А.НОМУУНДАРЬ: "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг, оношилгоо хийж байна
Ярилцлага
/
2023-03-05
Жил бүрийн гуравдугаар сарын 03-ны өдрийг ДЭМБ-аас “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” хэмээн зарлаж олон улсад тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг.

Сошиал орчны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна. Үүнтэй  холбоотойгоор сонсгол бууралт, дүлийрэлт эрс нэмэгдэж байгаа бөгөөд харамсалтай нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд болон хүүхдүүд байгаа юм.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр сонсголын бэрхшээлтэй 466 сая хүн амьдарч байгаагаас 34 сая нь хүүхдүүд байна.

Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо бий. Насжилттай холбоотой сонсгол бууралт үүсч байдаг ба 65-аас дээш насны гурван хүн тутмын нэгнийх нь сонсгол хэвийн бус болдог байна.

Монгол улсад 2018 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8439 хүн байдаг. Үүний 3789 нь эмэгтэй , 4194 нь эрэгтэй, 0-17 насны хүүхэд 671 байдаг.

Орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байна.

Тэгвэл “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Энна клиник” эмнэлгээс сонсголоо хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар “Энна клиник” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч, Анагаах ухааны магистр А.Номундарьтай уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? танд өдрийн мэнд хүргэе! Танай эмнэлгийн зүгээс “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан чих, хамар, хоолойн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байгаа гэсэн. Хүмүүс хэр их ирж байна?

Өнөөдөр бол дэлхийн “Сонсгол хамгаалах өдөр”. 2023 оны хувьд сонсгол болон чихний үзлэгийг хүн бүрт тэгш хүртээмжтэй хүргэе гэсэн уриан дор явагдаж байна. Тиймээс манай эмнэлгийн зүгээс чих, хамар, хоолойн үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй үзүүлж байна. Хүмүүс нэлээн их ирж байна. Учир нь чих, хамар, хоолойн өвчлөл манай улсад маш их байдаг. Ялангуяа хүүхдүүд болон өсвөр настнуудын хувьд түгээмэл тохиолддог учраас иргэд их ирж байна.

Чихний сонсгол бууралтад голчлон нөлөөлдөг зүйлс юу байдаг вэ?

Дэлхий дээрх 1.5 тэрбум хүн их бага хэмжээний сонсгол бууралттай байна гэсэн тоо баримт бий. 2020 он гэхэд энэ тоо 2.5 тэрбум болох судалгаа гарсан. Сүүлийн үед шуугианы гаралтай сонсгол бууралт маш их байна. Энэ нь чихэвчээр хөгжим сонсох ихэссэнтэй холбоотой. Залуучууд ялангуяа хөгжмөө тултал чангалаад өдөржингөө сонсчихдог. Мөн үрэвсэлт өвчин дунд чихний архаг, цочмог үрэвслүүд байдаг. Манайхан хэнгэрэг цоорчихлоо, булаг гарлаа гээд эмчид үзүүлэхгүйгээр дусаалга, өмнө нь хэрэглэж байсан зүйлсээ хэрэглээд байдаг. Ингээд байхаар өвчин нь даамжраад сонсгол бууралтанд нөлөөлдөг. Мөн чимээ шуугиан ихтэй газар ажилладаг хүмүүс хамгаалалтын чихэвч зүүгээгүйгээс сонсгол бууралтад мөн адил нөлөөлнө. Өвдөөд байвал эмчид үзүүл, хамгаалалтын чихэвч зүүж хэвш, чихэвчээр хөгжим сонсвол 60/60-ын дүрэм баримтал. Дууны чанга нь 60 хувиас их байж болохгүй. 60 минутаас урт хугацаагаар сонсож болохгүй гэсэн үг. Үүнийг хэтрүүлдэг бол сонсгол аажим аажмаар буурна гэсэн үг.

Сонсгол муудалтад голдуу хэдэн настай хүн өртддөг вэ?

Чихний үрэвсэлт өвчнөөр голчлон хүүхдүүд өвддөг. Анатомын онцлог байна л даа. Хамар болон чихийг холбосон гуурс гэж байдаг. Энэ нь хүүхдэд хөндлөн, өргөн байдаг. Ханиад хүрээд хамар нь битүүрэх л юм бол маш сайн онгойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэнгэрэг цоорно. Хэнгэрэг цоорвол толгойгоо угаах, усанд орох үед гадны бохирдлоос болж байнга сэдрэх гээд байдаг талтай. Тийм болохоор бүрэн төгс эмчилгээг нь хийлгэх, хэнгэрэг нөхүүлэх шаардлагатай бол яаралтай нөхүүлэх хэрэгтэй.

Өсвөр насныхны сонсгол муудах явдал маш их байна гэлээ шүү дээ. Магадгүй мэдээлэлгүйгээс болж өөрсдийнхөө сонсголоо хамгаалж чаддаггүй байх л даа. Тэгэхээр иргэдэд сонсголоо хамгаалах зөвлөгөө мэдээлэл хүргэхгүй юу?

Шуугианаас шалтгаантай сонсгол бууралт их байгаа тул чихэвчний хөгжим сонсож байгаа бол хүнтэй хольж солихгүй байх, чанга сулын хэмжээг тохируулж, урт хугацаанд бүү сонс. Аль болох чихэвчгүй, задгай хэлбэрээр сонс. Хэрвээ чих нь өвддөг, булга гардаг бол өөрөө дур мэдэн эмчлэх бус мэргэжлийн эмчид хандаж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Ярилцсан танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.