АДУУЧИН ААВЫН ХҮҮ БИЛЭЭ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-08-24
/Найруулал/

 

Хонгор нутаг энэ жил зуншлага сайхан байна. Ялангуяа Улсын тэргүүний Галуут сумын Хойд үүд орчим хамба ногоон тал мэлийтэл угтаж нарны шижир туяатай сүлрэх нь гайхамшиг гэлтэй. Хонгор нутгийн бүхий л адуучин залуус энд цуглаж уул өргөж, ус мөрнийг дайвалзуулах шиг болов.

Азарганы ноцолдоон, унаганы уралдаан гэгч ёсоороо болох нь тэр. Хичнээн ч азарга адуу тургилан янцгааж, туурайгаараа газрын хөрсийг бөмбөрдөв, ёстой бүү мэд. Шинэхэн хомоолын исгэлэн үнэр хамар цоргиж, цатгалан морьд унгас алдах нь хичнээн таатай. Монгол маань тэрчигтээ АДУУНЫ ОРОН билээ. Улсын тэргүүний галуут сум сарлагаараа ч, адуугаараа ч аймагтаа дээгүүрт ордог. Алдарт ТОМ ЧИХТ БОР хэмээх сум аймагтаа олон түрүүтэй эгэлгүй хурдан хүлэг байсан. Сүүлийн үед сум, аймаг, бүсэд нэрээ дурсгасан шаггүй уяачид элбэгшиж буй нь сайшаалтай.

Тарган морьд тангаралдаж, бага морьд ялаархсан зун, намрын завсрын өдрүүдэд Баянхонгор аймгийн аварга шалгаруулах “АДУУЧИН-2023” тэмцээн болох гэж буй нь энэ. Эмээл, хазаараа зэхсэн зэгсхэн адуучид гэгэлзэж, хархан гэзэгээ гурваар сүлжсэн нутгийн охид дэгэлзсэн Галуут сумын Хойд үүдийн хөндий адууны чимээтэй, адуучин залуусын зүрх түргэн түргэн зохиолоостой... Уургын урт, хуйвын уужууг гайхуулсан залуус аль хүлэгч сайн морьдоо эмээлцгээжээ. Урт урт уурга тэнгэр багандах шиг суналзан сугсрах нь ай юутай бахархалтай. Байдсан гүүгээ бусдаас харамлах халтар азарга нарийхан хээр морины ташааг өм хазах нь бас гайхам. Чих нь сортолзсон эмнэг үрээд хомоол, хазаар ногтноос бусгахуйд хэдийнээ уналага эдэлгээнд дассан морьд хөлстэй томхоо үнэрлэн ялаархан зогсох...

Сум сумын шилдэг адуучид цугларсан учир нутгийнхан бусдад муугаа харуулахгүйн тулд хэрэндээ  л гангалцгаах. Балчирхан жаалууд нааш цааш давхилдан, адуу мал эргүүлэх нь хэзээний л адуучин ААВЫН ХҮҮ болсон л илт. Ууруу улаан морь амаа авч давхих, хөөрүү хүрэн морь хүүхдээ шилгээх, ганган халиун морь арван чимэгтэй эмээлээ гайхуулах мэт эргэцэн унгалдах.

Нуруугаа үүрсэн нутгийн ах нар тамхилж, хөөрөглөсөөр. Энд тэндхийн адууны хурд, угшил, үр төл ярьсаар... Дүнсэн тамхины манарсан  цэнхэр утаа зарим зуур суунаглана. Цаг үе өөрчлөгдөөд ч тэрүү ерөнхийдөө л хотожсон өнгө аяс дагуулна. Гэхдээ л монгол ахуй, монгол малын үнэр, адууны, сарлагийн үнэр үнэртэх нь сайхан. Дүүхэлзсэн морьдоо ханартал сойж, хэдэн үе дамжсан бүү мэд шинэхэн мэт гялалзсан мөнгөн эмээл хазаар гялалзана. Настай ах нар саранд элэгдэж гандсан, гөлөм жирэм нь хуучирсан навсгар бор эмээл ч байх шиг.

Нударгатай дээлээ сугалдаргалсан залуучууд давхилдаад л ийм сайхан мэдрэмж дүүрэн баяр бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Гомбожав агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах “АДУУЧИН 2023” тэмцээн юм. Дамдинжавын Гомбожав нь өнөөгийн УИХ-ын дарга Занданшатарын аав бөгөөд Баянхонгор аймгийн Галуут сумд 1934 онд төрсөн. Багаасаа эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, багийн тоо бүртгэгч, багийн дарга, сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж Галуут, Баацагаан, Өлзийт сумдыг удирдаж байгаад хожим нь МАХН-ын захиас даалгавараар Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйг уналтаас сэргэлтэд хүргэн удирдаж улсын шилдэг аж ахуй болгон хөгжүүлсэн түүхэн гавьяа байгуулсан тул 1992 онд “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” хэмээх цол шагнасан байдаг.

Монголчууд сайн хүний үр, сүүт гүүний унага хэмээн ярьдаг. Д.Гомбожав баатарын хүү Занданшатар сайн эцэг эхийн нэрийг өндөрт өргөн, Монгол улсын төрийн дээд байгууллагыг удирдан чиглүүлж яваа “чансаатай улстөрч” билээ. Хүн эцэг эхийнхээ нэрийг өргөхөөс гадна ачийг нь хариулж, алдрыг нь мөнхөлнө гэж зүтгэж явдаг. Г.Занданшатар ч үүний нэгэн адил хайрт аавынхаа нэр, мөрийг тодотгон томруулж, нутаг орондоо санан дурсаж, АДУУНД ДУРТАЙ ААВЫНХАА  хүслийг гүйцээн “АДУУЧИН” тэмцээнийг ивгээн тэтгэж, зохион байгуулав. Аавынхаа хүслийг хүү нь гүйцээж, азарганыхаа хүрээгүй алсад төл нь хурдалдаг гэж аугаа зохиолч Т.Галсан найрагч цэцэлсэн нь бий.

Д.Гомбожав баатарын хүү Занданшатар “...намайг хорин хэдэн настай байхад миний аав нутаг усандаа ирж, Уутын голоороо хөндлөн гулд давхиж явахдаа адуунд дуртай сайн уургач байснаа дурсан ярьж байсан юм.... Миний аавынд хурдан хээр,  уургын хээр гэж хоёр хээр морь байсан юм билээ хэмээн тэр дурсамж ярьсаныг нутгийн сэтгүүлч СГЗ П.Санаадагва тэмдэглэн сийрүүлжээ. Д.Гомбожав баатар тухайн үеийн нэгдлийн адуун сүрэг маллаж ажлын гараа, амьдралын замаа эхлүүлсэн сайн адуучин, сайн уургач, сайн уяач явсан нэгэн гэдгийг Галуутын хөгшчүүл, учир мэдэх хүмүүс хуучилж суусансан.

Эл наадмын гол зорилго болбоос Монголын адуун соёл, түүний дотор морь уургалах, эмнэг хангал адууг уналга, эдэлгээнд сургах, хурдан жороо болон хатирч, арилжаа морьдын уралдааныг дэлхийн биет соёлын өвөөр ЮНЕСКОД бүртгүүлэх тухайтад оршиж байв. Монголын морин спорт, уяачдын холбооноос 10 жилийн өмнө хурдан морины уралдааныг ГЕННИСТ бичүүлж, Монгол хурдан морьдоороо дэлхийд гайхуулж байв. Тэр үед 10 мянган монгол морьтон нэгэн дор цуглаж Хүй мандлын дэнжийг морьдийн алтан туураар тамгалж байсан бол Улсын тэргүүний Галуут сумын Сүмбэрийн хоёрдугаар баг, Хойд ҮҮДИЙН ДЭНЖИД ийнхүү Хонгор нутгийн адуучид цугларан их наадмаа хийж, сайчуулаа шалгаруулав. Энэ удаагийн тэмцээн наадамд сум, сумын нийтдээ 400 гаруй адуучин залуучууд оролцсоноос 218 залуу таван төрөлт тэмцээнд морины сайхныг унаж, тоног хэрэглэлийн болоод хувцасны дээдээрээ гангарч, эрийн хийморь, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөр Монголын "Адуучин" тэмцээний рекордыг шинээр тогтоосныг орон нутгийн хэвлэл онцолжээ.

Баянхонгор аймгийн аварга шалгаруулах "Адуучин-2023" тэмцээнд нийт 216 залуучууд оролцож Монгол улсын рекордыг шинээр тогтоон таван төрөлд ид хав, авхаалж самбаа, адуучин эр хүний хийморь золбоогоо гайхуулан адуун сүргийн босоо цагаан хийморь дор өрсөлдсөнөөс  "Адуучин" тэмцээнд Жаргалант сумын адуучин А.Бадамдэлгэр аваргалж аймгийн аваргаар шалгарсан бол Баян-Овооны М.Дүгэрням, Бөмбөгөрийн  Б.Даваадалай, Эрдэнэцогтын Д.Нямдэмбэрэл, Галуутын Э.Одбаатар нар удаалжээ.

 Жороо морины уралдаанд Галуут сумын Үнэгтийн гуравдугаар багийн малчин Т.Баатарсайханы хүрэн түрүүлж, Богд сумын Т.Дашнямын хүрэн, Өлзийт сум, аймгийн аварга тариаланч О.Хадбаатарын саарал морь эхний гуравт хурдалжээ.

Суман өртөөний тэмцээнд Баян-Овооны Д.Бүдрагчаа, мөн сумын Д.Авид, Богдын Т.Дашням нар шалгарсан байна.

Аймгийн аварга адуучин М.Жигжидсүрэнгийн хүү МҮОНР-ийн Алтан унаганы эзэн Ж.Ууганбаярын нэрэмжит цолгүй 64 бөхийн барилдаанд Баацагааны А.Өлзийбаяр, Г.Сэрдамба Баян-Овоо, Жинст сумын Г.Дашням, Өлзийтийн Ё.Чойжилсүрэн нар дөрөвдүгээр байруудад шалгарсан аж.

Сайхан хос морьтон гэр бүл шалгаруулахад 11 гэр бүл оролцон өрсөлдсөнөөс Өлзийтийн Б.Цэнгэл, эхнэр Ж.Мягмарсүрэн, хүү Ц.Мөнхбаяр нар тэргүүн байрт шалгарсан бол Галуутын Ж.Түмэнбаяр, эхнэр М.Ариунжаргал, хүү Т.Наранбаатар, Бөмбөгөрийн П.Зоригт, эхнэр Ж.Дэлгэрмаа, хүү З.Загдсүрэн нарын гэр бүл эхний гуравт шалгарчээ.

Уран уургачаар Баян-Овооны М.Дүгэрням шалгарсан ажээ.

Ийнхүү "Адуучин 2023" аймгийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорч одод хотолсон тэнгэрийн дор УИХ-ын дарга Г.Занданшатар, ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нараас шагналаа гардаж авсан байна.

Мөн аймгийн аварга адуучныг  азаргаар, уран уургачыг мотоцилиор байлсан  байна.

Хөдөө малын захад өссөн Хөдөлмөрийн баатар Д.Гомбожав агсны хүү Г.Занданшатар  ч бас адуунд эрэмгий нэгэн юм. Ганган борлог морины эргэцээн дунд мордон Галуутад цугларсан адуучин залуустай ана мана уралдаж, уурга бариад морь элдэх нь бас л монгол эр хүн бүрийн унагасан авьяастайг батлах мэт байв...

Хамба ногоон зуслантай Хойд үүдийн ханагар дэнжид хурдан хурц хүлгүүд янцгаан унгалдаж, Хонгор нутгийн адуучид барилдаж ноцолдсон намрын эхэн сарын өдрүүд айраг, найрагаар дүүрэн сайхан өнгөрлөө. Хөлс нь үнэртсэн морьдийн дэргэдээс хотыг зорих зочид ардаа ажилтай, яаруу сандруу байв ч адуунд хоргодсон сэтгэл нь Үүдийн голын усыг мэлтэлзүүлэх шиг асгарч байсан нь лавтай. Адууны өлгий алдарт Арвай хээрийн талын цуут их найрагч Дэндэвийн Пүрэвдорж абугайн

Адуучин аавын хүү билээ

Агтны тоосонд төрсөн билээ

Алимнаас унасан алим билээ

Амьнаас унасан амь билээ

Аавын үгүйд аав болсон

Ард олноо хайрлаж яваарай

Асар их үнээр олдсон

Аз жаргалаа хамгаалж яваарай...

Хүү нь өсөж том болно

Хүрэн тасыг жигүүр ургана... гэх дууг өөрийн эрхгүй аманд аялуулна. Г.Занданшатар дарга үнэхээр л АДУУЧИН ААВЫН ХҮҮ юмсанж. Хүү нь өсөж том болчихсон монгол адууны маллагаа, эдэлгээг ЮНЕСКОД бүртгүүлэхээр зориглосон нь хүрэн тасын жигүүр гэлтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.