ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үйл явдал
/
2024-05-24

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.05.24/ хуралдаж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, Хот тосгоны удирдлагын зарчимд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, алслагдсан хот, тосгонд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, хот, тосгоны зохион байгуулалт, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хотын зэрэглэл тогтоохтой холбоотой шийдвэр гаргахад их өгөгдлийн тооцоололд суурилах дэвшилтэт технологийг ашиглах зарчмыг тусгах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төсөлд хот тосгоны хөгжлийг дэмжихээр харилцаа холбоо мэдээлэл, технологи ашиглах гэсэн зүйлийг нэмж хот, тосгоны удирдлага нь хот, тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэхэд инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийг цахим орчинд урьдчилан загварчилж үр дүнг тооцоолох дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зохицуулалтын сэндбокс орчинд туршиж оршин суугчдын саналыг авах, харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэд бүтэц, мэдээллийн системийг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгах санал дэмжигдсэн.

Түүнчлэн тосгоны удирдлага нь тосгоны зөвлөл, тосгоны Захирагчаас бүртгэх бөгөөд Тосгоны зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Зөвлөлийн гишүүн Тосгоны захирагчийг оршин суугчдаас сонгох, төсөлд хотын зөвлөлтэй холбогдуулан тусгагдсан зохицуулалттай адил тосгоны зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж анхдугаар хуралдааныг хуралдуулж чадаагүй, төсвөө батлаагүй, хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60 хоног өнгөрсөн бол тосгоны зөвлөлийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч тараах шийдвэр гаргах зохицуулалтыг нэмж тусгах саналыг гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралддаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.

Тэрбээр, Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан бөгөөд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-т “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно.” гэж заасан.

Дээрх хуулийн заалттай холбогдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, жороо морины уралдааны эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгах шаардлагатай болсон.

1996 оноос эхлэн жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Уяачдын наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулсаар ирсэн бөгөөд жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол, чимэг олгох зохицуулалт нь тодорхойгүй байсан.

Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах жороо морины уралдааны уяачид улс, аймаг, сумын цол, чимгийг олгох нь эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, наадамчин олны жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Адуу болгонд байдаггүй жороолох өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон Монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар жороо морийг аянд унах нь бараг үгүй дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй өв соёл юм.

Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилан, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр нэрлэж хэрэглэгдсээр ирсэн өв соёл, түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон гэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид улс, аймаг, сумын цол, чимэг олгох эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт нь үндэсний морин уралдааны төрлийг нэмэгдүүлэх, эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулга хийлээ.

Ажлын хэсэг 2 удаа, дэд ажлын хэсэг нийт 9 удаа хуралдаж Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар нийт 10 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 8 санал, хамт өргөн мэдүүлсэн 4 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 6 саналын томьёоллыг боловсруулжээ.

Шинэ Зуунмод хотын Эдийн засгийн чөлөөт бүсэд тусгай дэглэм бүхий газар нутгийн хил зааг дотор олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн оролцогч байгууллагуудаас бүрдсэн олон улсын санхүүгийн төв байгуулах бөгөөд түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ, хязгаар, эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тусгалаа. Мөн хотын Зөвлөлийн 9 гишүүний зургааг нь хотын оршин суугчдаас 4 жилийн хугацаагаар сонгохоор тусгасан байна.

Мөн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг батлагдсан тохиолдолд ердийн журмаар хэрэгжих бөгөөд хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны дөрөвдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор даалгажээ. Түүнчлэн Шинэ Зуунмод хотын Төрийн захиргааны нэгдсэн цогцолборын 1000 га газрын эргэлтийн цэгүүдийн солбицолыг холбогдох журамд нийцүүлж газар зүйн солбицол болгон өөрчилжээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, уг хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид булаан  авч хурлыг хэлбэрийн төдий болгож байгаа гэсэн үндэслэлээр энэ бүтцийг хүчингүй болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг байгуулсан. Ингэснээр өдөр тутмын тулгамдсан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнга хуралдуулах шаардлага гарч, тийм боломжгүйгээс орон нутагт зохицуулах шаардлагатай ажлууд цалгардах, хугацаа алдах нөхцөл үүсч байгаа тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу ажиллаж байгаа хэдий ч тодорхой шийдвэр гаргах эрх мэдэлгүй байгаа тул Зөвлөлд эрх шилжүүлдэг зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзэж уг хуулийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл” гэсэн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр Хурлын байгууллагын тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм гэлээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг дарга, түүнийг томилох гэсэн 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх заалтад баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь заавал дээд боловсролтой байх шаардлага тавьж байгаа нь амьдралд нийцэхгүй бөгөөд дээд боловсролтой боловсон хүчин орон нутагт хүрэлцээгүй байгаа учир бүрэн дундаас доошгүй боловсролтой байхаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.

Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчид зохих туршлага, бэлтгэлтэй боловсон хүчин шаардлагатай байгааг харгалзан хуралдааны даргыг 4 жилийн хугацаагаар сонгож, байнгын ажиллагаатай байхаар, мөн зохих урамшуулал олгохоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай хүргэж, орон нутгийн чухал шийдвэрүүд гарахад хугацаа алдахгүй байх, мөн Хурлын байгууллагын тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн батлагдсан, Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор Улсын Их Хурлын үйл ажиллагаанд “D-Parliament” болон “D-Өргөдөл” цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт дээрх тогтоолоор чиглэл болгов.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын “D-Parliament” болон “D-Өргөдөл” цахим системийг иргэд, олон нийтэд тайлбарлан танилцуулж, сурталчлах ажлыг иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын ажлын албаараа дамжуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах,  Монгол Улсын Их Хурлын цахим хуудсаар дамжуулан хууль санаачлагчийн боловсруулж байгаа болон өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд иргэд саналаа өгөх, Улсын Их Хурлаар тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрх зүйн орчин бүрдсэн талаар танилцуулж, сургалт зохион байгуулахыг чиглэл болгожээ хэмээн

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.86.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.