“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэх сонсгол энэ сарын 29, 30-нд болно
Үйл явдал
/
2024-05-21

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.05.21) хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд  Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар оролцов.

Хянан шалгах түр хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон байна. Тус хуралдаанаар  сонсголыг Түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргалж дөрвөн асуудал, найман сэдвийн хүрээнд зохион байгуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцаг онцоллоо.

Тодруулбал, Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагааны асуудлаар Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг зохих хууль журмын дагуу олгож, бүртгэж, баталгаажуулсан эсэх; Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн эсэх; Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байгаа эсэх талаар нотлох баримтыг шинжлэн судлах юм байна.

Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх асуудлын хүрээнд Тусгай зөвшөөрлөөр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх; Нөөцгүй болон нөөц нь тодорхойгүй тусгай зөвшөөрлүүд, олборлолт явуулахгүй байгаа боловч бүтээгдэхүүн экспортолж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл; Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт асуудлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгож, хяналтыг хэрэгжүүлсэн эсэх; Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын борлуулалт, татвар ногдуулалт, төлөлт, хяналтын талаар хэлэлцэнэ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, тайлагнах, хураах үйл ажиллагаа, АМНАТ ногдуулалт, өр төлбөр, өр төлбөртэй ААН-ийн экспортын асуудал, тусгай зөвшөөрөлгүй экспортлогч этгээдийн АМНАТ, жишиг үнэ; Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой бусад асуудлууд, ТӨҮГ-ын балансын бус нөөц, бага агуулгатай хүдрийн борлуулалт, дагалдах ашигт малтмалын АМНАТ, тусгай зөвшөөрөлгүй экспортлогчдын асуудлаар нээлтэй сонсгол зохион байгуулах юм байна. Сонсголд нийт 115 гэрчийг оролцуулахаар дуудсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.0.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.