Э.БОЛОРМАА: Ховд аймгийн иргэдийн АМЬДРАЛЫН ЧАДАВХЫГ сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ
Ярилцлага
/
2023-02-11

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хийж хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдтэй танилцахаар Засаг дарга Э.Болормаатай уулзаад байна.

Та сайхан өвөлжиж байна уу? Ховд аймгийн засаг даргын ажилд томилогдоод таван сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ? Саяхан мөсний баярыг амжилттай зохион байгууллаа. Аймгуудынхаа малчидаар яваад ирсэн гэлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал ямархуу байна?

Сайхан өвөлжиж байна уу? Нэг мэдэхэд л таван сарын хугацаа өнгөрсөн байна. Нэн түрүүнд анхаарсан асуудал бол өвөлжилтийн нөхцөл байдал байсан. Монгол улсад 2022 онд анх удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд 330 сумын 160 сум нь өндөр эрсдэлтэй гарсан. Тэр дундаа баруун аймгууд зудын өндөр эрсдэлтэй байгаа учраас аймгийн засаг даргын хувьд анх гаргасан шийдвэр маань өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын алба байгуулах байсан. Нэн тэргүүнд Өвс тэжээлийн нөөц бэлдэх ажлыг аймгийн хэмжээнд 350 хувиар давуулан биелүүлсэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл нь сургууль цэцэрлэгийн дулаан хангах гэх мэт өргөн хүрээтэй. Үүнд тэрбум төгрөгийн төсөв зарцуулсан. Үүнээс гадна манай аймгийн иргэд өөрсдөө бэлтгэлээ маш сайн хангасан. Шадар сайд Амарсайхан, Улсын онцгой комиссынхон айлчлал хийхдээ дурдаж байсан. Сумдын иргэдтэйгээ байнга холбогдож, мэдээлэл түгээж, санхүүгийн дэмжлэг уялдаа холбоотой ажиллаж байгаа. 

Ховд аймгйин хэмжээнд хэчнээн тооны мал байгаа вэ? Хавар хэчнээн мал төллөх тооцоо судалгаатай байна?

Оны сүүлээр Статистикийн газраас 3,5 сая тоо толгой малтай гэсэн тооцоо гарсан. Хэрхэн өвлийг давж, хэчнээн малын хорогдол гарахыг нарийн тооцоолж чадахгүй. Өнгөрсөн намар би өөрөө айл өрхүүдээр явж авсан мэдээлэл мөн мэргэжлийн байгууллагуудаас авсан дүгнэлтээр айлууд 20-30 хувь малаа цөөлсөн байна. Энэ нь хүндхэн өвөл болж байгаатай холбоотой эдийн засгийн эргэлтэнд орсон гэсэн үг. Тэгэхээр хаврын нөхцөл байдлыг харж байж л нарийн тооцоо гарах байх.

Саяхан “Инвест Ховд” гэж хөрөнгө оруулалтын томоохон үйл ажиллагаа боллоо. Ер нь Ховд аймгийн ирээдүйг хэрхэн харж байна? Цааш удирдан чиглүүлээд явахад юу чухал вэ?

Ховд аймаг бол баруун бүсийн тулгуур төв юм. Орон нутгийн хөгжил сайжирснаар иргэдийн амьдрал сайжирна. Мөн Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл багасаж амьдралын чанар нь сайжирна. “Инвэст Ховд” үйл ажиллагааны эцсийн зорилт нь амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг тэлэх байсан. 2023 оноос эхлэн орон нутгууд бие даан бонд гаргах, цалингаа нэмэх гэх мэт эрхтэй болсон. Ажлын байрыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч татах талын зорилгоор хийсэн үйл ажиллагаа. Уг арга хэмжээ нь Ховд аймаг болон Улаанбаатар хотын 120 гаруй хувийн хэвшлийн компаниудын дэмжлэгээр бүтсэн. Ямар нэгэн төсвийн оролцоогүй. Гол нь өрхийн орлогыг нэмж, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Та яриандаа иргэдийн амьдралын чанарын талаар нэлээд дурдлаа. Ховд аймгийн иргэдийн амьдралын чанар хэр үзүүлэлттэй байна?

Статистикын хорооноос өгсөн мэдээллээр Ховд аймаг яг дундаж. Гэхдээ амьдралын чанарыг маш олон хүчин зүйлсээр тодорхойлдог учир эргэлзээтэй. Миний хувьд эхний хоёр сар бүх сумдаар очиж иргэдтэй уулзаад цааш юуг чухалчилж ажиллахаа тодорхойлсон. Үүн дээр гурван зүйлийг чухалчилснаас,

Нэгдүгээрт: Амьдралын чанар. Би дөрөв дөх өдөр бүр иргэдтэй уулздаг. Тэдний зүгээс халуун усны газар байхгүй байна, хогны асуудал яасан бэ? золбин ноход яах вэ? автобус яасан бэ? гэсэн энгийн асуудлууд их ирдэг. Гэтэл төсөвт эхний сургууль нь дүүрээгүй байхад дараагийн сургуулийг барих асуудал яригдаж байсан. Гол нь том том төсөв мөнгөний бус энгийн асуудлууд байдаг. Оронд нь тэр суманд хэрэгтэй бүтээн байгуулалт хийх хэрэгтэй.

Хоёрдугаарт:  Иргэд шударга нийгмийг хүсэж байна. Тендерийн асуудлийг би анх өрсөлдөж байхдаа л ярьдаг байсан. Газар олголт ч гэсэн шударга байх ёстой. Иргэд 0.7 га газрыг нэг удаа үнэгүй эзэмших эрхтэй. Гэтэл аймгийн төвд 4000 гаруй газрын өргөдөл ирсэн байхад 100,200-н өрөгдлийг л авдаг. Энийг ч гэсэн ямар шалгуураар олгоод байна гэдэг нь эргэлзээтэй. Засгийн газраас 2023 оныг авилгатай тэмцэх жил гэж зарласан. Үүнийг үргэлжлүүлээд ажиллах болно.

Гуравдугаарт: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа. Энэ нь эдийн засгийн хөгжлийн төлөө мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Манай аймагт хэрэгжүүлж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” нь эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох томоохон төсөл. Жишээлбэл “Инвест Ховд” үйл ажиллагаагаар дамжуулж хувийн хэвшил үйл ажиллагаа явуулахад төр саад болохгүй, дэмжиж байна гэдэг нь л өөрөө Шинэ сэргэлтийн бодлого.

Монгол улсын засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын дагуу хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” шүү дээ. Та газар дээр нь очиж танилцаж, нөлөөллийн бүсэд байгаа иргэдтэй уулзсан уу? Тэдгээр иргэдэд нүүж, шилжих шаардлага гарч байна. Хамгийн сүүлд хэзээ очиж танилцсан бэ?

Миний хувьд хоёр долоо хоногийн өмнө очиж танилцсан. Ажил хүлээж авснаасаа хойш дөрвөн удаа очсон. Энэ цахилгаан станц нь гурван аймгийн дөрвөн сумыг хамарч байгаа. Манай аймгийн хувьд Эрдэнэбүрэн, Мянгад гээд хоёр сумыг хамарсан. Маш том төсөл болж байна.

Би аваад удаагүшй байхдаа очиход иргэдийн эсэргүйцэл нэлээд өндөр байсан. Иргэдтэй уулзаад ойлголцсон учир хамтарч ажилласан. Нөлөөлөлд өртсөн айл өрхүүдтэй 100 хувь гэрээгээ байгуулчихсан байгаа. Мэдээж  томоохон төсөл хийгдэхэд эсэргүйцэл гарна. Үүн дээр иргэдийн санаа зовж буй асуудал буюу бэлчээр, усны нөөцийн талаар мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгасан.

Ховд аймагт Улаанбаатараас шилжиж ирэх иргэдэд ямар боломжууд нээлттэй байгаа бол??

Манай аймаг 90,000 хүн амтай. 17 сумтай. Засгийн газраас хүн амаа 10 хувь ихэсгэх чиглэл өгсөн. Тэгэхээр “Инвэст Ховд”, “Мөнгөлөг шагшуурга” зэрэг үйл ажиллагаанууд маань үүнтэй уялдаж байгаа юм. Хамгийн түрүүнд Ховдод хүн суурьших нөлөөллийг харуулахын тулд “Мөнгөлөг шагшуурга” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Манай аймаг маш сайн дэд бүтэцтэй. БНХАУ-тай холбогдож болно. Баян-Өлгий аймгаар дамжина. Оросын холбооны улстай холбогдож болно гэх мэт маш олон давуу талтай. Хотод түгжрэл, утаа хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа. Эдийн засгийн боломжийг эрэлхийлж байгаа хүн бүрт манай Ховд аймаг нээлттэй шүү.

Ховд аймагт томоохон төслүүд байдгийн нэг нь “Хөшөөтийн нүүрсний орд”. Гэвч сүүлийн үед аймгийн иргэдийн хурлын оролцоо ч юм уу, хууль бус тендерийн шахаа байдаг гэх мэтчилэн хэл ам дагуулж байна. Таны хувьд энэ талаар судалж үзсэн үү?

Манай аймгийн эдийн засгийн тэн хагас нь хөдөө аж ахуй. Гэхдээ уул уурхайн гурван төсөл явж байна. Эдгээрээс хамгийн том нь “Хөшөөтийн орд” дээр үйл ажиллагаа явуулж байгаа. “Мон Инко” гэх компани бий. Үүнтэй холбоотой гомдол санал гардаг учир анхаарч ажиллаж байна. Миний хувьд ажилд орсноосоо хойш хийсэн ажил бол “Мон Инко” компаны экспортын нэг тонн бүрээс нэг доллорыг “Хөшөөт хөгжлийн сан” буюу аймаг орон нутгийн хөгжилд зарцуулахад өгдөг. Үүнийг зарцуулах эрх нь иргэдийн төлөөлөгчдийн хуралд байна. Үүнд миний хувьд тогтолцооны өөрчлөлт хийсэн нь энэ мөнгийг иргэдийн саналаар зарцуулна. Саяхан гадаад дахь захиралтай нь холбогдохдоо энэ бүтээн байгуулалт дээр аль болох Ховдын иргэд илүү ажиллаж, ханган нийлүүлэх копаниуд нь Ховдын хувийн хэвшил байх тухай, мөн миний хувьд тавьсан шаардлага нь авилгалын хэргийг гаргахгүй байх хэрэгтэй, мөн маш хатуу хяналт тавина гэдгээ илэрхийлсэн.

Дараагийн нэг асуудал нь “Халзан бүргэдэйн” орд. Засгийн газраас эдийн засгаа эргэлтэд оруулах зорилготой ч Ховд нутгийхан ялангуяа Мянгад сумынхан нэлээд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн. Таны хувьд ямар шийдэл гаргасан бэ??

Засгийн газрын бодлого бол баялагтаа эзэн Монгол. Иргэдийг мэдээлэлгүй байгаатай холбоотой гэж бодож байна. “Халзан бүргэдэй” ордны талаар бид бүрэн мэдээлэлгүй байна. Миний ажил бол аймгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах учир 11 сард үйл ажиллагааг нь зогсоосон. Одоогоор хайгуулын ажил хийхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хуулиараа хийдэггүй.

Ховд аймгийн ирээдүй болсон хүүхдүүдийн сурч боловсрох эрүүл аюулгүй амьдрах эрх хэр хангагдаж байна? Саяхан сэтгэл сэртхийлгэм үйл явдал болсон. Хүүхэд хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ дурдвал?

Саяхан нийтийн сүлжээгээр явсан харамсалтай хэрэг болсон. Аймгийн удирдлагууд болон хүүхдийг хамгаалах зөвлөлийн дарга хамтраад шалгаж байна. Үүн дээр төрийн үйл ажиллагааны алдаа илэрвэл мэдээж хариуцлагыг нь хүлээлгэнэ. Энэ асуудал бол хүүхдийн биш томчуудын л буруу. Энэ дандаа болдог үйл явдал биш. Хүүхдүүд минь ямар нэгэн буруу зүйл тохиолдвол сургуулийн мэргэжилтэн, эцэг эх, цагдаагийн байгууллагад хандаж байгаарай.

Монгол улсын Засгийн газраас шилдэг аймгийг тодруулдаг. Миний санахаар Ховд аймаг хоёр ч удаа шилдэг аймаг болж байсан. Ирэх жилүүдэд аймгийн хөгжлийг юунд тулгуурлана гэж хар байна вэ? Таны төлөвлөгөөнөөс сонсьё.

Миний хувьд Ховд аймгаа шилдэг аймаг гэхээс илүү хүн бүр хөдөлмөрлөөд, чинээлэг, дундаж давхаргынхныг олон болгож амьдралын чанараа дээшлүүлэхэд анхаарна. Төрийн үүрэг бол барилга үйлдвэр барих гэхээс илүү иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нээж өгөх юм. Хүн бүр Ховд аймагт маань зочлоосой. Өөрийн хийж болох бизнес ажлаа судлаад манай аймагт суурьшаарай гэж уриалж байна.

Та эмэгтэйчүүдийг төлөөлж анх удаа аймгийн засаг дарга хийж байгаа. Эмэгтэй хүн улс төрийн ажил хийхэд ер нь ямар хүндрэл учирч байна?

Ер нь олон улсын судалгаагаар эмэгтэй хүн удирдах албан тушаалд очсоноор авилгал буурч, энэрэнгүй нийгэм цоглоодог гэсэн байдаг. Тиймээс улс төр, удирдах албан тушаалд орохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд зоригтой өөрийнхөөрөө байгаараа. Өнөөдөр миний засаг дарга болж байгаа нь өмнөх үе үеийн улс төрч эмэгтэйчүүдийн маань гаргаж өгсөн жим гэж боддог. Миний үүрэг бас эмэгтэй хүн удирдах салбарт ажиллах хэвшлийг бий болгохын тулд сайн ажиллах ёстой байгаа юм.

Баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.