Н.Энхбаяр: Энэ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ бол шоронд байхдаа боддог байсан бодол минь юм
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-01-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийн дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэх” зорилготой улстөрийн намуудын бэлтгэсэн төслийг нэгтгэн танилцуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай ярилцлаа

Та бол Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гээд төрийн бүхий л албыг хашиж үзсэн хүн. Таны үед энэ Үндсэн хууль хэрэгжиж байсан шүү дээ?

Тиймээ. Би төрийн өндөрлөгт байсан. Одоо миний туршлага хэрэгтэй байхгүй юу. 1992 оны Үндсэн хуулийн үйлчлэх хугацаа дуусчихсан тухай л бид яриад байгаа юм.

Таныг зохиолчдын хороонд сайн орчуулагч байсан гэдэг. Соёлын сайд ч байсан учраас таны бичсэн энэ төслийг хүмүүс сайн зохиол гэж хараад байгаа?

Энэ бол зохиол биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй, ард иргэдийн амьдралд тулгуурласан Үндсэн хуулийн шинжлэх ухаан дээр тулгуурласан төсөл.

Гол зорилго нь яг юу юм бэ?

Чамд, ард түмэнд эрх өгөх гэж байна.

Эрх баригчид харамсалтай нь энэ төслийг хүлээж авахгүй байна шүү дээ.

Ерөнхий сайд хэлээд байгаа. Албан тушаалтнууд хүлээж авахгүй байх нь хамаагүй. Ард түмэн хүлээж авбал баталъя гэсэн. Ард түмэнд хүргэж өгөөч ээ! гэж сэтгүүлч та бүхнээс хүсээд байгаа юм.

Би хэрвээ шоронд явж байгаад амьд гарах юм бол ард түмнээ хамгаална гэсэн. Энэ хуулийн төсөл тэгвэл ард түмнийг хамгаалж чадах юм уу?

Ард түмнийг зуун хувь хамгаална. Шоронд байхдаа хэрэв эндээс амьд гарч чадвал ард түмнээ хамгаалсан сайн зүйл хийнэ дээ гэж боддог байсны минь илэрхийлэл. Энэ бол миний ард түмнийхээ төлөө хийж буй зүйл. Шударга ёс, үнэн зөв шийдвэрийг бодож олсон минь энэ. 

Монгол Ардын Хувьсгалт Намын боловсруулж байсан “Шинэ дээд  Үндсэн хууль”төслөөс юугаараа ялгаатай юм бэ?

Заавал ялгаатай байх албагүй шүү дээ. Зарим талаараа адилхан, зарим талаараа шал өөр. Жишээлбэл энэ төсөлд тангарагтны шүүхийн талаар асуудал, Нутгийн удирдах ёсны асуудал, Хүний эрхийн дээд комссын асуудал, Байгалийн баялгийн зохицуулалт, Үндсэн хуулийн эдийн засгийн асуудлууд хамаагүй илүү орсон байгаа. Адилхан ч юм байна, өөр ч юм байна. Энэ бол хамтын бүтээл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргын бүтээл. Манай төр засагт ажиллаж байгаа хүмүүс янз янзын шалтгаанаас болоод сошиолоор дайрна гэж болгоомжилдог юм шиг байна лээ. Надад тийм айдас байхгүй учир би гарч ирээд энийг яриад байгаа юм. Манай хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлэхэд тусалж чадахгүй бол битгий саад болооч, Та нар чадвал туслаарай чадахгүй бол битгий саад болоорой энэ ард түмэнд хэрэгтэй.

Энэ төсөл МАХН, МАН хоёрын нэгдсэн гэрээний үр дүн мөн үү?

Үгүй үгүй, заавал тэгж хэлж болохгүй. Энэ ардын нам, Хувьсгалт нам  хоёр нэгдэж, нээрээ шинэ үндсэн хууль гаргаж болохгүй байгаа зүйлийг засах гэсэн. Одоогийн Үндсэн хууль байхад хулгай, авилгал хээл хахууль тасрахгүй. Энийг таслан зогсооё л доо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.44.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.