Монгол Улсын Гавьяат хуульч Р.Асхабылын дурсамж
Үйл явдал
/
2024-05-30

Миний бие Баян-Өлгий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр 1999 оны 10 дугаар сард томилогдон ажиллаж байсан бөгөөд 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиуд батлагдсан. Мөн Шүүхийн тухай хуульд аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч нь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч байна гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ үеэс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллах хүмүүсийг судалж эхэлсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ч.Ганбат /агсан/ шүүгчээр ажиллах хүнийг судлах үүрэг чиглэл өгсөн юм. Бидэнд шинээр байгуулагдах Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллах дадлага туршлагатай, шударга, ёс зүйтэй, чадварлаг хүнийг шүүгч, хуульчдын дотроос шилж сонгон шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлж оролцуулахыг даалгасан юм. Түүний дагуу тус аймагт байгуулагдах Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр хэний нэрийг дэвшүүлэх, яаж сонгох вэ гэдэг үүрэг надад оногдсоноор уг ажилд орсон билээ. Миний хувьд хамгийн гол нь зарчимч, шударга, чадварлаг чанарыг шалгуур болгон баримталж, тухайн үед сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр он, удаан жил ажилласан С.Сайран, мөн сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж байсан З.Гүлбарша, сум дундын шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан залуу боловсон хүчин С.Еркеш нарыг сонгон санал болгосон бөгөөд тэд шүүгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдсон болно. Ингээд 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тус аймагт Захиргааны хэрийн шүүх байгуулагдаж, аймгийн удирдлагуудыг оролцуулан нээлтээ хийж байсан ба үүнээс хойш 20 жил болсон байна.

 

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэргийн шүүхийг ард иргэд, захиргааны байгууллагуудад сурталчлан танилцуулахаас бидний ажил эхэлсэн юм. Үүний тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг казах хэл дээр орчуулан хэвлүүлж, мөн Захиргааны хэргийн шүүхийн талаарх казах хэл дээр бэлтгэсэн хэвлэмэл хуудасны хамт иргэд, байгууллагуудад тарааж, түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан холбогдох мэдээллийг аймгийн бүх сум, баг, байгууллага, ард иргэдэд казах, монгол хэлээр хүргэх зэргээр сурталчилгааны ажлууд хийгдэж байлаа. Үүний үр дүнд иргэд, албан тушаалтнууд Захиргааны хэргийн шүүхийн ач холбогдлыг ойлгож, шүүхэд хандах иргэдийн тоо ч жил бүр нэмэгдэж байлаа. Ингээд манай аймгийн Захиргааны хэргийн шүүх ажлын ачааллын хувьд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн дараа орж байсан түүхтэй. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид томилогдсоны дараа тус шүүхийн шүүгчдийн туслахаар ажиллах чадварлаг боловсон хүчин шаардлагатай байсан тул шүүгч нартай зөвлөлдөж М.Ризаг туслахаар томилсон ба тэрээр одоо тус шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд маш шударга, идэвх санаачилгатай нэгэн байлаа.

                 Ийм сайхан боловсон хүчнүүдийг олж авсны үр дүнд тус аймгийн Захиргааны хэргийн шүүх аймаг болон улсын хэмжээнд танигдаж, шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтээр бусад захиргааны хэргийн шүүхүүдээс тэргүүлж, 3 удаа өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Мөн аймгийн Захиргааны хэргийн шүүхийн онцлох нэг ололт амжилтаас дурдвал тус шүүхийн шийдвэрүүд нь давах, хяналтын шатны шүүхээр хянагдаж, бүгд 100 хувь хэвээр батлагдаж байсан онууд цөөнгүй юм.

             Дээрх амжилт ололтыг үнэлэн аймгийн Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг сайжруулах зорилгоор Дэлхийн банкнаас тус шүүхийн байр буюу Баян-Өлгий аймгийн шүүхийн 2 давхар барилгыг засварлах хөрөнгийг шийдвэрлэж өгсний үр дүнд 2007 онд 108 сая төгрөгийн их засвар хийгдэж, аймгийн Захиргааны хэргийн шүүхийн гавьяагаар орчин үеийн тохилог байранд өнөөдөр аймгийн шүүх үйл ажиллагаагаа явуулж байна. Цааш цаашдаа ч тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх улам бэхжиж, шүүгч нар нь улам чадварлаг болж тэргүүн байранд шалгарч байх болтугай гэж ерөөл дэвшүүлье.

 Монгол Улсын Гавьяат хуульч Р.Асхабыл


Facebook

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.255.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.