Ц.ОЮУНГЭРЭЛ: Монгол улс ХҮНИЙ ЭРХИЙГ зөрчсөн хууль баталж АРДЧИЛЛААС НЭГ АЛХАМ УХАРЛАА!!
Ярилцлага
/
2023-01-22

Манай өнөөдрийн зочин Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, эдийн засагч, эрх зүйч Ц.Оюунгэрэл оролцож байна.

 УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаралтай горимоор оруулж ирсэн нь яг зөв үү? Ер нь ямар хуулийг яаралтай горимоор оруулж ирэх ёстой байдаг вэ?

Цахим орчинд хүний эрх хамгаалах тухай хуулийг яаралтай горимоор гэж оруулж, хэлэлцэж буй нь мэдрэмжгүй үйлдэл.

Иргэдийн эрх ашиг зөрчигдөх, нийтийн санаа бодолд нийцэхгүй, дарга нарт хамааралтай хуулийг л яаралтай горимоор шийддэг.

Өөрөөр хэлбэл иргэдтэй уулзах, санал авах, бусдын санал шүүмжийг сонсох шат дамжилгыг алгасаж орж ирж байгаа хуулийг яаралтай горим гэж нэрлэдэг. Ард түмэн жагсаж цуглаж, шаардаад эрүүгийн хуулиа чангал гээд талбай дээр орилж байгаад эрүүгийн хуулийг яаралтай горимоор засуулсан. Гэтэл иргэдийн огт шаардаагүй иргэдийн огт дундаа хэлэлцээгүй, ярилцаагүй ийм сэдвээр яаралтай горимоор ганцхан хоногийн дотор хууль оруулж ирээд балтлуулах гэж улайрч байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хүний эрхийн ямар зөрчил гарч байна гэж харж байгаа вэ?

Ардчилсан үндсэн суурь, Монгол улсыг өдий зэрэгтэй эрх чөлөөтэй орон болгож байгаа гол багана болсон хүний эрхийн хамгийн чухал зүйл болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдсан хууль гарч байна. Энэ хууль батлагдсанаар бид ардчиллынхаа суурийг өөрсдөө ганхуулна гэсэн үг. Хүний суурь эрх рүү халдсан хуулийг хэнтэй ч зөвшилцөхгүй оруулж ирээд ганцхан хоногийн дотор батлах гэж оролдож байгаа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд өмнөх 32 жил байгаагүй, аль ч Засгийн газарт байгаагүй бүдүүлэг хүний эрхэнд халдсан үйл явдал болж байна.

Өмнө нь хүүхдийн мөнгөний асуудал дээр бас хүний эрхийн мэдрэмжгүй бодлого шийдвэрүүдийг гаргаж байна гэсэн. Энэ удаагийнх бас хүний эрхийн нэлээд том цөрчилтэй үйлдэл байв уу?

Сайд нарт хүний эрхийн мэдлэг маш нимгэн байна. Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө болон сайд нарын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэхгүй бол Монгол орноо ухрааж байна. Монгол орныхоо хүрсэн амжилтыг алга болгож байна. Жоомоо алах гээд гэрээ шатаах гэдэг шиг учраа мэдэхгүй үйл ажиллагаанууд явуулаад байна. Үүн дээр нэг жаахан учраа мэдэж, юмаа ойлгож ажилламаар байнаа.

Ардчилсан улс оронд ер нь сошиал орчинд хүн өөрийгөө хэрхэн хамгаалдаг юм бол?

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг орнуудад сошиалыг хэзээ ч хорьдоггүй. Сошиал дээр юм бичлээ гэж хүнийг эрүүгийн хэрэгт ерөөсөө ялладаггүй. Харин сошиал дээр өөрт чинь хохиролтой зүйл хүн бичээд байвал яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгийг маш сайн зааж өгдөг.

Таны сошиал орчинд авдаг арга хэмжээ бас их сонирхолтой санагддаг. Энэ талаараа БУСДАД ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Нэгдүгээрт хувь хүн өөрөө блоклож болдог.
Би жишээлбэл надруу шүүмжлэл бичсэн хүмүүсийн шүүмжлэлийг чөлөөтэй сонсдог. Улс төрч хүний хувьд маш их шүүмлүүлдэг. Ганцхан ямар зүйл дээр хариу арга хэмжээ авдаг вэ гэхээр миний хувийн орон зай руу халдсан, миний гэр бүл рүү хандсан зүйлсийг бичихэд гэр бүлийнхнээ өмгөөлөх үүднээс мөн өөрөө өөрийгөө өмгөөлөх үүднээс, яг хувь хүнлүү өс хонзонгийн сэдлээр ч юмуу, үзэн ядалтын сэдлээр ч юмуу, эсвэл бүр шууд гүтгэлгийн шинж чанартай зүйлүүдийг надруу дайрч бичсэн зүйлүүд дээр шууд блоклодог. Блоклох бол миний хамгийн түгээмэл авдаг арга хэмжээ. Тэр хүмүүсээс зарим нь надруу мессеж бичээд, утсаар хандаад уучлалт гуйгаад зарим нь блокоо гаргуулдаг.
Хоёрт олон нийтэд дэлгэх

Хоёр дахь миний авдаг арга хэмжээ бол нэлээн олон давталттай байдлаар Ц.Оюунгэрэл гэдэг хүн рүү заримдаа эмэгтэй хүнийх нь хувьд, заримдаа ээж хүнийх нь хувьд, заримдаа эхнэр хүнийх нь хувьд дайрч доромжилсон зүйлүүд гарч ирэх юм бол бусдад яг над шиг ийм байдалд орж байгаа бол ингэж өөрийгөө хамгаалаарай гэдэг үзүүлэх сургалт болгох зорилгоор яг муулж бичсэн зүйлийнх нь зургийг нь авч скрийншот хийгээд, нөгөө бичсэн хүний зургийг нь профайл дээрээс нь нийтэд нээлттэй дэлгэгдсэн зургийг нь посттой нь хамт дэлгээд тавьдаг. Ингэж дэлгэж тавьсны дараагаар хүмүүс өөрийнхөө бичсэн постноос заримдаа ичдэг, заримдаа санаа зовдог, заримдаа гуйдаг тэрийгээ та устгаад өгөөч гээд. Тэгэхээр тэр хүнд ичих мэдрэмж төртөл нь олон нийтэд таниулснаараа тэр хүнийг бас давхар хүний эрхийг би хамаагүй зөрчиж болохгүй юм байна гэдэг дээр сургаж өгдөг.

Гуравт зүгээр дагахаа болих, report хийх

Бас нэг арга нь зүгээр тэр хүнийг дагахаа больдог. Жиргээн дээр бол тэр хүнийг mute хийнэ гэж бас нэг юм байна. Тэр хүн бичиж л байна, бичиж л байна би харахгүй, үзэхгүй, сонсохгүй байж бас болдог. Нэг хүн удаа дараа ингээд байх юм бол report хийнэ гэж бас нэг ажил байна. Ялангуяа report хийхэд оюуны өмчийн зөрчилтэй зүйл гээд янз янзын зүйлүүд дээр бол report хийдэг. Ингэж өөрөө өөрийгөө сошиал орчинд хамгаална.

Сошиал орчинд ямар нэгэн байдлаар танруу дайрч давшилсан, доромжилсон хүнийг цагдаад өгч байсан тохиолдол бий юу?

Миний баримталдаг хамгийн гол зарчим бол намайг тэр хүн яаж ч шүүмжилж байсан, хэн нэгэн надад яаж ч үзэн ядалтын сэдлээр хандаж байсан би тэр хүнийг цагдаад бол өгдөггүй. Яагаад гэвэл би тэр хүнд төрөөр арга хэмжээ авахуулахыг хүсэхгүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн бас үг хэлэх эрхтэй, тэр хүн бас цаашаа үгээ хэлэх үүрэгтэй, хэлмээр байгаа юмаа хэлдэг эрх нь тэр хүнд байх ёстой. Надад таалагдахгүй юм хэлснийх нь төлөө би л блоклочихсон, бусдад таалагдах юм хэлж болно шүү дээ. Тийм учраас би тэр хүний хаягийг хаалгахын төлөө ерөөсөө тэмцдэггүй. Мөн тэр хүнийг цагдаад ерөөсөө өгдөггүй. Цахим хөгжлийн яаманд бол бүр ч өгөхгүй. Тэгэхээр Цахим хөгжлийн яамаар би хэнийг ч цензурдуулмааргүй байна, цагдаагаар би хэнийг ч цензурдуулмааргүй байна. Цензурдмаар бол би өөрөө цензурдмаар байна шүү дээ. Өөрийнхөө орон зайг би өөрөө л хамгаалаад аваад явна гэдэг ийм байдлаар ханддаг. Хүмүүсийг энэ цахим орчинд өөрийгөө хамгаалах боловсролыг хүмүүст сайн зааж өгөх ёстой гэж үздэг.

Баярлалаа.

                                                                                                                    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.