Монгол, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохионо
Үйл явдал
/
2024-05-22

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар өнөөдөр (2024.05.21) Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн Лорен Верли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохиож буйг цохон тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чухал ач холбогдолтой олон арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Энэхүү түүхэн ойг тэмдэглэж, Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдсаныг дурдав.

 

Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн Лорен Верли Швейцарын Холбооны Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосон энэхүү түүхэн ойн өдрийн босгон дээр Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд байгаль, ан амьтан, соёл зэрэг олон нийтлэг зүйлийг харуулсан шуудангийн марк бол манай хоёр улсын найрсаг харилцааг тамгалсан түүхэн баримт юм. Үүгээр зогсохгүй бид ардчилал, хүний эрх, энх тайвны төлөөх нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг түнш орон гэлээ. Тэрбээр, манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон иргэдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг болохыг тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Швейцар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, засаглал, боловсрол зэрэг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө байдаг болохыг тэмдэглэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмэрт манай ард түмэн үргэлж талархдаг гэлээ. Тэрбээр, Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь манай улсад ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг онцлов. Түүнчлэн, энэхүү завшааныг тохиолдуулан Монгол Улсад тулгарч буй зудын хүндрэлийг даван туулахад зориулж, 215 мянган ам.долларын тусламж үзүүлсэн Швейцарын Холбооны Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Мөн саяхан зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг дэмжин оролцсон Швейцарын хөгжлийн агентлагт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

 

Талууд манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Мөн хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой D-Parliament цахим системийн хэрэглээ чухал гэдэгтэй санал нэгдэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.