Засагт ханы хөх харчуудын хойчийг залгамжлагч ХОШУУЧ ГЕНЕРАЛ Х.ЛХАГВАСҮРЭН
Г.Золбаяр
Нийтлэл
/
2024-04-29

Цэргийн дээд цол ГЕНЕРАЛ ЦОЛ олгож эхэлсэний 80 жилийн ой, МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөрт зориулан Улстөрч агентлагаас Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хошууч генерал Хожгорын Лхагвасүрэнгийн амжилт, амьдралын түүхийг баринтагласан "Засагт хааны хөх харчуудыг залгамжлагч Хошууч генерал Хожгорын Лхагвасүрэн" Хөргийг хүргэж байна. Алтан мөрдэст генералуудын яруу алдар бадартугай

 Хүн орчлонд мэндлэхдээ хэн болохоо өөрөө сонгож төрдөггүй ч хилчин заяаны одонд төрсөн гэмээр хүн бас байна. Энэ эрхэм бол Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Адууч-Эрдэнэ овогт Хожгорын Лхагвасүрэн юм. Тэрбээр 1962 оны дөрөвдүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт Цагаан-Уул бригадад төржээ. Засагт ханы хөх харчуудын үргэлжлэл, хожмын өдөр өндөр Алтайнхаа алтан босго, Эх орныхоо дархан хилийг манах их хувь ерөөлт залуу хөвүүн Говь-Алтай аймгийн арван жилийн I сургуулийг 1980 онд төгсөөд хугацаат цэргийн алба хаажээ. Ингээд 1981-1986 онд ОХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг цэргийн команд тактик, Цэргийн сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухааны багш, 1995-1997 онд Батлан хамгаалах удирдлагын академийг оператив тактикийн мэргэжлээр тус тус төгссөн байна. Ийнхүү олон жил суралцсан  тэрбээр Цэргийн команд тактик, Цэргийн сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухааны багш, Оператив тактикийн мэргэжлийн боловсон хүчин болжээ. Гэвч сурах боловсрох зам  түүний хувьд улам л урт байж.

 

ХИЛЧИН ЗАЯАНЫ ОН ЖИЛҮҮДЭЭС  ХИЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ

 

Ардын цэргийн анхны жанжин Д.Сүхбаатарын   “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” хэмээн хэлсэнчлэн тэрбээр цэргийн эрдэмд сурч боловсорсоор 2000 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи, 2004 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсад мэргэжил дээшлүүлэх курс, 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Маршал төвд мэргэжил дээшлүүлэн “номын дуу” сонссоор явжээ. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх эрдмийн их далайгаас шүүрдэн өөрийгөө боловсруулж, Цэргийн шинжлэх ухааны магистр болов.

Харин ажлын гараагаа 1986-1988 онд Хилийн 0214 дүгээр ангид зөвлөх мэргэжилтний орчуулагчаас эхэлж,  1988-1990 онд мөн ангид заставын дарга 1990-1995 онд Хилийн 0168 дугаар ангид захирагчийн орлогч, Ар тал хангалтын дарга 1995-1997 онд Батлан хамгаалах удирдлагын академид сонсогч, 1997-2007 онд Хилийн 0165 дугаар ангийн захирагч 2007-2009 онд Хилийн 0253 дугаар ангийн захирагч 2009-2016 онд Хилийн 0119 дүгээр ангийн захирагч 2016-2020 онд Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, 2020-2021 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, 2021 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байгаа юм.

 

ХИЛИЙН ЦЭРЭГТ ЕСӨН ЖИЛ ТАСАРСАН  ГЕНЕРАЛ ЦОЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээхэд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн хошууч генерал цол хүртсэн билээ. Хил хамгаалах байгууллагаас хошууч генерал цолтон есөн жилийн дараа мэндэлсэн юм.

Хошууч генерал Х.Лхагвасүрэн “Хүн нутагтайгаа хүйн холбоотой гэдэгт итгэдэг хэмээн үздэг нэгэн ажээ. Түүний төрж өссөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум газар нутгаар том, байгалийн баялаг ихтэй, Монгол Алтайн нурууны Гичгэний нурууны төгсгөлөөс эхлээд цаашаагаа өргөн том говьтой, түүний цаана Идрэнгийн урт нуруу үргэлжилж, дахиад өргөн говь цутгаад Арц Богдын өндөр сайхан нуруунууд орж ирэн, ахиад цааш говийн хоолой гатлангуут Наран Сэвстэйн нуруутай залгадаг. Говь, уул хосолсон үзэсгэлэн төгөлдөр, их сайхан нутаг билээ. Энэ л сайхан нутагт эртнээс үе удмаараа амьдран ирсэн юм. Тэрбээр алдарт Цагаан уулынхаа өвөрт мэндэлж, хүй цөглөжээ. Энэ л хайрханы алдараар нэрлэгдсэн Цагаан-Уул сумын тулгын чулууг аав Эрдэнийн Хожгор тавилцаж, төрөлх нутгийнхаа гал голомтыг ээж Чүлтэмийн Дуламхүү маналцаж байв.

 

ХӨГӨЛГӨР ИХ АЛТАЙН ЖАВХААТ ХӨВҮҮН

 

Говь-Алтай аймаг үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойгоор “Хөглөг Алтайн жавхаа” хэмээх баримтат киног хийжээ. Тэр кинонд аав, ээж хоёрынх нь барилга барьж буй залуу насны дүр төрх, кино зургийн хальсанд мөнхрөн үлдсэн байдаг. Хүү нь харин хувь зохиолын эрхээр хилчин болж, Алтайн хязгаараа дөрвөн жил хамгаалан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дайчин эр. Монгол Тахийн шар нуруунаас эхлээд Хонин усны говь, Цэнхэр Номингийн говь, Атас, Ингэсийн өвөр бэл, Халхын өмнөд овоо хүртэл үргэлжилдэг энэ сайхан газар нутгийг эртнээс эхлээд өнөөг хүртэл хамгаалан ирсэн Засагт ханы хөх харчуудын үргэлжлэл, Хөгөлгөр их Алтайн жавхаат хөвгүүдийн нэг.

Хэр баргийн хүн хилчин болчихгүй л дээ. Харин хөглөгөр их Алтайгаас олон генерал төрсөн түүхтэй. Өвөг дээдсийн өгөгдөл, өндөр их хувь заяатай нь холбоотой болов уу. Алтайгаа хайрлан хамгаалж, халуун амиа өргөж, бүлээн цусаа урсгаж тэмцсэн эрэмгий зориг, алдар гавьяа тэднийх. Ийм л их зоригтнуудын өлгий нутгаас төрөн гарсан хошууч генерал Х.Лхагвсүрэн “Хүн болгон төрсөн нутгаа хөгжүүлье, сайхан болгоё гэж янз янзын санал гаргадаг. Хөгжил гэдэг нь их олон талтай. Хамгийн эхэнд хүний хөгжлийг ярьдаг. Манай Алтай нутгийнхан уул шигээ ноён нуруутай, уужуу тайван, ухаалаг налгар зантай. Би энэ зан чанарыг үр хойч минь өвлөн үлдээсэй гэж хүсдэг. Байшин барилга, үйлдвэр завод олныг барихаас илүүтэй өвөг дээдсийнхээ төрөлх өгөгдөл, сайхан зан чанарыг гээгдээд алга болчих вий гэхээс болгоомжилдог. Хөдөөгүүр явахад энэ чанар одоодоо бол байна. Харин орчин цагийн хэт их хөжил унаган байгалийг минь сүйтгэж, уугуул иргэдийн минь төрөлх өгөгдөл, уужуу тайван, ухаалаг занг үгүй болгочих вий” хэмээн сэрэмжүүлэг болох ухаалаг үгийг хэлж захиж байна.

 

Хүн орчлонд мэндлэхдээ хэн болохоо өөрөө сонгож төрдөггүй ч хилчин заяаны одонд төрсөн гэмээр хүн бас байна хэмээн энэхүү хөрөг нийтлэлийн оршилд бичсэн минь учиртай. Энэ эрхэм бол Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Адууч-Эрдэнэ овогт Хожгорын Лхагвасүрэн юм. Хил, хилчин хоёрынхоо түшиг болж энэ хүрсэн хошууч генерал таны амрыг эрж,  Монгол генералуудын өдрийн мэндийг хүргэе.  Хилийн тэнгэр цэлмэг байг ээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.13.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.