Л.Оюун-Эрдэнэ: МАН-ын ялалт ард түмний ялалт болоход Алтай нутгийнхан онцгой үүрэг гүйцэтгэнэ
Үйл явдал
/
2024-06-13

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Алтай хотноо  өнөөдөр /2024.06.13/ иргэд, сонгогчидтой уулзлаа. 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа.

МАН улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлж, шинэ хүмүүст боломж олгож буйг иргэд, сонгогчид талархан хүлээн авч байгаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа удирдаж УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байна.

Монголчууд далайд гарцгүй ч оюун санааны хувьд эрх чөлөөтэй үндэстэн. Хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд мэдээлэл технологийн салбар, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан мэргэжлийн шийдэл хэрэгтэй.

Манай улсын оюун санааны охь болсон Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн эрдэмтэн, доктор, судлаачдын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, “Сансрын тогооч” хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн Дүгэрийн Рэгдэлийг жагсаалтад оруулсан.

Мөн ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл билээ. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, тэгш оролцоог хангах нь чухал. Энэ асуудлаар парламентад дуу хоолой болж чадах хүн бол Аюушийн Ариунзаяа. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нар дотроос бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн, Алтай нутгаас төрөн гарсан Пунцагийн Жасрайн ач охин А.Ариунзаяа жагсаалтад нэр дэвшиж байна.

Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх нь их, дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолдог. Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт Шаравын Чоймаа багшийг мэдэхгүй хүн байхгүй, Ш.Чоймаа багшийн эрдэм залгах хүү, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, Чоймаагийн Лодойравсал жагсаалтад нэр дэвшиж байна.

Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.

Намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн стандартыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Баасанжавын Гүнжинлхамын эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил зүтгэсэн туршлага хэрэгтэй гэж үзжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050- хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ зарласан. Энэ хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Баруун бүсэд дараах эрхмүүдийг нэр дэвшүүлээд байна.

МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн Амарбаясгалан , УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн Бямбацогт, Чимэдийн Хүрэлбаатар, Баттогтохын Чойжилсүрэн, Балжиннямын Баярсайхан, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Энхбатын Болормаа, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын Цэрэнпунцаг , мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын Мэндсайхан, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж Сэрээжавын Энхболд, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Батжаргалын Заяабал нар нэр дэвшсэн бөгөөд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу, авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм гэдгийг МАН намын дарга, Ерөнхий сайд онцлоод мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан түүхтэй.

Харин өнөөдөр та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шударга ёсны реформд улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёрдахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна гэлээ.

Ардын намын ялалт ард түмний ялалт болоход Алтай нутгийн иргэд, сонгогчид онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэллээ. Говь-Алтай аймагт 2016-2024 онуудад улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 428.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.