ҮГЭН дотор ҮГ. Үхэр дотор ГИВААН гэдэг. Ерөнхийлөгчийн ХЭЛСЭН ҮГИЙГ задалбал...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-12-17

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг өрөөндөө дуудаж, уурсан загнав. Гол сэдэв нь “УЛААНБААТАР ХОТЫН УТАА” байв. Төрийн тэргүүн утаанд ихээр санаа зовж, Засгийн газарт шахалт үзүүлж байгаа нь цаанаа ИРГЭДИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВАХ гэсэн башир арга. Он солигдохоос өмнө түүнд иргэдийн дэмжлэг, массын хүч хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Ингэснээр тэр АРД ТҮМЭНД ХАЙР ЗАРЛАЖ би та нарыг үгийг Засгийн газарт дамжуулж, тэднийг ташуурдлаа шүү гэсэн агуулгыг илэрхийлэв.

Мөн УГААТРСАН ХҮН мэт салан задгай, найрааны Засаг бүрдчихсэн, олигтой зүйл хийхгүй байгааг шүүмжилсэн нь Ардчилсан намынханыг Засгаас гар, МАН-ынхан дангаараа ЯМБА ЭДЛЭЖ, ЯЛАА ҮҮР гэсэн агуулгыг хөндөв.

Өмнөх засгийн газруудад байхдаа өөрийн биеэр байгуулж байсан МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРАА үгүйлэн санаж, дахин байгуулахыг үүрэгдэв. Төрийн хамгийн чухал үүрэг бол хянаж шалгах явдал. Энэ байгууллагыг дахин байгуулах нь Ерөнхийлөгчид өөрт нь ашигтай.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар татан буулгасан нь УТААНЫ АСУУДЛААС МУЛТРАХ, ҮЛ ХАЙХРАХ арга байв. Үүнийг олж мэдээд дахин байгуул гэсэн төрийн бодлого БУУХ ЭЗЭНТЭЙ, БУЦАХ ХАЯГТАЙ болж, төсвийн мөнгийг хэн нэгэн дарга бус мэргэжлийн байгууллага нь захиран зарцуулдаг байх гол санаа юм. Хотын утаа, агаарын бохирдлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам уу, Эрчим хүчний яам уу, Хотын захиргаа юу аль нь хариуцах нь тодорхойгүй болчихсон юм.

Хамгийн чухал нь 2019-2022 оны хооронд Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс буурсан. Өмнө нь хийж байсан зүйлээ одоо яагаад хийж чадахгүй, дордуулаад байна вэ гэдгийг хөндөв. Энэ хэсэгт ажлаа хийгээгүй нөхдүүдэд хариуцлага тооц гэдэг чиглэлийг ЦЕГ болон ТЕГ-ын дарга нарт өгөв.

Эндээс Утаа бууруулах бодлого бол АШИГТАЙ БИЗНЕС. Тийм учраас ашиг орлого тасалдуулах ёсгүй гэдгийг алгуур утгаар сайд дарга нарт ойлгуулж, дахин бизнес сааруулахгүй байхыг ойлгуулав. Учир нь хотын захиргаанаас одоо ЗУУХНЫ БИЗЭЕС ХИЙХ ГЭЖ БУЙ. Ядуу иргэддээ зуух тараачихаад, мөнгийг нь зун төлүүлнэ гэдгийг хотын орлогч А.АМАРТҮВШИН хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Утаа бууруулах бодлого бол НЭР ХҮНД. Ялалтын бялуу гэдгийг ч нийгэмд ойлгуулсан. Үндсэндээ 2020 оны сонгуульд МАН ялахдаа “Улаанбаатар хотыг утаагүй болгосон” гэдэг лоозонгийн ачаар иргэдийн дэмжлэг авсан. Тийм учраас МАН-ынхан аль аль талд БЯРТАЙ байгаа дээрээ дангаараа ХОТЫН УТАААГ БУУРУУЛБАЛ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялахад хэрэгтэй гэдгийг ч ярианыхаа завсар хавчуулаад амжина лээ.

“Ид шидийн орон” төслийн Ч.Ганжавхлан нарын залуучууд “АМЬСГАЛМААР БАЙНА” гэх агуулга бүхий эсэргүүцлийн тайван жагсаал хийсэн. Үр дүнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд дарга нарт сургааль айлдав.

Ерөнхийлөгчийн өчигдрийн уулзалтыг Монгол ёс заншил талаас нь авч үзвэл өрх гэрийн тэргүүн нь үр хүүхдээ загнаж, сургааль айлдаж, алдаа оноог нь дэнслэн, чавтий хүртээж буйтай агаар нэгэн юм. Түүнийг хөхүүлэн дэмждэг нийгмийн бүлгийнхэн энэ үйл явдлыг олзуурхан сайшааж, ТӨРИЙН ТЭРГҮҮН МААНЬ ЁСТОЙ ЗӨВ АЛХАМ ХИЙЛЭЭ. ИНГЭЖ Л САЙД ДАРГА НАР АЖЛАА ХИЙХ УХААН СУУХ НЬ гэж дэмжих нь ойлгомжтой.

Гэтэл эсрэг талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ээлжит попролт, оноо авах гэсэн арга. Сүрийг үзүүлэхээс өөр юуг ч чадахгүй гэсэн басамж аягүйцэл хөвөрч буй. Дээрх хоёрын аль ч нь байлаа гэсэн Ерөнхийлөгч өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УТАА, АГААРЫН БОХИРДОЛТОЙ тэмцэж буй хэлбэр гэдгийг ойлгох нь зөв. Олон жилийн өмнө Утааны эсрэг аав ээжүүдийн хөдөлгөөнөөс “БООЖ ҮХЛЭЭ” гэж агуулгатай жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Ц.ПҮРЭВХҮҮ хожим нь өнөөгийн Ерөнхийлөгчийн ивгээлд багтсан гэдгийг санахад илүүдэхгүй. Тэгэхээр “Утаа, агаарын бохирдлын эсрэг” дуугарч байгаа нөхдүүдэд хожих нь УЛСТӨРЧДИЙН ХАЛААСАНД БАГТЧИХДАГ гэмтэй.

 Ямартай ч Ерөнхийлөгчийн уулзалт ҮР ДҮНД хүрэх нь тодорхой. Засгийн газрын ээлжит хуралдаанаар аягүй л бол “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-г дахин байгуулах шийдвэр гаргаж мэдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
2
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.135.214.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарьсүрэн (66.181.187.77) 2024-12-17 14:36:19
Зөв бичжээ.Дахиад нэг хороо комисс байгуулаад татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ.