БОХХААБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Үйл явдал
/
2024-06-06

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2024.06.05) хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр явуулсан бөгөөд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусгасан төсөл, танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг хөдөө аж ахуй, тэр дундаа ачааны 85 хувийг үүрдэг малчдын амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлуудад чиглэсэн хуулийн төсөл хэлэлцэж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд мал нь байгалийн гамшигт өртсөн нөхцөлд малчдын зээл болон малжуулах хөтөлбөрийн талаар хэрхэн зохицуулсныг тодруулав. Мөн Улсын Их Хурлын Н.Ганибал хуулийн төсөлд малын гаралтай түүхий эдийн үнийг чөлөөлөх, малчдын эрх ашгийг хамгаалахад илүүтэй чиглүүлэх байсан талаар хөндсөн юм. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн  Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хийсэн. Тэрбээр, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгг бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Мал, амьтны эм, тэжээлиин нэмэлтийн тухай хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсгийг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй нэг санал боловсруулсан гэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нар үг хэлсний дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хуралдаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн (Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан) анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хуулийн төслийн талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, олон улсын болон дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт өвчин гарсан тохиолдолд түүний тархалтыг хязгаарлах, эрүүл малд халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлага үүсдэг. Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй болон харьцуулсан тендер шалгаруулалт, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж гоц халдварт өвчний вакцин худалдан авахад хугацаа алдах, үүний улмаас гоц халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэл үүсэхээр байгааг онцлон тэмдэглээд уг хуулийн төслийг боловсруулсан гэв.

Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна. Уг зохицуулалтыг хуульд нэмснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг хугацаа алдалгүй худалдан авах боломж бүрдэх ба үйлдвэрлэгчээс нь худалдан авснаар үнийн нэмэгдэл үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат шууд худалдан авалтаар авах вакцины чанарын асуудалд хэрхэн хяналт тавих, Биокомбинат ТӨХХК- хэчнээн төрлийн вакцин үйлдвэрлэж байгаа болон цаашид хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдсэн үед тухайн омогт нь таарсан вакциныг сонгох, чанарт нь анхаарсан тодорхой зохицуулалт бий эсэхийг лавлаад салбарын яам цаашид малын гоц халдварт өвчин дэгдэж буй бүс нутагт хаалт тавих асуудлын эрх зүйн орчны зохицуулалтад онцгой анхаарч ажиллах талаар санал хэлсэн.

Олон улсаас худалдан авч буй вакцинд тавьдаг шаардлага нь ДМАЭМБ-ын олон улсын референт лабораторийн баталгаажуулалт байдаг. Тухайн лабораториор баталгаажсан вакциныг хэрэглэхийг зөвшөөрдөг тул бид тухайн вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах зохицуулалтыг төсөлд тусгасан гэж Ажлын хэсгээс тайлбарлав. Мөн Биокомбинат ТӨХХК-ийн хувьд өнөөдөр архаг халдварт зооноз өвчний нийтдээ 19 нэр төрлийн вакциныг үйлдвэрлэн, нийлүүлж байна. Харин шинээр гарч буй бог малын мялзан, шүлхий, үхрийн арьс товруутах зэрэг өвчний вакциныг үйлдвэрлэдэггүй гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.

Харин Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн асуудлаа тусгаад зохицуулсан. Харин Хүний эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан мал эмнэлгийн чиглэлийн эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт орхигдох нөхцөл үүссэн тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хуулиар бид эмийн чанарын тухай асуудлыг онцгойлон анхаарахын зэрэгцээ малыг эрүүлжүүлэх асуудлыг технологийн цаг хугацаанд нь хийх асуудлыг хөндсөн. Малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь батлагдсан төсвийнхөө хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохицуулагдсан. Харин шинэ нөхцөл байдал үүсээд нөөцөлсөн вакцин дутсан, эсвэл гамшиг болон онцгой нөхцөл байдал үүссэн үед цаг алдалгүй асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ зохицуулалтыг оруулж, эрхийг нь нээж өгч байгаа юм" гэж хариулж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.