Ирэх 10 жилд ЗЭСИЙН ЭРГЭЛТ 50 САЯ тоннд хүрнэ гэж эрдсийн шинжээчид үзжээ
Үйл явдал
/
2024-06-15

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024.04.29 ний өдөр зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүлж байлаа.   Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:  

"Монгол Улсын Засгийн газрын 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон бол 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу бид арилжаа зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.  

Энэхүү шийдвэр нь Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн 30 гаруй жилийн түүхэнд бас нэгэн том цонх нээсэн онцгой үйл явдал байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн буюу 2718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаална. Хуурай метр тонн тутмыг 2141.83 ам.доллароос эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг зохион байгуулах юм. Монголын хөрөнгийн бирж, уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжин хөгжиж буй энэхүү түүхэн үйл явцад МУ-ын стратегийн өндөр ач холбогдол бүхий, Монголын ард түмний өөрсдөө гар, бие оролцон бүтээн байгуулсан хамгийн том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсанд бид баяртай байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо дахин талархал илэрхийлээд Монголын хөрөнгийн биржээр арилжаалах зэсийн баяжмалын анхны арилжааг нээх, цан цохин ёслол нээснийг мэдэгдье” гэв.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: “Санхүүгийн зохицуулах хорооноос МХБ-ийн "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам"-ыг 2024 оны 134 дүгээр тогтоолоор үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэн. Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, биржийн арилжаанд үр дүнтэй хяналт тавих, зуучлагч брокеруудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, бусад улсын зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллана” гэдгийг онцолсон юм. 

УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга: “Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны турш ажилласан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого Монгол Улсын эдийн засагт орсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлснийг онцлон хэлье. 

Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ийг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу өнөөдөр  зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна” гэв. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Г.Ёндон: “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зэсийн баяжмалаар бүтээгдэхүүний төрөл ангилал нэмэгдсэн нь 2020-2024 онд Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн олон том ажлуудын нэг болж буйг хэлэхийг хүсч байна” гээд арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.  

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.   Зэсийн үнэ дахин өслөө. Даваа гаригт 7 дугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 5.1990 ам.доллар буюу нэг тонн нь 11,460 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн 24 цагийн дотор 68 тэрбум ам.долларын зэсийн арилжаа хийсэн нь 2024 онд металлын үнэ 35%-иар өсөхөд нөлөөллөө.

Өмнө нь Goldman Sachs-д ажиллаж байсан, одоо Carlyle компанийн Эрчим хүчний стратеги хариуцсан захирал Жефф Кёрри "Зэс бол шинэ газрын тос" гарчигтай Bloomberg-т өгсөн ярилцлагадаа зэс бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж мэдэгджээ. Goldman Sachs зэсийн үнийг өнөөдрийн түвшинд хүрнэ гэж гурван жилийн турш таамаглаж байсан. Харин одоо эрчим хүчний шилжилтийн улмаас зэс 15,000 ам.долларт хүрч чадна гэж Кёрри үзэж байна.

MINING.COM нь ногоон эрчим хүчний шилжилтэд зэсийн гүйцэтгэх үүргийг байнга онцолж ирсэн. Кёрри зэсийн үнэ ханшийг 15 мянган ам.долларт хүрэхэд нэмэлт хоёр хүчин зүйл байгааг онцоллоо:

  1. Ногоон эрчим хүчний шилжилт
  2. Хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүд
  3. Батлан хамгаалахын салбар

Шинэ уурхай байгуулахад урт хугацаа шаардагддаг учир 2021 онд гаргасан таамаглал үнэн зөв болох нь батлагдлаа гэж Кёрри үзэж байна. 1968 онд АНУ-ын орон сууцны өсөлтийн үеэр зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн бөгөөд тэрхүү амжилтыг давтахын тулд одоогийн үнэ инфляцийг тооцоолсноор 15,000 ам.долларт хүрэх шаардлагатай гэж Карри дурджээ.

1968 оны 2 дугаар сард зэсийн үнэ дээд цэгт хүрч 0.72 ам.долларт болсон. Сонирхолтой нь, тэр жил хурдан хоолны ресторан McDonald's Big Mac бургерыг Америкт анх нэвтрүүлсэн билээ. Big Mac нь 1968 онд 0.49 долларын үнэтэй байсан бол өнөөдөр Big Mac нь 5.99 долларын үнэтэй байна. Кёрри "2000-аад онд би одоо зэсийг өөдрөгөөр харж байгаа шигээ нефтийн үнэ өснө гэж итгэж байсан. Нефть долоон удаа 20 ам.доллараас 140 ам.доллар болтлоо өсөж байсан. Зэс ч өсөх маш их боломжтой" гэж хэлэв.

Монгол Улсын ДНБ-ий 27%, аж үйлдвэрийн салбарын 71%, экспортын орлогын 92 %, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, Улсын төсвийн орлогын 32 %-ийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна. Нэг салбараас хэт их хараат байгаа нь  бахархах үзүүлэлт биш ч гэлээ уул уурхайн салбар одоо болон ирээдүйд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх нь эндээс тодорхой харагдаж буй юм. 

Аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй зэрэг бусад салбарын хөгжлийг дэмжих замаар эдийн засгийг солонгоруулах чиглэлийн ажлууд эхэлсэн ч эдийн засагт ачаа үүрэх хэмжээнд хүрэхэд ямар хугацаа хэрэгтэйг гаргасан тооцоо судалгаа одоогоор алга байна. 

Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтын арилжааг эхлүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгажээ. Энэ дагуу тус яамнаас 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Уул уурхайн  бүтээгдэхүүний биржээр арилжих  эрдэс бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибдений баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай санал боловсруулан оруулж, хэлэлцүүлэн батлуулсан байна. Уг тогтоолд биржээр арилжсан зэс, молибдений баяжмалд ногдох АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг биржийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор тусгасан нь ААН-үүдийн татварын ачааллыг бууруулах давуу талтай хэмээн тайлбарлаж байв. 

Зэсийн баяжмалыг биржээр арилжих бэлтгэл хангах хүрээнд  салбарын үйлдвэрлэгч, мэргэжилтнүүд, гадаадын хамтрагч түншүүдийг оролцуулсан “Зэсийн баяжмалын арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 3 дугаар  сарын 18-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт худалдагч, худалдан авагч талуудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонконг, ОХУ, Швейцарь, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк улсын болон дотоодын аж ахуй нэгжүүдийн нийт 200 гаруй төлөөлөгч  бүртгүүлжээ.  

Монгол Улс 56.5 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй
 
Монгол Улс 56.5 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй бөгөөд 2023 оны гүйцэтгэлээр 1.5 сая тонн /1.525.0/ зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолсон. Оюу толгой төслийн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Цагаансуваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 онд 2 сая орчим тонн зэс үйлдвэрлэх тооцоолол байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар илтгэлдээ дурдав. 
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тонн тутамд 9000 ам.долларт хүрч, сүүлийн 11 сарын дээд түвшинд  очсоныг  олон улсын хэвлэлүүд онцолж байгаа энэ үед Монгол Улс зэсээ биржээр арилжаалах бэлтгэл хангаж буй нь цагаа олсон шийдвэр аж. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээгч зэсийн үнэ 2024 оны гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт тасралтгүй өссөн бөгөөд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл эрчимжсэнээр суурь металлуудын эрэлт нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

Вүүд Маккензи /Wood Mackenzie/ компанийн судалгаагаар 2026 оноос зэсийн эрэлт нийлүүлэлтээс давах төлөвтэй байгаа бөгөөд 2031 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү 7 сая орчим  тоннд хүрч болзошгүй гэсэн дүгнэлт гарсныг зэсийн эрэлтийг дагаж үнэ нэмэгдэж буй дэлхийн зах зээлийн өнөөгийн байдлаас ч харж болох аж.  

Засгийн газраас эхний ээлжинд Монголд үйлдвэрлэн экспортолж буй зэсийн баяжмалын 10%-ийг биржээр арилжих бодлого баримталж байна. Манай улсын зэсийн хамгийн том үйлдвэрлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” компани. “Эрдэнэт үйлдвэр” жилд дунджаар 620 мянган тонн зэс үйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэрийн бизнес төлөвлөгөөтэй уялдуулан  эхний ээлжинд бүтээгдэхүүний 5-10%-ийг биржээр арилжаалахаар болжээ. Харин Оюу толгой компанийн хувьд 2024 оны бизнес төлөвлөгөөгөө хэдийнэ гаргаж, олон улсын түншүүдтэйгээ гэрээ байгуулсныг хүндэтгэн үзэх ёстой.  Харин 2025 онд гүний уурхайн олборлолт нэмэгдэхийн хэрээр зэсийн тодорхой хувийг биржээр арилжаалах боломж бүрдэх аж. Энэ сарын эхээр  Канад улсын Торонто хотод болсон PDAC олон улсын уул уурхайн салбарын чуулга уулзалтын үеэр Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай  уулзахдаа биржийн арилжааны талаар нэлээд ярилцаж, ойлголцолд хүрсэн гэж сайд Ж.Ганбаатар тодотгосон   юм. Цаашид биржээр арилжаалах зэсийн баяжмалын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх ба 2025 онд 30, 2026 онд 40%-ийг биржийн арилжаанд оруулахаар төлөвлөжээ. 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар гадаад валютын нөөц, байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, худалдагч болон худалдан авагч талуудыг авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, ил тод орчин бүрдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан нь үр дүнгээ өгч буйг мөн үеэр онцолж байв. 

Зэсийн зах зээл 

АНУ-ын Геологийн албаны 2024 оны статистикаар дэлхийн хэмжээнд нийт нэг тэрбум тонн зэсийн нөөц бүртгэгдээд байгаагаас 22 сая тонныг жилд олборлож байна. Зэсийн нөөцөөр: 

Чили-190 сая
Перу- 120 сая 
Австрали- 100 сая
Конго- 80 сая  
ОХУ-80 сая
Монгол 56.5 сая 
Мексик- 53 сая
АНУ-50 сая 
БНХАУ- 41 сая тоннын батлагдсан нөөцтэйгээр дэлхийд тэргүүлж байгааг АНУ-ын Геологийн албаны 2024 оны мэдээллээс харж болно. 

Дэлхийн банкнаас 2023 онд зэсийн зах зээлийн үнийн таамгийг 2032 онд 8250 ам.долларт хүрнэ гэсэн тооцоолсон бол “S&P Global” байгууллага 2027 онд зэсийн үнэ 9500 ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Тэгэхээр зэсийн ирээдүй өөдрөг байна. 

Манай улсын хувьд 2023 онд Эрдэнэт үйлдвэр 630 мянга, Оюу толгой компани 858 мянган тонн зэс экспортолсон бол 2025 онд энэ үзүүлэлт 2 сая тоннд хүрэх тооцоо байна. Бүтээгдэхүүнээ  БНХАУ-тай хиллэдэг Булган, Бургастай, Шивээхүрэн, Цагаандэл уул, Гашуунсухайт, Ханги, Замын- Үүд бичигт, Баянхошуу, Хавирга боомтуудаар урд хөршид экспортлох дэд бүтцийг Засгийн газар дотоод нөөц бололцооныхоо хүрээнд бүрдүүлж байна. Боомтуудыг хөгжүүлэх ажил   эрчимтэй өрнөж  байна хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцуулсан юм. 

Я.Пүрвээ: Эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн 5-10%-ийг биржээр арилжаална

2024 оны 4 дүгээр сард  зэсийн биржийн арилжааг эхлэхээр төлөвлөсөн ба биржийн арилжаа эхлэх товыг арилжаа эхлэхээс 14 хоногийн өмнө зарлана гэсэн мэдээллийг оролцогч талуудад өгөв. 
Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл болон биржийн арилжааны бэлтгэл ажлын талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр,  “Эрдэнэт үйлдвэр” жилд 38 сая тонн хүдэр боловсруулж, нойтон жингээр 628 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолж байна. Зэсийн баяжмалын агуулга, чанар хувирамтгай биш, тогтмол стандартаа барьдаг нь хамтрагч хайлуулах үйлдвэрүүдэд давуу тал болдог.  

Манай зэсийн баяжмал дахь зэсийн агуулга 22-22.5,  төмөр 25-30, мөнгөний агууламж 65-85, чийгшил дунджаар 9%, хүнцэл зэрэг химийн хорт элемент маш бага буюу 0.3%-иас бага байдаг.
Хятадын Засгийн газраас химийн хортой фтор, хар тугалга, кадми, хүнцэл зэрэг  5 элементэд хязгаар тавьсан. Тэдгээрийн нэг хүнцлийн агууламж 0.5-аас бага байх стандарт шаардлага тавьдаг бөгөөд бид уг шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. 

Худалдан авагч компаниудтайгаа ихэвчлэн 3 жилийн хугацаатай олон  улсын жишиг нөхцөлийн дагуу борлуулалтын гэрээ байгуулан ажилладаг.  Метал, мөнгөний үнийг Лондонгийн металийн биржийн сарын үнийн дунджаар тооцож, бүтээгдэхүүний үнийг харилцагч бүх компанитай нэгдсэн нэг үнээр тогтдог. 

Бид зэсийн баяжмалаа 100% Хятадын зах зээлд нийлүүлдэг бөгөөд ачилт хийхээс 5  хоногийн өмнө үнийн дүнгийн 95%-ийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд байршуулж, эцсийн төлбөрийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногийн дотор авдаг зохицуулалттай. 

“Эрдэнэт үйлдвэр” дэргэдээ итгэмжлэгдсэн чанарын лабораторитой ч Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хөндлөнгийн олон улсын 3 компанитай гэрээтэй ажиллаж, энэ компаниуд ачилт бүрээр жингийн болон металын агуулгыг тодорхойлон баталгаа гаргадаг.  
Мөн худалдан авагч компани ачилт бүрд бүтээгдэхүүнээс дээж авч, дээжээ өөрийн лабораторид шинжлүүлж вагон хил дээр очихоос өмнө дээр дурдсан хортой 5 элементийг тодорхойлоод, хилийн хязгаар тавихгүй гэсэн баталгаа  гаргаж өгдөг гэж танилцуулав.  


“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндон, 
-Бид худалдан авагч талтай гэрээ байгуулснаас хойш 25 хүртэлх хоногийн дотор бүтээгдэхүүнээ ачих боломжтой. 
Үүний тулд тухайн сард ачих баяжмалын хэмжээнд үндэслэн Улаанбаатар төмөр замд вагоны захиалга өгч төлөвлөлтөд оруулах, Хятадын төмөр замтай харилцан тохиролцсоны дагуу тушаал гарснаар ачилт баталгаажна. 

Зэсийн баяжмалыг экспортлохын тулд ойролцоогоор 15 хоногийн өмнө дээж өгч, гаалийн дүгнэлт гаргуулна. Энэ бүх процедурыг давах, гаалийн бүрдүүлэлт хийхэд 20-25 хоногийн хугацаа зарцуулдаг. Харин Эрдэнэтээс ачигдсан зэсийн баяжмал Эрээн өртөөнд хүрэх хугацаа нь 4-7 хоног. Худалдан авагч тал хэдэн вагон хүлээн авсанаа манай талд мэдэгдсэнээр бидний хүлээх үүрэг хариуцлага дуусгавар болдог гэлээ. u

Ж.Цогтбаяр: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Цогтбаяр зэсийн биржийн арилжааг эхлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. 

Ж.Цогтбаяр,
-Монголын хөрөнгийн бирж 2022 онд  хувьцаат компани болж, нийт хувьцааныхаа 34%-ийг иргэдэд худалдсан. Хөрөнгөд суурилсан анхны арилжааг 2021 оноос хийж эхэлсэн. 
2022, 2023 онд системийн нөлөө бүхий ХААН, Голомт, Төрийн банк, ХХБ-ны хувьчлалыг амжилттай хийгээд байна. Хөрөнгийн биржийн үнэт цаас болон түүхий эдийн арилжаатай холбоотой өдрийн дундаж эргэлт 13 сая долларт хүрсэн. 
Хөрөнгийн зах зээл сүүлийн 3  жилд маш эрчимтэй буюу 2020 онтой харьцуулахад 3 дахин өсөж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум ам.долларт хүрээд байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн  тухай хууль батлагдсанаар 2023 оны 1 дүгээр сараас нүүрсний туршилтын арилжааг эхлүүлж,  2  дугаар сарын 9-нөөс нүүрсний арилжааг тасралтгүй амжилттай хэрэгжүүлж байна. 2023 оны 9 дүгээр сараас биржээр төмрийн хүдэр арилжаалсан бол  одоо зэсийн баяжмал биржээр арилжаалах бэлтгэл хангаж буй юм.  

2023 оны 1 дүгээр сарын 12-ноос хойш 2 дугаар сарын 29-ний байдлаар нийт 18 сая тонн  нүүрс биржээр арилжааллаа. Цаашид нүүрс, төмрийн хүдэр, дээр нь зэсийн биржийн арилжааг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллаж байна.
Зэсийн баяжмалын арилжааг эхлүүлэхийн өмнө худалдан авагч тал Хөрөнгийн биржид бүртгүүлснээр арилжаанд оролцох эрх үүснэ. Эрх нь нээгдсэнээр тодорхой квотыг худалдан авагчид өгөх бөгөөд худалдан авагч тал арилжаа явагдахаас 30 минутын өмнө Хөрөнгийн биржийн арилжааны дансанд арилжааны 5%-тай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулна. 

Тухайн арилжаагаар худалдахаар тохирсон бүтээгдэхүүн худалдан авагч талд 100%  нийлүүлэгдэж, үүнийг хоёр тал баталгаажуулах хүсэлт ирүүлсний дараа дэнчинг худалдан авагч тал руу шилжүүлнэ. Гэрээ амжилтгүй болбол дэнчинг худалдагч тал руу шилжүүлнэ. Дэнчин байршуулж байгаагийн шалтгаан нь арилжаа амжилттай болох ёстой” гэв.   

Зэсийн баяжмалыг биржээр худалдахтай холбоотой журмын төсөлд зэсийн чанар, стандартыг тусгах бөгөөд нэг багцын хэмжээ 1000-2000 тонн байх ба доллар, юань болон бусад валютаар худалдан авч болох тухай заажээ. Нүүрсийг анх биржээр арилжихдаа богино хугацаагаар буюу 30 өдрийн хугацаатай спот гэрээгээр арилжаалж эхэлсэн бол зэсийг эхний ээлжинд мөн адил спот гэрээгээр арилжиж, Хятадын Эрээн боомтод хүргэхээр төлөвлөжээ. 

Спот гэрээний нөхцөлөөр эхний зураан сард туршилтын арилжаа хийж, байнгын  харилцагчтай болж бизнесийн итгэлцэл үүсээд ирвэл нэг жилийн хугацаатай форвард гэрээний нөхцөл рүү шилжиж болохоор тооцжээ. Нүүрс, төмрийн арилжааг мөн ийм зарчмаар эхлүүлсэн юм. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн 5-10%-ийг биржээр арилжаалахад үйлдвэрийн санхүүгийн байдал, орлогод ямар нэг эрсдэл гарах уу?” гэсэн асуултад “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ “Бид борлуулалтын үнийн дүнгийн 95%-ийг урьдчилж үйлдвэрийн дансанд шилжүүлсэний дараа ачилт хийдэг байсан бол биржээр арилжаалахад төлбөрөө 100%  авсаны дараа ачилт хийх учир төлбөртэй холбоотой ямар ч  эрсдэл гарахгүй. 

“Эрдэнэт үйлдвэр” олон улсын стандарт хангасан лабораторитой, гэвч үүнийг гадны байгууллагууд хүлээн зөвшөөрдөггүй учир хөндлөнгийн байгууллагуудаар анализ дүгнэлтээ хийлгэдэг. Одоо үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ хийлгэдэг олон улсын итгэмжлэгдсэн гурван  компаниа журмын дагуу Хөрөнгийн биржид бүртгүүлснээр арилжаанд оролцох боломж бүрдэнэ”  гэсэн юм. 
Монгол Улс нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс гэсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах шинэ алхам ийн амжилттай тавигдсан ч биржээр зарахад  хялбар байгаагүй. Худалдан авагч болон дотоодын зохицуулалттай холбоотой олон бэрхшээл тулгарч буйг холбогдох яам, Ажлын хэсэг  үе шаттай  шийдвэрлэж  байна. 

Зэсийн үйлдвэрлэлээр тун удахгүй дэлхийд тэргүүлэх “Оюу толгой”-н гүний уурхай, тасралтгүй ажиллагаатай  “Эрдэнэт” үйлдвэрийн  экспортод гаргасан баяжмалын тоо хэмжээ нэмэгдсэн ч харамсалтай нь бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаснаас орлого хоёр жил дараалан бууралттай гарч байгаа нь чамлалттай. Ер нь ойрын ирээдүйд зэсийн ханш бага зэрэг уруудах дүр зураг бийг зах зээлийн шинжээчид хэлж буй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард дунджаар 9000 ам.доллар  байсан ханш өнгөрсөн оны сүүлийн сард 8400 ам.доллар  болж буураад байна. Гэхдээ 10 дугаар сард бүр 8000 ам.доллараас доош   унасан үетэй харьцуулахад энэ нь нэлээд дорвитой сэргэлт юм. Гэвч энэ нь богино хугацааны л нөлөөлөл. Дунд хугацаанд ханш өсөх чиг хандлага ажиглагдаж байна. 2024 онд зэсийн ханш дунджаар 9000 ам.долларт хүрнэ гэж олонх шинжээч “зөгнөж” байна. Урт хугацаанд, илүү өндөр өсөлтийг хүлээж болохоор байгаа юм.  

Хүлээлтийг бий болгож буй хэд хэдэн  томоохон хүчин зүйл бий. Тэдгээр нь Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл, хотжилт. Далайд гарцгүй, дэд бүтцийн хүртээмж сул Монгол Улсад асар том давуу тал байгаа нь   өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засагт сэргэлт ажиглагдаж,  дээрх гурван чиглэлд дэлхийд тэргүүлж явна. 

Хятад нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, суурилагдсан хүчин чадал, борлуулалт, хөрөнгө оруулалт, технологи зэрэг олон үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгч улс болоод байна. Тус улсын 2021 онд баталсан “14 дүгээр Таван жилийн төлөвлөгөө”-дөө 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг “сэргээгдэхгүй” эрчим хүч   буюу чулуужсан түлшнээс давуулах зорилтыг тавьсан. Тэгвэл 2023 онд нар, салхи, усан цахилгаан станцын үйлдвэрлэл нь нийт цахилгаан эрчим хүчний 50%-иас давж, зорилтдоо товлосон хугацаанаас өмнө хүрэх магадлал тун ойрхон байна. 

Энэ нь дан ганц байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэлтэй холбоотой баримталж буй бодлого бус. Нөгөө талд асар хурдацтай хөгжиж байгаа цахилгаан автомашины хэрэглээг гүйцэхэд сэргээгдэх эрчим хүчний үүрэг асар их болоод байна.  Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тус улс дэлхийд хошуучилж байна. 2022 онд Хятадын цахилгаан авто машины үйлдвэрлэл 7.058 сая, борлуулалт 6.887 саяд хүрч найман жил дараалан дэлхийд тэргүүлэв. Үүнийг дагаад цахилгаан машин цэнэглэх станцын үйлдвэрлэлийн салбар ч эрчимтэй хөгжиж байгаа юм. 
Эцэст нь Хятадад хотжилт дэлхийн аль ч улс орноос илүү хурдацтай явагдаж байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятадын хүн амын 66.2%  нь хот суурин газар амьдарч байгаа бол 10 жилийн дараа энэ хувь хэмжээ 75-80%-д хүрнэ гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 1 тэрбум хүний дэд бүтцийн хүртээмжийг шийдэх хэрэгцээ тус улсад бодитой тулгамдаж байна гэсэн үг. Гэхдээ тэдэнд асуудлуудыг шийдэх олон гаргалгаа, бас хэрэгжүүлж чадах хөрөнгө хүч хангалттай. 

Товчхондоо бол, Хятадын шинэ хотуудын дэд бүтцийн бүтээн босголт, оршин суугчдынх нь автомашиныг цэнэглэх сүлжээ үүсгэх, машин үйлдвэрлэлд шаардагдах зэс болон  бусад дагалдах үндсэн түүхий эдийг Монгол Улс нийлүүлэх сонирхолтой. 

Энэ бол дэлхийн хөгжлийн чиг хандлага. Үүнээс гадна, монголчуудад мөн газар зүйн байршлаас үүдэн дэлхийд сэргээгдэх эрчим хүчний “нөлөө бүхий” улс болох,   үйлдвэрлэсэн эрчим хүчээ Хятад, БНСУ, Японы  зах зээлд нийлүүлэх далдхан хүсэл бий. Биелэх магадлал бүрхэг ч   20 гаруй жилийн турш мартагдаагүй, орхигдоогүй  сэдэв. Аль нь ч байлаа гэсэн ойрын хугацаанд Монгол Улс зэсийн төслүүдээ хөдөлгөж, урагшлуулах, шинэ нөөцөө “задлах” ёстой. 

Хэдийгээр эрэлт хэрэгцээ өсөх нь тодорхой байгаа ч нөгөө талд нийлүүлэлт ч бас өсөхөөр байна. “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд  “Оюутолгой” ордыг амжилттай нээснээс хойш Африк, Америкт хэд хэдэн зэсийн томоохон орд илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, эрдсийн зах зээлд өрсөлдөөн ч бас ширүүсэх хандлагатай. 

Одоогоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дээрх хоёр том уурхай  зэсийн үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн  өрсөлдөөнийг тойрч гарахгүй нь тодорхой. Сүүлийн хоёр жил ил уурхайн хүдэр дэх агууламж  буурснаас борлуулалтын орлого нь хүлээлтэд хүрэхгүй явж ирсэн “Оюу толгой”-н сүүлийн улирлын тайлан нааштай гарлаа. 

“2023 оны IV улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны IV улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны II улиралтай харьцуулахад 26%-иар өссөн” хэмээн тайланд дурджээ. 

Эдүгээ 46 дахь жилдээ ажиллаж байгаа “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, нэмэлт хөрөнгө оруулалт хийж байна. 2031 он гэхэд тус үйлдвэр баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Гэвч нөөц нь шавхагдаж байгаа Эрдэнэтийн овоо ордын хүдэр дэх агууламж ч бас буурсаар байна. Иймд үйлдвэр цаашид оршин тогтнох гол арга зам нь зэсийн баяжмалаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм хэмээн тооцоолж  буй.

Үүнээс гадна дахин хоёр ордыг богино, дунд хугацаанд ашиглаж эхэлнэ. Түүний нэг нь Цагаансуварга, нөгөө нь Хармагтайн орд. Цагаансуваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг “Монголын Алт МАК” ХХК бие даан хэрэгжүүлж байна. 

Харин  Хармагтайн ордыг  “Занаду Майнз” компани эзэмшдэг. Өмнө нь Роберт Фрийдланд хүртэл өрөм тавьж явсан уг ордыг Оюутолгойтой ижил хэмжээний нөөцтэй байх боломжтой гэж итгэж хүлээж байсан ч батлагдсан нөөц нь хавьгүй бага байгаа юм. Хармагтай ордыг 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж үздэг. 

Одоогоор “Занаду Майнз” компани   Хармагтай ордын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар эрмэлзэж байна.  
 

Ногоон хөгжил эрчимжихийн хэрээр гол түүхий эд зэсийн эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөж,  2035 он гэхэд зэсийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээнээсээ 1.5 сая тонноор бага байх төлөв ажиглагдаж буй талаар  S&P Global болон Goldman Sachs зэрэг   судалгааны байгууллагууд тайландаа дурджээ.  Энэ  нь одоогийн  хэрэглээтэй харьцуулбал 600%-иар өссөн үзүүлэлт  юм. 

Мөн эрдсийн шинжээчдийн тооцоолж буйгаар   ирэх арван жилд  дэлхий даяар зэсийн эрэлт 50 сая тоннд  хүрэх аж.

Монгол орны газар зүйн тогтоц, жилийн дөрвөн улиралд нартай, уулархаг нутгаараа салхины урсгал ихтэй зэрэг байгаль экологийн өгөгдөл нь   эдийн засгийн асар их  үр өгөөжтэй  сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн тохиромжтой.  Монгол Улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 9.16 хувь буюу 748.9 сая.кВт.цагийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна.  Зөвхөн 2МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулахад зургаан тонн зэс шаардагддаг.

Асар хурдтай хөгжиж буй  технологийн дэвшлээс улбаалан   шинэлэг,  үр ашигтай үйлдвэрлэлүүд  нэвтрэхийн хэрээр зэсийн хэрэглээ  ийнхүү  нэмэгдэх зах зээлийн төлөв ажиглагдаж байна.       

Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд эхний тавд бичигддэг хэдий ч нар, салхин цахилгаан станц зэрэг  сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс эхлээд цахилгаан автомашины үйлдвэрлэл, технологийн нарийн үйлдвэрлэлд ашиглагдах өндөр  ач холбогдол бүхий эрдэс бүтээгдэхүүний нэг болох зэсийг зөвхөн баяжмал хэлбэрээр экспортолсоор байна. 

Олборлолтоороо дэлхийд 4-т эрэмбэлэгдэх Оюутолгой орд, мөн жилд 580 орчим мянган тонн  зэсийн баяжмал үйлдвэрлэж буй   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  анхан шатны үйлдвэрлэлд хүдрийг   боловсруулж,  зэсийн баяжмалаа  зах зээлд гаргаж  байна.   “Бид зэсээ баяжмал хэлбэрээр буюу эдийн засгийн үр ашиг багатай байдлаар  гадагш нь экспортолж, эсрэгээрээ  эрчим хүчээ өндөр өртгөөр импортолсоор байна” хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдэлдээ дурдсан удаатай.

Улаанбаатарын утаа гамшгийн байдалд хүрснийг дээр доргүй хүлээн зөвшөөрч, цахилгаан машины тоог нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах нэг гол гарц гэдгийг  түгжрэл хариуцсан сайд  нэгэнтээ дурдсан. Дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины эд анги 23 кг зэс агуулдаг бол цахилгаан автомашинд үүнээс 2.5 дахин их зэс ашигладаг. Дэлхий нийтэд энэ төрлийн автомашины жижиг эд ангийг үйлдвэрлэх өрсөлдөөн аль хэдийн эхэлчихсэн. Монгол Улс энэ өрсөлдөөнд хэзээ, ямар бодлоготой оролцох эсэх нь бас л  тодорхой бус байна.

Мөн гар утасны монгол брэнд гарч угсралтаа  хийн зах зээлд борлуулж буй хэдий ч түүхий эдээ  урд хөршөөс нийлүүлсэн хэвээр байна. БНХАУ хэдхэн хоногийн өмнө гар утасны гол түүхий эд болох хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг чухал түүхий эд болох галли, германий гэсэн хоёр төрлийн газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавилаа.  Мөн зэсийг үнэт металлын тоонд оруулсан байна.

Ийнхүү дэлхий дахинд эрэлт хэрэгцээ нь тасралтгүй өсөж буй энэхүү эрдсийн бүтээгдэхүүний  улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн чадамж, өрсөлдөх чадварт гүйцэтгэх үүргийг тоочоод баршгүй. Гэсэн хэдий ч Монгол Улс зэсийн хүдэрт дөнгөж анхан шатны боловсруулалт хийсэн төдий  экспортод гаргасаар л  байна. Энэ нь бид нэмүү өртөг шингэсэн бичил  ялтас үйлдвэрлэж чадахгүйдээ бус,  харин  зах зээлээ даган хөрвөх чадваргүй байгааг батлан харуулж буй юм.

Ногоон эдийн засгийн хөгжилд зэсийн гүйцэтгэх үүрэг жилээс жилд хурдацтайгаар өсөх хандлагатай байна. Нарны эрчим хүч, газрын гүний дулаан, салхины эрчим хүч, цахилгаан автомашин, био эрчим хүч, цахилгаан батарей гээд бидний өдөр тутамдаа ногоон гэж онцолдог эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэт түүхий эд бол зэс.

Гар утас, зөөврийн компьютер зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зэсийг ашигладаг. АНУ-ын Эрчим хүчний яам зэсийг чухал металл гэж хүлээн зөвшөөрч, саяхан Европын холбоо, Япон, Энэтхэг, Канад, Хятад зэрэг улсуудтай адилхан зэсийг 2023 онд чухал ашигт малтмалын тоонд орууллаа.

Ногоон эрчим хүчтэй холбоотой зэсийн эрэлт хэрэгцээ 2030 он гэхэд бараг 600%-иар өсөх төлөвтэй байна. Энэ тохиолдолд 2035 онд зах зээл дээр 1.5 сая орчим тонн зэсний нэмэлт эрэлт үүсэх магадлалтай.

 

Нүүрс

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 4 дүгээр сард 1050181.60 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоов.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 83 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж нийтдээ 17,6 сая тонн нүүрс борлуулаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 10 сая тонн нүүрс экспортлоод байна.

Харин Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   

 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны  04 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24, тавдугаар сарын 7-ны байдлаар алтны үнэ 248,699.42, мөнгө 2,713.28 төгрөг байна.

Монгол Улс өнгөрөгч 2023 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.1 тэрбум ам.доллар, импорт 9.2 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 21.9%-иар, импорт 54.1 тэрбум ам.доллар буюу 6.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. 

Экспорт өмнөх оноос 2.6 тэрбум ам.доллараар өсөхөд юу нөлөөлөв? Мэдээж нүүрс. Нүүрсний экспортын орлого 2.4 тэрбум ам.доллар буюу өмнөхөөс 37%-иар өссөн. Биет хэмжээгээр нь авч үзвэл өмнөх оноос 38 сая тонноор өсөж, 70 сая тоннд хүрлээ. 2023 оны Төсвийн тухай хуульд 36.5  сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөн тусгасан бол 33.5 сая тонноор давуулан биелүүлсэн билээ. 

Харин бусад эрдэс бүтээгдэхүүний экспортын дүнг харвал: 

Жоншны хүдэр, баяжмал 
    162 сая ам.доллар буюу 2.5 дахин 
    биет хэмжээгээр 700 мянган тонноор өссөн. 

Газрын тос 
    123 сая ам.доллараар, 
    биет хэмжээгээр 2.1 сая баррелаар өссөн бол 

алтны экспорт 
    өмнөх оноос 389 сая ам.доллар буюу 35%-иар буурсан байна.   

Зэсийн баяжмалын экспорт 
    өмнөх оноос 17%-иар өссөн. 

2023 оны I-XI сарын хооронд Монголд  үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 1.29 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрдүүлж байгааг Монголбанк онцоллоо.

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг нэгдүгээр сарын 17-ны өдөр мэдээлсэн. Уг мэдээлэлд, 2023 онд экспортын 92%-ийг уул уурхайн бараа бүтээгдэхүүн, 6%-ийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн. Манай улс экспортын 91%-ийг БНХАУ руу, 4%-ийг Швейцарь улсад нийлүүлсэн бол Хятад руу экспортолсон барааны 62.7%-ийг чулуун нүүрс, 19%-ийг зэсийн баяжмал эзэлж байна. Швейцарь улс руу экспортолсон барааны 99.5%  нь алт гэж дурдав. 

Нүүрсний ачаар 2023 онд Монгол Улсын төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарсан. Оны нийт дүнг авч үзвэл төлбөрийн тэнцлийн орлого, зарлагын зөрүү +1.4 тэрбум ам.доллар байгаа ба үүнийг задалж үзвэл сүүлийн 10 гаруй жилд гараагүй эерэг өөрчлөлт буюу урсгал тэнцлийн ашиг  анх удаа эерэг дүнтэй гарсныг эдийн засагчид тодотгож байна. 

“Нүүрсний экспортын өсөлтийн нөгөө талд өнгөрсөн жилүүдэд Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, валютын ханшийн тохиргоо оновчтой болж 2023 оны эцэст валютын нөөц +1.4 тэрбумаар өсөж, 4.9 тэрбум ам.долларт хүрэв. Валютын нөөц ийн хуримтлагдаж байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2023 онд жилийн дүнгээр нэг хувиар чангарах  эерэг нөлөөллийг үзүүллээ” гэж Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тайлбарласан байна. 

Тэрбээр, 2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.2%-д хүрнэ гэсэн төсөөлөлтэй буйгаа илэрхийлсэн ба үүнд экспортын орлого өндөр байх, тэр дундаа нүүрсний экспортын биет хэмжээ 60 сая тонноос буухгүй бол энэ төсөөлөл биеллээ олох боломжтой гэж үзжээ. 


Нүүрс экспортын орлогын 67%-ийг бүрдүүлж байна 

Монголбанкнаас макро эдийн засаг, инфляци, санхүүгийн салбарын шинжилгээг хийх, аж үйлдвэржилтийн бодлого, бүтээмжийг сайжруулах чиглэлээр бодлогын судалгаанууд хийдэг.  Төвбанкны Судалгаа, стастистикийн газраас 2023 онд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудаа тоймлон   /2024.I сар/  гаргажээ. 

Уг тайланд  судлаач Б.Эрхэмбаярын “Монгол Улсын экспортын нүүрсний үнийг төсөөлөх нь” сэдэвт судалгааны бүтээл нийтлэгджээ. Манай улсын эдийн засгийн өсөлтийн үндсэн гол хөшүүрэг, ирэх жилүүдийн хүлээлт болсон нүүрсний зах зээлийн тоймыг товчлон хүргэж байна.

Манай орны нүүрсний онцлог шинж,  нөөц нь тогтоогдсон уурхайн  нүүрсний чанар,  нүүрсний үнийн төсөөлөл гаргах, макро эдийн засгийн тооцоолол хийх зэрэг нь зах зээлд борлуулах худалдааны  байгууллагуудтай яриа хэлэлцээр хийхэд  тус нэмэр болдог. 
Тиймээс Монгол Улсын нүүрсний онцлог, борлуулж буй үнэ дэлхийн зах зээлийн ямар төрлийн нүүрсний үнэтэй хэрхэн хамааралтай болохыг  судлах, цаашдын төсөөллийг хэрхэн хийвэл оновчтой талаар судлах нь чухал байгааг судлаач Б.Эрхэмбаяр дурджээ.

Манай нүүрсний илчлэг 6430-8100 ккал/кг 

Монгол оронд одоогоор 270 гаруй орд бүртгэгдсэний  талаас бага хувь нь коксжих чулуун нүүрсний орд  байгаа бөгөөд үүний 70 орчмыг нь газар зүйн хувьд нарийвчлан судалжээ. Эдгээр нүүрсний орд нь манай улсын баруун, өмнөд болон төвийн нутгаар тархсан байна.

Манай нүүрсний илчлэг нь 6430-8100 ккал/кг хооронд хэлбэлзэх бөгөөд Хархираагийн сав газрын уурхайнуудын нүүрсний илчлэг хамгийн бага байгаа бол Сайханы овоо, Хөшөөт зэрэг ордод дундаж хэмжээнд, Хотгор, Тавантолгой хам­гийн өндөр түвшинд байна. Ерөнхийдөө нүүрсний чанар газар нутгийн зүүнээс баруун чиглэлд сайжрах бөгөөд чулуун нүүрс, хүрэн нүүрсийг дотооддоо цахилгаан үйлд­вэр­лэхэд ашиглах бол коксжих чулуун нүүрсийг голчлон экспортолж байна.

Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны мэдээнээс харахад манай улсад нүүрсний 40 аж ахуйн нэгжийн 44 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 29 уурхай нь чулуун нүүрсний, 15 нь хүрэн нүүрсний уурхай юм. Эдгээр уурхайнуудаас Өмнөговь аймаг дахь Тавантолгойн орд болон Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд экспортын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Харин Багануур, Шивээ-Овоогийн уурхай олборлосон нүүрсээ экспортод гаргадаггүй, 100%  дотоодын хэрэгцээнд ашиглаж байна. 

Нүүрс экспортолж буй компаниудаас “Энержи Ресурс” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “МоЭнКо” ХХК зэрэг компаниуд   баяжуулсан  нүүрс гаргаж байна. 

Манай улс 2022 онд 37.2 сая тонн нүүрс олборлож, 31.7 сая тонныг экспортолжээ. Экспортын нүүрсний 94%-ийг Хятад улс руу, 3.8%-ийг Сингапур улс руу, БНСУ руу 2.1% борлуулж байв.  Сүүлийн таван жилийн статистикаас харахад дотоодын нүүрсний хэрэглээ нэг жилд 10 орчим сая тонн болж, үүний 70 орчим хувийг ДЦС-ууд ашиглаж байна. Түүнчлэн экспортолсон нүүрсний хэмжээ 30 сая тонноос өндөр байсан жилүүдэд (2017-2019, 2022) экспортын 97-гоос дээш хувийг зөвхөн Хятад улс руу гаргаж байсан бол одоо ч энэ хэвээр байна. 

Манай улсын нүүрсний экспорт 2015 оноос хойш жилээс жилд тогтмол өссөн боловч 2020-2021 онд Ковид-19 цар тахал дэгдсэн нь тээврийн салбарт хүндрэл үүсгэж, улмаар экспортлох нүүрсний хэмжээ жил дараалан буурав. Монгол Улс 2019 онд 36.5 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэж онцолж байв. Тэр үеэс 2021 оныг хүртэл экспортолсон нүүрсний хэмжээ 60 орчим хувиар буурсан бол 2022 онд тээвэр эргэн сэргэснээр экспортын нүүрсний биет хэмжээ 31.7 сая тоннд хүрч, өмнөх оныхоос хоёр дахин нэмэгджээ.

2019 онд Хятадын коксжих нүүрсний импортын 45.2%-ийг манай коксжих нүүрс эзэлж байсан бол цар тахлын жилүүдэд 26.6%  хүртэл буураад 2022 онд 40%-ийг давж эргэн сэргэсэн байна.   

Нүүрсний экспортыг боомтуудаар харвал Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуу­даар нийт нүүрсний экспортын 90 гаруй хувийг гаргадаг байна. Тус боомтууд нь Тавантолгой, Нарийнсухайтын ордуудад хамгийн ойр орших тул эдгээр боомтууд ийнхүү экспортын гол түших цэг болжээ.


 

Олон улсын нүүрсний зах зээл

Сүүлд буюу 2020 онд шинэчлэгдсэн тооцоогоор дэлхийн хэмжээнд нэг их наяд тонн гаруй нүүрсний нөөц батлагдсан тухай дурджээ. Үүнийг нүүрсний нөөцийн хэмжээгээр авч үзвэл АНУ (23.2%), ОХУ (15.1%), Австрали (14.0%), Хятад (13.3%), Энэтхэг (10.3%) гэсэн таван улсад  80 шахуу хувь нь төвлөрч байна. Харин Монгол Улсын хувьд дэлхийн нүүрсний нөөцийн 0.2 хувь буюу 2.5 тэрбум тонн нөөцтэй. Энд дурдсан зарим орон нүүрсний нөөц ихтэй ч үйлдвэрлэл нь хэрэглээгээ хангаж  хүчрэхгүйгээс газар зүйн байршлын хувьд ойролцоо улс орноос импортолдог. Нүүрс нь овор ихтэй, тээврийн зардал өндөртэй тул худалдах, худалдан авах талууд голчлон хил залгаа, ойролцоо бүс нутагтай худалдаа хийхийг илүүд үзнэ. Коксжих нүүрсний худалдааны эргэлтийг авч үзвэл:

• Австрали → Зүүн Өмнөд Ази болон Европ
• Монгол → Хятад
• ОХУ → Евро-Ази болон Хятад 
• АНУ → Европ, Төв болон Өмнөд Америк руу нүүрс  экспортолж байна.   

Австрали улс 2022 онд коксжих нүүрсний экспортынхоо талаас илүү хувийг Энэтхэг, Японд нийлүүлжээ

Дэлхийн нийт нүүрсний экспортыг 2022 оны байдлаар биет хэмжээгээр харьцуулан харвал Индонез, Австрали, ОХУ, АНУ зэрэг улсууд эхний байруудад жагсаж байна. Манай улсын хувьд нийт экспортын нүүрсний 2%-ийг бүрдүүлж байна. Харин коксжих нүүрсийг тусад нь харвал манай улс Австрали, АНУ, ОХУ, Канад зэрэг улсуудын араас тавдугаарт орж байна. 

Сүүлийн жилүүдийн статистикаас харвал коксжих нүүрсний дэлхийн хамгийн том нийлүүлэгч Австрали улсын экспортын   53 орчим хувь нь эрчим хүчний нүүрс бол үлдсэн хэсэг нь коксжих нүүрс байна. Тус улс жил бүр 170 сая тонн орчим коксжих нүүрс экспортолдог бөгөөд 2022 онд тус улсын коксжих нүүрсний 28.3%-ийг Энэтхэг, 24.8%-ийг  Япон, 7.7%-ийг  Өмнөд Солонгос руу экспортолжээ.

2022 оноос өмнөх жилүүдэд Хятад улсын эзлэх хувь өндөр байв. 2020 онд Хятад улс Австралийн нүүрсэд хориг тавьсан тул 2022 онд Хятад улс руу экспортлоогүй. Коксжих нүүрсний өөр нэг томоохон нийлүүлэгч нь АНУ бөгөөд тус улс 2022 онд 41 сая тонн коксжих нүүрс экспортолсны  ихэнхийг Европын орнууд, Энэтхэг, Бразилд борлуулсан байна. 
Дэлхийн нүүрсний хамгийн том тоглогч БНХАУ

Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс дэлхийн нийт нүүрсний импортын 21.3%-ийг эзэлж,  нүүрс импортлох хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Хятад улс нь дэлхийн нийт нүүрснээс гарган авч буй эрчим хүчний 54 орчим хувийг хэрэглэж байгаа ба 51 орчим хувийг (4.5 тэрбум тонн нүүрс) үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын нүүрсний уурхайнууд эрэлтээ бүрэн хангах хэмжээнд хүрэхгүй байгаа тул бусад орноос импортолж байна. 
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр Хятад улс сүүлийн таван жилд дунджаар 310 сая тонн нүүрс, 2022 онд 285  орчим сая тн нүүрс импортолжээ. 

Хятадын нүүрсний импортын 95 орчим хувийг Индонез, Австрали, ОХУ болон Монгол гэсэн цөөн улсууд нийлүүлдэг. Хятад улс 2022 онд 4.3 тэрбум тонн нүүрсний хэрэглээнийхээ 6%  орчим буюу 267 сая тонн нүүрсийг импортоор авчээ. 
Зургаан хувь гэх тоог харвал урд хөрш  нүүрсний импортын хамаарал харьцангуй бага буюу  нүүрсний дотоодын олборлолтоороо хэрэгцээгээ хангах боломжтой аж.  

Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлангаас харахад 2020 онд Хятадад нүүрсний 4700 орчим уурхай үйл ажиллагаа явуулж байжээ. Цаашид Хятадын зүгээс 14 дэх таван жилийн төлөвлөгөөгөөр эрчим хүчний аюулгүй, хямд, хүртээмжтэй байдлыг хангах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах зорилгоор 2021-2025 онд нүүрсний жижиг оврын 700 орчим уурхайг хааж, том уурхайуудаа дэмжиж, Хятад даяар нүүрсний уурхайн тоог 4000-д хүргэх зорилт тавьжээ. 

Түүнчлэн, Хятад улсын  нүүрс­хүчлийн хийн ялгаруулалт  2030 онд дээд хэмжээнд хүрч, түүнээс хойш тасралтгүй бууруулсаар 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтгүй улс болох зорилготой.
Хятадын нийт нүүрсний олборлолтын 85 орчим хувь нь эрчим хүчний нүүрс, үлдсэн хэсэг нь ган хайлуулах гол орц болох коксжих нүүрс. Тус улсын эрчим хүчний нүүрснийхээ олборлолтын 80 орчим хувийг Өвөр Монгол (30%), Шаньси (22%), Шэньси (21%), Шинжаан (6%) гэх  дөрвөн мужаас хангаж байна. 

Жилд дотооддоо 480 орчим сая тонн коксжих нүүрс олборлож байгаагийн 50 орчим хувийг Шаньси муж дангаар хангадаг бол зүүн бүсийн Шаньдун, Аньхуй; Өмнө зүгийн Хэнань, Гуйжоу; хойд зүгийн Өвөр Монгол, Хармөрөн зэрэг мужид коксжих нүүрсний томоохон уурхайнууд нь байрладаг. 

Дэлхий нийтээр хэрэглэж буй нийт нүүрсний 86 орчим хувь нь эрчим хүчний нүүрс байгаа бол үлдсэн 14 орчим хувь нь коксжих нүүрс эзэлнэ. 2022 онд дэлхий даяар 8 тэрбум тонн нүүрс ашигласны 6.9 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байв. Хятадын хувьд ч адил дүр зураг харагдах бөгөөд хүрэн нүүрс тус улсын хэрэглээнд 83 орчим хувийг эзэлж, импортын нүүрсний 70-80 орчим хувийг бүрдүүлж байна. 

Манай улс экспортын гол орлогоо нүүрснээс бүрдүүлж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын гүйцэтгэлээр нүүрсний экспорт  47 сая тонн, он дуустал энэ үзүүлэлт 52 сая тоннд хүрэх бүрэн боломжтой” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 10 дугаар сард болсон “Уул уурхайн долоо хоног” чуулганы индрээс илтгэж байв. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын хоёр дахь арав хоногт нүүрсний экспортын биет хэмжээ Засгийн газрын хувьд мөрөөдлийн тоо болох 60 сая тоннд хүрчээ. Монгол Улс түүхэндээ хамгийн их буюу 60 сая тонн нүүрс экспортолсон нь энэ бөгөөд 2024 оны Төсвийн тухай хуульд нэлээд өөдрөгөөр төсөөлж тавьсан түвшиндээ он солигдохоос 40 хоногийн өмнө хүрэв. Өөрөөр хэлбэл 2023 оны төсөвт төлөвлөсөн хэмжээг он дуусахаас 40 хоногийн өмнө 10 сая тонноор давуулан биелүүлсэн чихэнд чимэгтэй мэдээ байв.

Экспортолсон нүүрсний хэмжээ: 

2019     36.4 сая тонн 
2020     28.6 сая тонн
2021     15.9 сая тонн
2022    27.5 сая тонн 
2023.ХI сар   60 сая тонн

2024 оны Улсын төсвийн орлого бүрдүүлэх дээрх төлөвлөлт, эдийн засгийн 93%-ийг бүрдүүлэгч уул уурхайн түүхий эдийн борлуулалт энэ түвшиндээ байвал ирэх онд улсын эдийн засагт өсөлт үзүүлэх эерэг дүр зураг харагдах аж. Ирэх онд эдийн засгийн өсөлтийг зорилтдоо хүргэхэд нөлөөлөх гол түүхий эд нь нүүрсний борлуулалт. Үндсэндээ нүүрсэнд даатгасан Төсвийн хууль Сангийн сайдын ширээн дээр буй.  

2022 оны 12 дугаар сарын 23-нд Уул  уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, энэ оны 2 дугаар сараас эхлэн юун түрүүнд нүүрсийг биржээр арилжаалах туршилт  эхлүүлсэн. Хууль 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхэд нүүрсний биржийн арилжаа үндсэндээ жигдрэх шатандаа орсон байв. Биржээр арилжсанаар нүүрсийг ам нөхцөлөөр хямд үнээр худалддаг, тээврээ урд хөрш хариуцаж, ашгаа хүртдэг гэх мэт манай талд өгөөж багатай олон хувилбарууд эерэг тал руугаа эргэж, орлого багагүй хувиар нэмэгдсэн. Нүүрсний тээврийг дотоодын аж ахуйн нэгжүүд хариуцаж өмнөд хөршийн хил хүртэл хүргэж өгөх болсноор тээврийн орлого дотооддоо үлдэж, эдийн засагт үр дүн өгч байна. 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 оны 2 дугаар сарын 9-нөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулжээ. Биржээр арилжаалах нүүрсний хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 30%-д хүргэхээ УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Ирэх онд зэсийг биржийн арилжаанд нэмж оруулахаар бэлтгэл хангаж байгаа бөгөөд энэ хэрээр экспортын орлого нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.   
Монгол орон нүүрсний арвин баялаг нөөцтэй. Нүүрс бол ургамал, амьтны үлдэгдлээр олон сая жилийн турш газрын гүнд хадгалагдан дагтаршиж, жигнэгдэн физик, химийн процессын нөлөөгөөр үүссэн органик чулуулаг хэмээн тодорхойлжээ. 

Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%, гангийн үйлдвэрүүдийн 70% нь нүүрсээр ажилладаг. Английн Лондон хотод 1882 онд дэлхийд анхны нүүрсэн тэжээлт цахилгаан станцыг ашиглалтад оруулж байжээ. Аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед нүүрс түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг бөгөөд 2015 онд 106 улс нэгдсэн Парисын хэлэлцээрээр нүүрснээс ялгарах хүлэмжийн хийг бууруулахын тулд улс орнууд эрчим хүчний шинэ эх үүсвэр  ашиглах, цэвэр сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулж эхэллээ. Хэдийгээр эрчим хүчний салбарт нүүрсний нэр нөлөө буурч байгаа ч зайгаа тавьж өгөх хараахан болоогүйг Дэлхийн нүүрсний ассоциацын Ерөнхий захирал  Мишель Манук онцолсон. 

Манай улсын хувьд  ихээхэн тархац бүхий энэхүү ашигт малтмалаас өгөөж хүртэх алтан үе нь үнэндээ ойрын арван жил хэмээн үзэж байсан бол хатагтай Мишель Манукийн илтгэл биднийг  багахан ч гэсэн тайвшруулсан  билээ. 

Тэрбээр, “Дэлхий нийт нүүрснээс хурдан хугацаанд татгалзах боломжгүй гэдгийг сүүлийн хоёр жилийн үйл явдлууд батлан харууллаа. Улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний салбарын гүйцэтгэл бага байна. Европт хий хадгалах байгууламжууд хомсдолтой байгаа нь байгалийн хийн нийлүүлэлт нэг улсаас хамааралтай явж ирсэнтэй холбоотой. 

Ийм нөхцөлд сэргээгдэх эрчим хүч найдвартай эх үүсвэр болж чадахгүй нь тодорхой байна. Дэлхий дахинд эрчим хүчний аюулгүй байдал нэн тэргүүний асуудал учир нүүрсийг байгаль орчинд ээлтэй байдлаар цэвэршүүлэн хэрэглэсээр байхаас өөр сонголт ойрын ирээдүйд үгүй” хэмээн тэрбээр тодотгосон билээ. 

Дэлхийн хэмжээнд 20 тэрбум их наяд тонн нүүрсний нөөцтэй гэх таамаг байгаагаас батлагдсан нөөц нь 1 их наяд тонн. Харин Монгол Улсын хувьд нүүрсний биологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн бол батлагдсан нөөц 34.6 тэрбум тонн байна.  

Нүүрсийг Эрдэс баялгийн биржээр арилжаалахаас гадна угааж, баяжуулбал  зах зээлийн үнэлгээ, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тиймээс Тавантолгойн орд газрыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Нүүрс баяжуулах үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд 2024 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм. Бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ хилээр нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар гол анхаарлаа хандуулж байна. Манай улсын Хятадтай хиллэдэг 17 боомтын 6-7 нь эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортолдог гол гарц. Үүн дээр уул уурхайн зориулалтаар эхний ээлжинд Ханги-Мандал, Гашуунсухайт боомт  руу хөндлөн төмөр зам байгуулснаа ажиллагаанд оруулж, яаралтай холбох асуудлаар Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай хамтран ажиллаж эхэлжээ. 

2024 оны улсын төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор тусгасан. Иргэдийн орлогыг хамгаалах, өрхийн амьжиргааг дэмжих энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эх үүсвэр нь байгалийн баялгийн экспортын орлого, тэр дундаа нүүрс болоод байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.166.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.