мөнгө зарцуулна!
Гадаад харилцааны чухал салбарыг удирдаж тэрчлэн одоо Аюулгүй байдал, гадаад бодлого, Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллаж байгаа танаас асуулгүй өнгөрүүлж болохгүй нэг асуулт байна. “Монгол улс гаднын иргэдээр дүүрлээ. Гаднаас олон иргэн орж ирж байна” гэх хардлага болон элдэв янзын гэмт хэрэгт холбогдож байгаа гэх мэдээллүүд их гарч байна. Манай улсын гадаадын иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, тэднийг хянах механизм хэр найдвартай вэ?
Манайх жижигхэн улс шүү дээ. Бүгд л тэгж хардаж ярьдаг. Манай хилийн болон тусгай албаныхан хүсвэл биднийг бүрэн хянах чадвартай улс. Гаднынхныг бол бүр энүүхэн энд. Тийм учраас би хүний эрх яриад байдаг юм. Яагаад гэвэл танд мэдэгдэхгүйгээр таныг ч хянаж чадна. Бид нар чинь соц нийгмийн бүрэн хяналт, НАХ яам гэдэг хяналтын системээс гарсан шүү дээ. Манайх хүн ам цөөнтэй болохоор наад хянаж шалгах систем чинь чамлахааргүй чадавхтай байгаа шүү. Манай тагнуулын байгууллага чинь тийм ч муу байгууллага биш. Дутуу үнэлж лав болохгүй. Гаднаас ирж байгаа иргэдийг бид нар л аймаар их гээд байдаг болохоос биш яг начир дээрээ тийм ч их биш. Манайхан бүрэн хянаж чаддаг. Аялал жуулчлалыг хөгжүүлье гээд бид ярьж байгаа. Тэгвэл манай улсад одоо ирж байгаагаас хэд дахин ихээр ирж байж сая аялал жуулчлалын тухай ярих хэрэг гарна. Одоогийн ирж байгаа гаднын иргэдийн тоог авч үзвэл манай улсын аялал жуулчлалын тухай яриад ч хэрэггүй, бие даасан салбар ч болж хөгжиж чадахааргүй байгаа шүү! Гаднын иргэд ихэслээ, хортой хартай гээд байвал аялал жуулчлал гэж яриад ч хэрэггүй.
Яг чаддаг гэж үү...? 800 хятад иргэний асуудал, хилээр хар тамхи оруулж ирж байгаа үйлдлүүд гээд зөрчил их гарч байна шүү дээ?
Би Монгол улсын гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, яам удирдаж байсан хүн системийнхээ чадавхыг бас төсөөлдөг. Нэгдүгээрт, манай улсад гаднын иргэд олноороо орж ирэхийг хуулиар хаачихсан. Хоёрдугаарт, Монгол Улсын хилээр гаднын иргэд бүртгэлгүй орж ирэх ямар ч боломж байхгүй. Хэдэн давхар хяналт, шалгалт байдаг. Түүгээрээ бүгд бүртгэлтэй байдаг. Аль ч оронд байдаг энэ хяналт, шалгалтын системийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаад л учир байх шиг. Манай бүртгэл, шалгалт хяналт муу байсан бол тэр асуудал үүссэн 800 хятад иргэний асуудлыг, хил гаалийн бусад олон зөрчлийг илрүүлэхгүй л байх байсан. Манай улсад орж ирж байгаа гадны иргэдийн тоо нийт хүн амтайгаа харьцуулахад байх ёстой хэмжээндээ байгаа. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд одоогоор хүрэх ямар ч боломжгүй. Гаднын иргэд олноороо орж ирлээ гээд айгаад байвал нэг ч хүн манайд ирэхгүй ш дээ! Ийм хартай тогтолцоо чинь гаднын байтугай дотоодын иргэдээ ч мөрдөж мөшгөх эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг бодолцох нь зөв!
Ярилцсанд баярлалаа!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин