Тэрний хүмүүс...
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-12-20

Улстөрчид олон нийтийн тархинд, зүрхэнд суусан нэг тийм унаган харизмгүй бол тэгээд л хэдхэн сарын дараа мартагдана. Яг л хугацаа нь дууссан, актлагдсан бараа шиг, хэнд ч хэрэггүй болдог. Харин өөрийн гэсэн имидж, харизм, тоглоомын дүрэм, зан авиртай хүн бол мартагдах нь үгүй. Өнөөгийн улстөрд ганц байгаа “гялайх” харизмтай нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүний “хаана”, бооно, тэг ингэ гэсэн эрс шулуун үг, ширээ цохьдог өвөрмөц үйлдэл зэрэг нь “амьдруулж” байна. Бусдаас ялгарах ямарваа нэг содон, өввөрмөц үйлдэлгүй бол тэгээд мартагдана, улстөрийн дэвжээнээс арчигдана.

Монголын улстөрд өөрийн зан чанар, хатуу хөтүү, яхир ааш, хоржоонтой үг зэргээрээ байнга шахам үгүйлэгддэг цөөн хэдэн улстөрч бий. Цэндийн Нямдоржийн тэр ааш аяг, З.Энхболдын хясан боогдуулж, янаглан хорлодог үйлдэл, О.Баасанхүүгийн хорон үг, Женко Х.Баттулгын “шазруун зан”, Ц.Элбэгдоржийн “уран жиргээ”, Л.Гүндалайгийн “айлгүйтэл”, С.Баярын “чамирхал” гээд л хаяадаа үгүйлэгддэг. Тийм хүмүүсийг цуглуулга ч парламентыг улам л сонирхолтой, амьд болгодог

Нүдээ нээгээд хар... Улстөрөөс явсан ч яваагүй юм шиг, харин ч хачин сонирхолтой, тааварлахад бэрх тоглолтыг Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Баяр нар одоо ч “гудамжнаас” үзүүлсээр байна. Эби, Женко хоёрын АРДЧИЛСАН НАМЫГ ХАЙРУУЛЫН ТАВГАН ДЭЭР ШАРЖ, МАН гэсэн хүчит улаан галаар түлж байгааг зодоон тун сонирхолтой байв. Эцэст Женко мөнгөөрөө бүхнийг худалдаад авчихлаа. Айхтар “нохой”. Монгол ялна гэж лоозогносон тэр одоо ч ялалтдаа бүрэн ханаагүй. Энд тэнд бага оврын зодоон үсэргэж л явна. Хууль, шүүхийн хаалга татах шахам болж хуулийн утсан дээгүүр гишгэнгээ алдаад буй. Ер нь л улстөрч бүхэн ХЭВЛЭЛЭЭР ТООСОО ГӨВҮҮЛЭХ, ХЭРЭГТ ХОЛБОГДОН ШАЛГАГДАХ гэсэн нийгмийн шүүлтүүр дундуур туучдаг л юм байна. Бүгд л нэр холбогдчихсон, аавынхаа нэрний оронд ӨӨР НЭР ЗҮҮЧИХ гээд эвгүйдчихгээд байгаа юм.

Ардчилсан намд одоохондоо Х.Баттулга гэсэн ЦОР ГАНЦ ЛИДЕР байна. Түүний эсрэг Лу.Гантөмөр С.Баярцогттой хүч хавсраад ч барсангүй. Намынхаа дэргэдэх холбоодын хамаг удирдлгагыг түүнд алдчихлаа. За ер нь Лу.Гантөмөрийг ч сайн ярьвал Женкогийн хүн гээд хэлчихэд холуур зөрөхгүй. Ардчилсан намын тамга, албан бланк Лу.Гантөмөрийн гарт боловч хамаг хар, хор, нарийн жижиг зүйлийг нь Женко ба түүний хүмүүс л базаж байгаа нь гайхалтай. Ардчилсан намын удирдлагын багийн 15 дэд даргын долоо нь Х.Баттлугын санхүүжүүлж, дэмждэг, угжны хүүхдүүд. Толгой хаашаа, хүзүү тийшээ гэгчээр “хулгар” юу гэнэ, тэд бүгд дагана. Нийслэлийн Ардчилсан нам гэх том бүтцийг мөн л түүнийг дэмждэг залуу авчихсан. Угаас гол тоглолт, түүн дээр л байсан. Ардчилсан залуучуудын холбоог мөн л тэр авчихлаа.

15 дэд даргаас Хуульч О.Алтангэрэл, И.Мөнхжаргал, П.Галиндэв Ш.Жандос, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Жадамба гэсэн залуучуудаа илгээсэн. Генсекийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Одбаяр гэгчийг томилуулав. Уг гарвал нь Х.Баттулгын л дэмжигч, хамжигч, санхүүжигч нэгэн. Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогтыг, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр Б:Ган-Очирыг сонгов. Эмэгтэйчүүдийн байгууллагаа харамсалтай нь Фортунагийн охин Жаргаланд буюу Элбэгдоржийн бүлэгт алдчихсан.

Тус намын улстөрийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь мөн л Х.Баттулгыг дэмжижчид. Ингээд бодохоор Ардчилсан нам үндсэндээ ЖЕНКОГИЙН КАРМААНД ОРЧИХСОН гэсэн үг. УИХ дахь 11 гишүүний 8 нь Ерөнхийлөгч байхад нь хөлд нь сүү дусааж, хүзүүнд нь хадаг зүүх шахаж дагаж, нэр хүндийг нь ашиглан гишүүн болцгоосон.

Тэр хүчтэй байна. Монгол улсын Ерөнхийлөгч л ямар нэг юм хэлэхгүй бол түүнийг одоо хэн ч тогтооход бэрх, маш бат бэх хана  хэрэм мэт хамгаалалттай болов. Улстөрийн өрөгт тоглож чаддаг улстөрчид өөр юм. Яг Женкогийнх шиг ийм маягаар улстөрийн шатрыг уран нүүсэн эрхэм бол С.Баяр юм. Тэр МАН-ын дарга, Ерөнхий сайд, дараагийн Ерөнхийлөгч гэгдэж байсан ч харамсалтай нь ЭРҮҮЛ МЭНДЭЭ бодоод улстөрөөс гарсан. Хэрэв С.Баяр төрийн тэргүүн байсан бол өнөөгийн улстөрийн хөгжил тэс ондоон болох байсан биз.

Ямартай ч ЖЕНКО 2024 онд Лу.Гантөмөр гэсэн баг зүүгээд АРДЧИЛСАН НАМЫГ УДИРДАЖ багаа тэргүүлж сонгуульд орох нь. Тэрний хүмүүс одоо хэрхэн яаж, ямар улстөрийн тоглолт хийх нь л анхаарал татаж байна.  Тэрний хүмүүс УХААНТАЙ, ЗӨВ НҮҮДЭЛ ХИЙВЭЛ төр тэргүүлнэ. Ууж идэх зүйлд ухаанаа уралдуулбал ТОР ДҮҮРГЭНЭ. Тэрний хүмүүс улстөрд хэр сайн бэлтгэгдсэн бэ гэдэг л АСУУЛТЫН ТЭМДЭГ болж үлдлээ. Тэрний хүмүүс.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.161.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.