Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.28/ хуралдаан 19 цаг 36 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгах шаардлагатай нэг асуудал буйг дурдаад хууль санаачлагч Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийг өөрчлөн найруулахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн бэлчээр ашиглуулах гэрээг сумын Засаг дарга, малчин өрхийн анхдагч холбоотой байгуулахаар төсөлд тусгасан байсныг анхны хэлэлцүүлгийн явцад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн гэснийг хасах санал дэмжигдсэн боловч уг хэсгийг бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан багийн ИНХ-ын саналыг үндэслэн сумын Засаг дарга, малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно гэж бүхэлд нь өөрчлөн найруулах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэнийг онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн бөгөөд зарчмын зөрүүтэй нэг санал боловсруулсныг онцолж байлаа.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 6.1-т заасан хөнөөлт организмтай тэмцэх, ариутгах, халдваргүйжүүлэх, устгах арга хэмжээний зааврыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлан энэ хуулийн 26.1-т заасан мэдээллийн санд байршуулна” гэж өөрчлөн найруулах саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд “оношлуур, тэжээллэг чанартай тэжээлийн нэмэлт.” гэсэн 6.3.8, 6.3.9 дэх заалт нэмэх, төслийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгийн “Мал эмнэлгийн эмийг” гэснийг “Эм, тэжээлийн нэмэлтийг” гэж өөрчилж, “Мал, амьтны эрдэс бодисын дутлыг тодорхойлох тандан судалгааг энэ хуулийн 20.12-т заасан байгууллагын захиалгаар сургалт, эрдэм шинжилгээний байгууллага таван жил тутамд бүсчлэн хийнэ.”, “Энэ хуулийн 20.11-т заасан тандан судалгааг үндэслэн мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрдэс бодисын дутлыг нөхөх, хэрэглэх талаар зөвлөмж гаргана.”, “Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь энэ хуулийн 20.12-т заасан зөвлөмжийн дагуу шаардлагатай эрдэс бодисыг агуулсан эм, тэжээлийн нэмэлтийг хэрэглэнэ.” гэсэн агуулгатай 20.11, 20.12, 20.13 гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь тус тус дэмжлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллалаа. Дэд ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэг хоёр удаа хуралдаж зарчмын зөрүүтэй 18 саналын томьёолол боловсруулсан гэв.
Хуулийн төсөлд малчдын залгамж халааг бэлтгэх, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт зан заншлийг хадгалах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн зохицуулалттай орчныг бүрдүүлэх, малчны хөгжил, бүтээмж, малчны эрх, үүргийг тодорхой болгож, мал аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх, малын эрүүл мэнд, үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, мал маллагаа, тэжээл хангамж, мал аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх шинэ арга, техник технологи зэргийг дэмжин хөгжүүлж, малчны болон салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, мөн малчны үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлэх, мал, малын гаралтай чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ бүртгэл хяналтын тогтолцооны үйл ажиллагааг мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн хийх, малчны хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчин орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, залуу малчдыг дэмжих, малчинд зориулсан хөгжлийн болон эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан гэв.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин