И.МӨНХЖАРГАЛ: С.Эрдэнийн хууль бус үйлдлүүдийг цэгцэлж дууслаа
Ярилцлага
/
2022-09-18
Ардчилсан намд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай ярилцаж байна.

-Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны Шүүхээс Ардчилсан намын тамга тэмдэг, Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоотой шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн талаар та мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн үед Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны Шүүх, Захиргааны хэргийн Давж заалдах шатны Шүүхтэй холбоотой хоёр ч шийдвэр гарлаа. 2022 оны 08-р сарын 14-ний өдрийн 618 тоот Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны Шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, хариуцагчаар нь Монгол Улсын Дээд шүүх оролцсон шүүх хурал болсон. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд Улсын Дээд Шүүхийн гаргаж байгаа шийдвэрүүдийг бичих, Цахим мэдээллийн санд байршуулсан мэдээллүүдээ цаасан хэлбэртэй нийцүүлэх ёстой байсан.  Ийнхүү Улсын Дээд Шүүхэд гаргасан хүсэлтүүдэд УДШ-ээс татгалзаад байсныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зөрчилдөөнийг үүсгээд байгаа иргэн С.Эрдэнийн хийгээд байгаа үйлдлүүд юу вэ гэхээр, тэрбээр 2017-2020 онд Ардчилсан намын дарга байсан. Гэрчилгээний ард С.Эрдэнийг бүртгэсэн хамгийн сүүлийн бүртгэл байсан төдийгүй тус бүртгэлээс хойш гарсан Улсын Дээд Шүүхийн шийдвэрүүд дээр бичилт хийгдээгүй байсан. С.Эрдэнийн хувьд гэрчилгээнийхээ ар талыг үзүүлж “Би дарга” хэмээн төрийн байгууллагуудад итгүүлж явсан залилангийн үйлдэл байгаа юм. Энэ нь өөрөө хууль бус үйлдэл шүү дээ.

Улсын Дээд Шүүхийн цахим, цаасан хоёр мэдээлэл нийцэж байх ёстой гэдэг. Гэтэл  С.Эрдэнийг 2022 оны 01 дүгээр сард намын даргаар бүртгэхээс татгалзаж хассан, цаашлаад Ц.Туваан даргын үед аль хэдийн намаас хөөгдсөн хүн. Гэтэл иргэн С.Эрдэнэ нь Ардчилсан намыг төлөөлж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж, төрийн ордноос хэвлэлийн хурал хийх гэх мэт үйлдлүүдийг удаа дараа гаргасан.

Үүнээс гадна Улсын Их Хуралд сонгуулийн үр дүн, суудлын тоогоор олгогддог тэрбум гаран төгрөгийг гэрчилгээний ар талаа үзүүлээд хувьдаа завшсан байх жишээтэй. Иймд С.Эрдэнэтэй хуйвалдаж тус мөнгийг олгосон, Сангийн яамны нэр бүхий албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна. Энэ бол Ардчилсан намын гишүүдийн намдаа өгсөн саналыг үндэслэж төрөөс олгогддог мөнгө юм. Тиймээс хууль бус үйлдэл удаа дараа гаргаж байгаа С.Эрдэнийг Шүүхээс таслан зогсоох зорилгоор, бичилт хийгээгүйгээс болж гарсан зөрчил дутагдлуудыг тогтоож, Улсын Дээд Шүүхийн бичилт хийхгүй байгаа шийдвэрийг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн нэр одоо гэрчилгээн дээрээс арчигдсан. Дараагийн шийдвэр нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр тамгатай холбоотой асуудал жил гаруй хугацаанд явж байна. Тэгвэл С.Эрдэнэ дээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, Анхан шатны Шүүхээр, Улсын бүртгэлийн байцаагчийн гаргасан актыг эцэслэн шийдвэрлэе гэсэн шийдвэр гарсан. Одоо Итгэмжлэлтэй холбоотой төлөөлнө, төлөөлөхгүй гэдэг хэрүүл дууссан. Давж заалдах шатны Шүүх дээр ч энэ асуудал шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн хууль бус үйлдлүүдийг цэгцэлж дууслаа.

-Олон нийтийн зүгээс энэ талаар их асууж байсан. Ц.Туваан Ардчилсан намын Итгэмжлэгдсэн төлөөлөгч болж байна гэж ойлгож болох уу?

-Ардчилсан намын даргаас С.Эрдэнэ гэдэг хүн чинь өөрөө өргөдлөө өгөөд, Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлүүлсэн. Цахим орчинд Ц.Туваанд тамгаа хүлээлгэж өгч байгаа бичлэг нь ч байж байгаа. Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонгогдох хүртэл Ц.Туваан төлөөлөх бүрэн эрхтэй байна гэдгийг тодорхойлж өгсөн. Гэтэл тухайн цаг үеийг ашиглаж С.Эрдэнэ тамганы маргааныг үүсгэсэн юм.

-Өчигдөр С.Эрдэнэ, Ардчилсан Залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр зарах гэж байгаа асуудлыг эсэргүүцэж, Ардчилсан Залуучуудын холбооноос түүнд шаардлага хүргүүлсэн. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан намын дэргэд дөрвөн байгууллага байдаг.

  1. Ардчилсан Ахмадын холбоо,
  2. Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо,
  3. Ардчилсан Залуучуудын холбоо,
  4. Ардчилсан Оюутны холбоо.

Энэ холбоод нь өөрөө нас, жендерээр нь ангилж өгсөн байгууллага юм. Тодруулбал, Ардчилсан Залуучуудын холбоонд 39 хүртэлх насны, Ардчилсан үзэлтэй залуучууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгддэг. Өөрөөр хэлбэл 39-өөс доош насны залуучууд нэгдэж, өөрсдийн удирдлага, манлайлагчаа сонгодог гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд гэдэг хүн ажлаа хэвийн хийгээд явж байна. Хэрвээ дүрэм журмаа сахиж ажиллах ёстой бол С.Эрдэнэболд Ерөнхийлөгч ажил үүргийнхээ эрхийн дагуу хурлаа зарлаж, хуралдуулаад явах үүрэгтэй. Харин 39-өөс дээш насны хүн хурал зарлаж болохгүй. Би С.Эрдэнийг хэдэн настай гэдгийг мэдэхгүй байгаа ч залуучууд өөрсдөө асуудлаа шийдэх нь зөв. Миний хувьд С.Эрдэнэболд Ерөнхийлөгчийг ажлаа хийгээсэй гэж хүсэж байна.

-Өчигдрийн шууд дамжуулалтын үеэр С.Эрдэнэ багагүй няцаалт тайлбарыг хийсэн.

-С.Эрдэнийн зүгээс хийж байгаа тайлбар бол есөн шид. Энэ хүн ямар ч аргаар юу ч ярьж мэдэх л хүн. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд нэг л зүйл дээр эмзэглэж байна. Хэн нэгнийг Оросын тавиул, тагнуул мэтээр илт гүтгэж байна. С.Эрдэнэ намайг 10 гаруй удаа цагдаад өгсөн. Энэ удаад тэвчээр алдарч байна. Ингээд амныхаа зоргоор яриад байж болохгүй. Тиймээс энэ асуудлыг хуулийн байгууллагад шалгуулна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.162.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.