Ц.Даваасүрэн: Хүн биш НАМ СОНГОЖ БОЛОХГҮЙ. Би намтай намгүй БИЕ ДААГААД ГИШҮҮН БОЧЛИХДОГ юм
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-25

Үндсэн хуулийн цэцийн гаргасан тогтоол, дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ЦЭЦ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Таны хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг буруутган эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг. Ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа юм бэ?

Төрийн эрх гагцхүү ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл Ард түмний эрхэд халдаж дураараа аашилж байгаад гайхаж байна. Сонгуулийн хольмог тогтолцоо гэдэг бол хэн ч танихгүй, мэдэхгүй, эсвэл улсаасаа идэж уусан нөхдүүд намын нэрийн жагсаалтаар ороод ирнэ гэсэн үг. Иргэд нам сонгох нь хортой.

Танай нам сонгуулийн хольмог тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна. Гэтэл та хольмог тогтолцоог эсэргүүцэх юм?

Хүн сонгох нь чухал болохоос нам сонгох нь чухал биш. Намын нэрний ард нуугдсан худалч, хулгайч, луйварчин байвал яах юм бэ. Тэд дор бол муу хэлүүлж, адлуулдаг 76 нь дээр. Би ийм л зүйл яриад байгаа юм. Сүүлдээ ард түмэн чинь сайн мууг нь ялгаж чадахаа байчихна. Ирээдүйг үгүй хийх тухай яриад байна. Үндсэн хуулийн цэц эцсийн гэж гаргасан хоёр ч шийдвэрээ өөрсдөө эсэргүүцсэн. Ийм л балай ЦЭЦТЭЙ болчихоод байгаа юм.

Зарим иргэдийн зүгээс Ц.Даваасүрэн гишүүн намынхаа бодлого үйл ажиллагааг сөрсөн зүйл ярьлаа. Өөрөө намын квотод багтахгүй учраас ийм зүйл ярьж байна гэх хандлага байна шүү дээ?

Наадах чинь олон жилийн өмнө яригдсан зүйл. Би тэдэнд баталсан шүү дээ, намтай намгүй бие даагаад УИХ-ын гишүүн болоод сонгогдсон хүн. Шаардлагатай бол ахиад ч бие даагаад дэвшиж болно. Миний яриад байгаа зүйл чинь ирээдүйдээ санаа зовсон зүйл. Алсдаа энэ хүмүүс хэнийг сонгохоо ч мэдэхгүй төөрч будилж эхэлнэ. Цаашдаа монгол улс орших, эс оршихын тухай зүйл яригдана. Намайг дэмждэг хүмүүс, нутаг усныхан байгаа шүү дээ. Санаа зовохгүй байна.

Дээд шүүхийн сүүлийн дүгнэлтийг юу гэж бодож байна вэ?

Бас л УИХ-ын үйл ажиллагаанд халдсан ноцтой шийдвэр боллоо. Цэц дураараа аашилж, улстөрчдийн захиалгаар ажиллаж болохгүй. Хамгийн шударга ариун шүүлт хийнэ гэж төрөөс том эрх ямба эдлэж байгаа хэрнээ хамгийн шударга бус худалдагдсан шийдвэр гаргаж хэрхэв ч болохгүй.

МАН-ын удирдлагууд ЦЭЦЭД НӨЛӨӨЛЖ ийм шийдвэр гаргуулсан гэж олон нийт дүгнэж байгаа. Ийм хувилбар байж болох л талтай. Та санал нийлэх үү? 

Намын удирдлагууд нөлөөлсөн гэж бодохгүй байна. Харин сандал суудлын төлөө горилсон, эрх мэдэлд шунасан манай намын зарим нөхдүүд нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй. Илт мэдэгдэж байна.

Нэр бүхий гишүүд ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЕ гэсэн санал, санаачилгаа идэвхтэй илэрхийлж, түүнийг нь МАН-ын бүлэг ч дэмжих хандлагатай байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ер нь хэр үр дүнтэй болсон юм бэ. Та уг өөрчлөлтийг батлуулсан гишүүний нэг нь шүү дээ?

Шууд хэлье. УИХ-ын 34-с дээш гишүүн хууль баталдаг болсон л дэвшил. Бусад өөрчлөлтүүд нь тийм ч сайн зүйл биш. Бид Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэж ярьдаг. Яг ачир дээрээ тийм биш. Би сэтгэл дундуур байдаг. Тийм ч учраас нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.137.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.