Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, холбогдох журам, зааврын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо, хэсгийн хороодын дарга, гишүүдэд өчигдөр (2024.05.24) зохион байгууллаа.
Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн О.Амгаланбаатар нар удирдаж, Тамгын газар, Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл өгч, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо, Сэлэнгэ аймгийн хэсгийн хороодын дарга, гишүүд оролцов.
Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 5 дугаар тойрог бөгөөд 10 мандат ноогддог. Тус тойрог 48 сум, 180 баг, сонгуулийн 204 хэсэгтэй бөгөөд 204 мянга гаруй сонгогчтой. Тодруулбал, нэг хэсэгт мянган сонгогч ноогдож байгаа юм. Өмнөх сонгуультай харьцуулахад хэсгийн тоо 39-ээр нэмэгджээ.
Хэсгийн хорооны ажлын зохион байгуулалт, санал авах байр бэлтгэх талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах референт Б.Нямсүрэн заавар, зөвлөмж өгсөн юм. Сум, дүүргийн Засаг дарга 2024 оны 6 дугаар сарын 21-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хорооны баталсан зааврын дагуу бэлэн болгох ёстой. Тухайлбал, сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангах, 2-оос доошгүй бүхээг байршуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн саналаа өгөх орчныг бүрдүүлэх зэрэг санал авах байрны ерөнхий шаардлагын талаар зааварчилгаа өгч, санал авах байрны байршлыг 14 хоногийн турш нийтэд мэдээлэх шаардлагатайг зөвлөлөө.
Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, санал авах байранд очиж чадахгүй, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, зөрчлийн улмаас баривчлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдоос өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авдаг. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахдаа ажиглагч оролцуулах болон анхаарах асуудлын талаарх нарийвчилсан зааварчилгаа өгсөн юм.
Санал авах өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр санал авах байранд байгаа ажиглагч, ажилтнуудад саналын хуудасны дугаар, тоог мэдээлж, санал авах хайрцгийг харуулах болон зөөврийн хайрцгаар санал өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж дууссаны дараа санал авч эхэлнэ гэдгийг анхааруулсан.
Санал авах ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулах, сонгогчид туслалцаа үзүүлэх талаар зөвлөмж өгч, сонгуулийн хороо болон хэсгийн хороодын гишүүдийн асуултад хариуллаа.
Санал авах байранд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь хоёр хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага хоёр хүртэл сонгуулийн ажиглагч томилж ажиллуулах эрхтэй.
Ажиглагчаар оролцох хүсэлт шийдвэрлэх, оролцуулах болон төрийн бус байгууллагын ажиглагчдын эрхийг хангах талаар хэсгийн хорооны гишүүдэд зөвлөмж өгөв.
Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, мэдээллийн технологийн баг, даамлыг чиг үүрэг, санал авах байранд тэдгээр ажилтнуудын анхаарах асуудлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт Л.Мягмарсүрэн, П.Алтанчимэг нар сургалт, мэдээлэл хийлээ.
Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийхээр хуульчилсан. Хяналтын тооллого хийх журмын зохицуулалт, ил тод, нээлттэй байдлыг хангах талаар заавар, зөвлөмж өгөв.
Сонгуулийн дүн, мэдээ, тайлан гаргах талаарх зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Оюунгэрэл зөвлөмж өгсөн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин