Энхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавина
Үйл явдал
/
2024-06-22

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр холбогдох албаныхантай хамт борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавихаар ажиллаж байна. Тодруулбал, Энхтайваны гүүрний доод талын авто замд ус тогтож, авто машин зорчиход хүндрэл үүсгэдэг. Тиймээс тус байршилд тогтсон усыг соруулж, маргааш үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавихаар боллоо. Ингэснээр усны хаялга руу орж буй ус эргэж хальж гарахгүй.

Дунд голын усны түвшин нэмэгдэхээр тухайн гол руу хаяж байгаа усны хаялга нь буцаж хальж, ус тогтон, автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм. Үүний гол шалтгаан нь Дунд голын хоёр талаас нь шахаж барилга барьсан бөгөөд сүүлийн 10-20 жил тус голын лаг хагшаасыг цэвэрлээгүйгээс үүдэн хамгийн багадаа нэг метрээс дээш усны түвшин өргөгдсөн байна. 

Мөн "Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтсон байсныг соруулан, ус соруулах насосын ашиглалтыг цаашид Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцахаар болсон. Тухайн байршилд 24 цагаар ажилладаг мэдрэгчтэй насос тавих төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн уг хорооллын хойд талд зураг төсөл гарган АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байршлын дундуур усыг гаргахаар зөвшилцжээ. Энэ ажил ирэх долоо хоногоос эхэлнэ. 

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Бид өвлөөс эхлэн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган тухайн байршлын даланг хүчитгэсэн. Мөн Сэлбэ голын голдирол өөрчлөн барьсан “S’ Outlets” дэлгүүрийн барилгыг буулгасны хүчинд өнөөдөр тус байршлын үерийн нөхцөл харьцангуй гайгүй байна. Уг байршилд Сэлбэ голын даланг хүчитгэх, түшиц хана хийх ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сараас эхлэн тус голын мөсийг Туул гол руу зөөж, тээвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Сэлбэ, Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг зөөж, цэвэрлэх ажил үргэлжилж байна. Энэ ажил зөвхөн хэдхэн хоногийн дотор хийгээд дуусах ажил биш, зуны турш үргэлжилнэ” гэдгийг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.219.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.