Мэдрэмжээс мэдрэмж, бодролоос бодролд хөтөлсөн, таньдаг юм шиг хэрнээ таньдаггүй хүнийг энэ удаагийн “Nematimes” буландаа урилаа.
- Таны бахархал юу вэ?
- Онцгой байдлын алба.
- Юунд талархаж байна вэ?
- Албандаа хэмээн эрсхэн, шулуухан, итгэлтэй хариулсан энэ эрхэм бол ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд. Шуурхай штаб, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нэг баг болон ажиллаж байсны хувьд найдвартай, зарчимч хүн гэдгийг нь илүүтэй мэдэрсэн гэхэд болно. Гэхдээ төсөөлж байснаас илүү зарчимч, өөрийн гэсэн чиг шугам түүний дотор орших аж.
Би дээрээ найман ах, гурван эгчтэй, айлын отгон хүүхэд. Харин өөрөө бол хоёр охинтой. Хань минь Ц.Халиун гэж банкны салбарт ажилладаг бүсгүй бий. Том охин маань одоо АНУ-д сурч байгаа. Бага охин 11 дүгээр ангийн сурагч. Миний хань намайг бүх талаар дэмжиж, ажилдаа бүх л сэтгэл зүрхээ зориулан ажиллах боломжийг олгосон гайхалтай бүсгүй бий. Нэг удаа би эхнэртэйгээ юм яриад сууж байхдаа тэтгэвэртээ гардаг юм билүү гэтэл “Чи гал сөнөөгчөөс дэд хурандаа цолтой, хэлтсийн даргын албан тушаалд хүргэсэн энэ том байгууллагынхаа ачийг тэтгэвэртээ сууж хариулах гэж байгаа юм уу” гэсэн. Тэр үед надад хэлэх үг үнэхээр олдоогүй. Дахиж тэр талаар дурсахаа ч больсон.
Уг нь цагдаа болно гэж боддог байлаа. Гэтэл миний төрсөн ах П.Хүрэлбаатар маань намайг энэ албаны босгоор алхуулснаар бүхий л амьдралаа албандаа зориулж явна. Ах маань тэр үед Гал түймэртэй тэмцэх газрын туслах жижүүр, одоогийнхоор бол шалган нэвтрүүлэгч байсан юм. Тэгээд нэг өдөр намайг гэнэт дуудаад Гал унтраах 14 дүгээр ангийн захирагч агсан Г.Цэрэнням даргатай уулзуулж, дарга “За болно оо, зөвлөлийн хурлаар орно оо” гэснээр Онцгой байдлын байгууллагад хөл тавьсан гэж болно. Тэр үед ажилд орох шалгуур их өндөр байлаа шүү дээ. Цээж бичиг бичиж, математикийн 7 томьёо бодож, урлаг, спортын авьяас, улстөр, нийгмийн мэдлэгээ хүртэл шалгуулж байж тэнцэж орсон.
2001 онд гал сөнөөгчийн курст суралцаж байхад дэд хурандаа Хэнчмэдэхгүй бидэнд “Бүх төрлийн инженерийн цогцыг галын аюулгүй байдлын инженер гэж хэлнэ ээ” гэж байсан юм. Энэ нь миний сонгосон мэргэжил ямар чухал вэ гэдгийг ойлгуулсан.
Харин 2005 онд мэргэжлээ дээшлүүлж, офицер больё гэсэн бодолтойгоор Цагдаагийн академид суралцаж байхад дэд хурандаа Б.Батбаатар багш “Та нар одоо ганцхан гал унтраах ажиллагаанд оролцдог мэргэжилтнүүд биш. Үер, усны осол, хүн, малын гоц халдварт өвчин гээд бүхий л төрлийн гамшигтай тэмцэнэ гэдэг байлаа. 2008 онд төгсөөд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид салаан захирагчаар томилогдож очоод яг л тэр зарчмаар ажиллаж эхэлсэн дээ.
2009 онд анхны “Говийн чоно” Налайх дүүрэгт анх зохион байгууллагдахад төлөвлөлтийн бичиг баримт дээр ажиллаж байлаа. Иж бүрэн болон команд штабын сургуулиуд надад байрзүйн зураг дээр ажиллах ойлголтыг өгсөн.
2012 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид элсэж, 2015 онд төгсөж ирээд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд галын шинжээчээр томилогдсон. Шинжээчээр ажиллах болсноор хууль, эрхзүйн баримт бичгүүдийг маш их судлах шаардлагатай болсон. Сандэй плаза, Нарантуул худалдааны төв, Велл Март худалдааны төв зэрэг томоохон гал дээр шинжээчээр ажилласан. Ингээд цахилгаан, эрчим хүчтэй холбоотой хууль дүрэм, тушаал, шийдвэр бүгдийг нь судалсан. 2017 онд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр, тэндээсээ 2018 онд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт ахлах мэргэжилтнээр томилогдсон.
Энд ирээд хамгийн анх Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн дүрэм шинэчлэн өөрчлөх ажлын хэсэгт ажиллаж, гал унтраах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгуулж байлаа. Мөн байлдааны хувцас буюу хөдөлмөр хамгааллын хувцсыг стандарттай болгосон. Ингээд 2018 онд бид объектын гал түймэр, ой, хээрийн түймрийн хувцсыг тусад нь стандартчилсан. Тусгай зориулалтын автомашины стандарт боловсруулан батлуулсан. Хэрэгжүүлэх журмуудыг гаргасан. Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард Гал түймэр унтраах дүрмийг шинэчлэн батлуулсан зэрэг гал түймэртэй тэмцэх эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулахад анхааран ажиллаж байна. Түүнчлэн бүхий л томоохон хэмжээний гал түймэр, Улсын онцгой комиссын шуурхай штаб, орон нутагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиудад оролцож, энэ бүхнээс одоо ч суралцаад л явж байна.
Би бахархах зүйл арвинтай, азтай хүн. Энэ байгууллагад 23 жил ажиллалаа. Гурван байгууллага нэгдэхээс өмнөхөн орсон, яг шилжилтийн үеийн бүтээгдэхүүн гэж болно. 2004 онд гурван байгууллага нэгдэхэд гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Онцгой байдлын байгууллагын анхны ёслолын жагсаалыг хийх бэлтгэлд ЗИЛ-130 машинаар тухайн үеийн Иргэний хамгаалалтын 122 дугаар анги буюу Үндэсний аврах бригад дээр очиж байлаа. Ингээд хамгийн анхны ёслолын жагсаалд алхаж байлаа. Үүнээс хойш Онцгой байдлын байгууллагын ёслолын жагсаалд өнөөдрийг хүртэл алхаж байна.
Тэр дундаа байгууллагынхаа сүлд хийморь болсон тугийг залж явна гэдэг том бахархал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анх Цэргийн гавьяаны улаан тугийн одон авахад, Байлдааны туг гардахад, 20 жилийн ойгоор Д.Сүхбаатарын одонгоор шагнуулахад би тугаа барьж байлаа шүү дээ. Энэ бол алба хаагчид тэр бүр олдоод байдаггүй хувь тохиол. Нөгөө талдаа энэ байгууллагын туг, сүлдийг барьж байгаа хүн гэдэг үүднээс аль болох зөв хүн байх ёстой юм болов уу.
Гал сөнөөгчөөс хэлтсийн дарга болсон Соронзонболд албан тушаалын хувьд өөрчлөгдсөн. Харин хувь хүний үзэл бодол, зарчимын хувьд өөрчлөгдөөгүй ээ. Би дарга болно, тийм цол авна гэж бодож ажиллаж байсан удаагүй. Энэ нь зорилгогүй гэсэн үг биш шүү. Зүгээр л хариуцсан ажилдаа эзэн болж ажиллахыг хичээдэг. Дарга, удирдлагын итгэж даалгасан ажлыг унагаачихгүй, энэ байгаа түвшнээсээ илүү ажиллах ёстой гэж боддог.
Өгсөн даалгаврыг удирдлагын төсөөлж байгаагаас илүү хийхийг хичээдэг. Судалгаа танилцуулга бэлтгэх боллоо гэхэд харьцуулсан жишээ юу байна вэ, олон улсад ямар бүтээлч, шинэлэг зүйлс байна вэ гэх мэтээр судлах жишээтэй. Магадгүй энэ ажлыг яг 10 үгэнд багтаагаад бичээрэй гэхээр яг л 10 үгэнд нь багтааж бичээд байвал бид хөгжихгүй. Яагаад 11 байж болохгүй гэж. Харин яагаад 11 болгосноо л зөв ойлгуулж, нотлох хэрэгтэй.
Нэгэнт л энэ албыг сонгосон бол ажилдаа эзэн байх ёстой. Хөндлөнгөөс хүмүүс харахад баяр ёслолын үеэр наргиж, цэнгэж чадахгүй, утсаа унтраах, дууг нь хаах эрхгүй, их л хэцүү харагддах байх. Гэхдээ үүрэг хүлээсэн ажилдаа дуртай болохоор надад бол хэцүү санагддаггүй.
Магадгүй би энэ албандаа ороогүй бол урт үстэй, рок маягийн нөхөр байх байсан. Гоё байк унаад л, салхи татуулаад нисэх байсан. Зүгээр л дотроо тэгж боддог. Даанч үсээ ургуулах боломж, тохиол байхгүй юм даа.
Сүүлийн үед л гарч байгаа дуу хөгжим юу л байна, бүгдийг сонсдог. Гэхдээ зохиолын дуу биш шүү. Никитон сонсоно. Хурдын тоглолтыг алгасахгүйг үзчихдэг. Уран зураг, гэрэл зураг үзэх их дуртай. Ямар ч зургийг хараад зурчихна. Мөн алхах дуртай. Бас аялах.
Миний өөрийн мөн чанараас болдог байх би цөөн тооны найзтай. Тэр нь ямар зан бэ гэхээр хэтэрхий зарчимч гэх үү дээ. Ажил бол ажил, амьдрал бол амьдрал гэсэн зарчмаар л явдаг. Тэр ч утгаараа ах дүү, танил тал, найз нөхөд дундаа найраагүй гэх үү дээ. “Аливаа ажил бүтээхдээ таньдаг хүн байна уу гэж битгий асуу. Асуухгүй болсон цагт л Монгол Улс хөгжинө” гэдэг үг өглөөхөн уншиж байлаа. Тэр яг үнэн байхгүй юу. Хүмүүс асуудлаа олж харахаасаа түрүүлээд яаж аргалах тухай л боддог.
Жишээ нь, нэг байгууллага дээр манай гал түймрийн улсын хяналтын байцаагч очиход нэгдүгээрт, за энэ одоо торгоно, яаж торгуулиас бултах вэ? Хоёрдугаарт онцгойд таньдаг хүн юу байдаг билээ гэж л боддог. Зүгээр л материалаа өгөөд, шалгуулаад, манай байцаагч аюулгүй байдлыг нь хангуулах, дүгнэлтийг нь бичээд өгчихөд л болох зүйл шүү дээ. Иргэн бүр хариуцлагатай, үүргээ ухамсарладаг, хариуцсан ажилдаа эзэн болсон цагт, таньдаг хүн байна уу гэж асуухаа больсон цагт л эх орон хөгжих болов уу.
See less
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин