Да.Ганболд: “ДУБАЙН ГЭРЭЭ” хийгдээгүй бол ОЮУТОЛГОЙН ӨНӨӨГИЙН  ТҮҮХЭН НЭЭЛТ болохгүй байсан!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-03-14

Өнөөдөр Оюутолгой төслийн гүний уурхайн анхны хүдрээ олборлох түүхэн өдөр тохиолоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад зочид Өмнөговь аймгийн Ханбогд суманд оролцсон цуглаж очиж гүний уурхайн 1,2 метрийн гүнээс нээлтийг эхлүүлсэн бол Улаанбаатар хотод Шанг-рила зочид буудлын их танхимд том дэлгэцээр нээлтийн үйл ажиллагааг дамжуулав. Энэ үеэр хүндэт зочдын тоонд багтан уригдсан “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирал асан Д.Ганболдтой цөөн хором ярилцлаа.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаас хойш 13 жилийн дараа ГҮНИЙ УУРХАЙН АНХНЫ ОЛБОРЛОЛТ боллоо. Та бол Оюутолгойг удирдаж байсан хүний нэг. Ажлынхаа үр дүнг харж суухад юу бодогдож байна вэ?

Энэ танхимд цугласан хүмүүсийн адил догдолж байна. Их говьд ганц хоёрхон гэр бариад анхны хайгуулыг эхлүүлж байснаа бодвол 20 гаруй жилийн дараа олон саад бэрхшээлийг давж өнөөдрийн баярт хүрсэн нь түүхэн амжилт. Миний хувьд тодорхой цаг хугацаанд энэ төслийг удирдаж зогсонги байдлаас нь гаргаж, цааш үргэлжлүүлсэн хүний хувьд цөөнхөн хэдэн зүйл хэлье. Олон талын эрх ашгийг нэгтгэж, аль алиных нь сонирхолыг олж алтан дунджаар нь хандаж, Монголчуудын язгуур эрх ашгийн төлөө ажилласан явдал юм. Өөрөөр хэлбэл байх цагтаа байх газраа байж хийх ёстой зүйлээ нэр төртэй хийж чадсандаа бахархалтай байна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар, таны удирдлагын баг бол Оюутолгой төсөлд жинтэй хувь нэмэр оруулсан. Гэвч зарим хүмүүс үгүйсгэдэг. Та нэгэн яриандаа “Ч.Сайханбилэгт Монголын төр ХҮРЭЛ ХӨШӨӨ БОСГОХ ЦАГ ИРНЭ” гэж байсан удаатай шүү дээ?

Хүн бүр өөрт оногдсон ажлаа л хийсэн. Хоёр жил гаруй хугацаанд гацчихсан байсан, олон тэрбум доллартой холбоотой хөрөнгө оруулалтыг зогсоочихсон байсан цаг үед Ч.Сайханбилэгийн Засгийн газар гацаанаас гаргах бүх шийдлийг хийсэн. Олон жил улс төрд явсан хүний хувьд ажиглахад ХЭН НЬ Ч МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ байгаагүй. Тийм байх ямар ч боломжгүй. Миний хамт олон Монголын эрх ашгийг хэзээ ч тав зургаадугаарт тавьж байгаагүй. Энэ том төслийг хэрэгжүүлэхийн тулд маш олон ашиг сонирхол явагддаг. Тэр ч бүүхэл энэ төслийг гацаая гэсэн хүн байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг монголоос хөөх сонирхол ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Юм гэдэг эцсийн үр дүнгээсээ их хамаардаг. Сая сонсож суухад маш их тоон мэдээлэл хөвөрлөө. Монгол Улсыг ядуу буурай, дорой хөгжилтэй гэж олон жил ярьсан. Гэтэл өнөөдөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг мянган долларт хүргэж, хөгжилтэй улсын тоон зүй ёсоор орууллаа. Энэ бол ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ҮР ДҮН. Харин энэ төслийг гацаах гэсэн, зогсоох гэсэн хүмүүсийг үг яриа түүхийн хуудаснаас зугуухан арилж байгаа.

Танай Засгийн газрын үед байгуулсан “ДУБАЙН ГЭРЭЭ”-г маш муу, ашиггүй гэрээ гэж үзээд цуцалсан. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

Ямар ч гэрээ хэлцэл улстөрөөс их хамаардаг. Оюутолгойн анхны гэрээ 2010 онд байгуулагдаад ил уурхайн олборлолт явагдаад дараа нь “ДУБАЙН ГЭРЭЭ” хийгдэх зайлшгүй шаардлага байсан. Тухайн үед “ДУБАЙН ГЭРЭЭ” хийгдээгүй бол энэ төсөл 2015 оноос бүх ажил нь  гацах байсан. Муу, буруу байгаагүй. Зайлшгүй зурагдах ёстой байсан гэрээ. Хэрэв тэр гэрээ байгаагүй бол ноднингийн өр дарах ажиллагаа ч хийгдэхгүй байсан. Улстөрийн өнцгөөс хийсэн том алхам байсан.

10, 20 жилийн дараа Монгол улс дэлхийд ЗЭСИЙН ЭКСПОРТЫН ГОЛ ТОГЛОГЧ ОРОН БОЛНО гэж харж байна. Та үүнд хэр итгэлтэй байна вэ? Ер нь гүний уурхайн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Энэ бол маргаангүй улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна. Алдсаа манай улсын хөгжил дан ганц ОЮУТОЛГОЙ ТӨСЛӨӨР цааш явахгүй. Яг үүн шиг эрчим хүчний, уул уурхайн олон том төслүүд хэрэгтэй. Үүнтэй төстэй 10 том төсөл байвал Монгол улсын хөгжил ХЭНД Ч ГҮЙЦЭГДЭХГҮЙ гэж харж байгаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.73.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.