Ээж тэтгэвэрийн зээлтэй ...
Нийтлэл
/
2020-01-02

Амьдралдаа өөрөө болон гэр бүлийн бусад гишүүдээ зээл авахуулж үзээгүй амандаа алтан халбага зууж төрсөнгүүд нь битгий уншаарай, яршиг. Ээж аав нь зээлгүй хүмүүс ч гэсэн үүнийг уншаад нервтээд яахав. Та бидний амьдрал тэнгэр газар шиг ялгаатай учраас бие биенээ ойлгохгүй байсаар гэгээн алсад одох байлгүй.

Яг энэ цаг мөчөөс эхлэн дараа дараагийн ерөнхийлөгчид 31-ний үдэш зүгээр нэг хүнээр бэлдүүлсэн утга уянгын халилтай, хоосон сэтгэл хөдөлгөдөг сайхан үгс хэлээд тайзны ар руу орж болохгүй боллоо. Бэлэг өгвөл өгсөн шиг өгөх. Түүнээс ямар ерөнхийлөгчийн гоё нүүрний арьсны толигорыг харах гэж байгаа биш, юу идэж уухаа заалгах гэж байгаа биш, заалгаад ч тэрүүгээр нь шууд явчихгүй нь тодорхой. Ерөнхийлөгч-Иргэн хоорондын эрх ашиг ямар үед нэг шугаманд зэрэгцэн орших вэ? Хоёулаа win-win зарчимтай байвал болох нь тэр. Анх удаа манай улс эзэнтэй айл шиг мэдрэмж төрүүллээ. Аав үг хэлж байна, Ер нь гэрт тулгамдсан асуудлыг шийдэхэд аав жин дардаг. Аавын үг бол хууль. Аав асуудалд оролцсоны дараа заавал эерэг үр дүн гардаг. Хүн туйлдахаараа ээж аавыгаа зорьж очдог. Сэтгэлийн их тайвшрал, амар амгаланг олно. Дотор уужраад нэг л сайхан болоод буцна. Хоосон богцтой очоод дааж ядан гарна даа.

Амьдрал сайхаан, өрхийн тэргүүнтэй айл сайхан. Олон ахмадууд нойргүй хонон догдолсон 31 байлаа. Тэд бол өнөөдрийг бүтээгчид. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн миний зээлийг тэглэж өгнө гэсэн хүлээлт хэнд нь ч байгаагүй. Зээл авсан, төлөх нь үнэн, зээлээ дуустлаа үхэж болохгүй гэсэн хатуу андгай тавьж амьдарч ирсэн улс. Аз болоход ахмадууд сошиалд идэвхигүй юм даа. Хэрэв идэвхитэйсэн бол лав ихэд сэтгэлээр унах байсан биз. Бараг л зээлтэй ахмад настан бүр атгаг санаатан, үр хүүхдүүд нь адгийн шаар гэж зүхүүллээ. Сонирхолтой нь зээл аваагүй маш олон хүн байсныг саяхны өдрүүдэд л мэдлээ. Тэрнээс өмнө бол зээлгүй хүн бараг байхгүй, туйлдаж байна гэж ярьцгааж байсан санагдах юм. Эргэн тойрны өндөр настнуудаа бүртгэлээ, 1 сая төгрөгнөөс давсан тэтгэвэр авдаг нэг л хүнээс бусад нь бүгд зээлтэй юм байна. Найз нөхөд, таньдаг хүмүүсээ бүртгээд бодлоо, ялгаагүй зээлтэй. Би ч юм уу миний эргэн тойрныхон нийгмийн доод давхаргадаа биш нөхцөл байдал ийм байна.

Саяхан нэг багш эгчээрээ ажил руу хүргүүлээд. Улсын сургуульд багшладаг тэр эгч маань амьдралынхаа бүх он жилүүдэд бага ангийн багш хийсэн юм. Саяхнаас лизингийн машинтай болж түүгээрээ хичээлийн бус цагаар халтууранд явж байгаа.

-Цалин хэдийг авч байна, та?

-600 мянган төгрөг. Суутгал нь хасагдаад гар дээр 500 орчим мянга нь хоёр хуваагдаж ирнэ. Машиныхаа зээлэнд 260 мянгыг төлдөг. Манай багш нар бүгд зээлтэй, гар дээрээ цалин авдаггүй хүмүүс ч байна. Саяхан нэг багш маань “Хурдан тэтгэвэртээ гарч тэтгэвэрийн зээлээ авах юмсан” гэж байна. Цалингийн зээлтэй л дээ. Цалингийн зээлнээс гараад шууд тэтгэвэрийн зээл рүү шилждэг хүмүүс олон байгаа гэж ярив.

Ихэнх хүмүүс тэтгэвэрт гараад удалгүй зээл авдаг. Та нарын бодоод байгаа шиг боломжийн явж байснаа гэнэт үр хүүхэд нь шахаад авахуулчихдаг юм биш. Хүрэлцдэггүй учраас тэр. Бүх айлд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гардаг. Хурааж хумисан юмгүй нь яах вэ? Зээл л авна. Тэр ч гайгүй тэтгэвэр авах болзол хангасан, зээл авахдаа нийгмийн даатгал төлдөг батлан даачих хүүхэдтэй байгаа ахмадууд харин ч гайгүй амьдралтай нь гэсэн үг. Бас нэг зүйл. Хүүхдүүд нь зээл авахуулж идээд гэртээ зүгээр хэвтээд байдаг юм биш. Зээлийн төлөлтийн хугацаанд ээж аавынхаа хэрэгцээг бүрэн дааж, эм тариагаар нь хангадаг. Өрхийн хэрэгцээнд тулгамдсан том асуудлыг хүчээ нэгтгэн шийдээд эрсдлээ өөрсдөө дагаад амьдарч байгаа, чадлынхаа хэрээр. Ямар арилсан дотортой амьтан нь эцэг эхээрээ зээл авахуулчихаад эргэж харахгүй хаях вэ дээ. Тэр тусмаа нэг гэрт амьдарч байж. Ихэнх нь эцэг эхтэйгээ тусдаа гаралгүй амьдардаг гэдгийг та нар мэдэх үү? Ахмадууд зүгээр ч нэг хүүхдүүдээ зараад “Би та нарт зээл авч өгсөн юм чинь” гэж даналздаггүй. Үр хүүхдийг нь өсгөж, хүүхдээ ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж ар гэрийн ажлыг нугалж байдаг. Монголчууд дийлэнх нь ингэж л амьдарч байна.

Тэтгэвэрийн зээл бол тухайн айл өрхийн зээл юм. Тэтгэвэрийн зээлийг тэглэнэ гэдэг өрхүүдийн нэг ч гэсэн ачааг хөнгөлж байна гэсэн үг.

Бас нэг сайхан мэдээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.

Магнай нь тэнийж байгаа биз ээ, ахмадууд. Улс төрчдийн нөхцөл байдал яавал иргэддээ наалдах бол? Хувь хувьдаа гутал, бидон, хивс, мөнгөн аяга, гурил будаа тараах, урлагийнхан, авьяастнуудыг өндөр үнэ цохин авч сурталчилгаандаа ашиглах, төлбөртэй постууд угсруулан тавих, өөрийгөө магтуулах ... Үзэж дассан үзүүлбэр. Ард түмэнд дандаа лапша өгөөд байж болохгүй биз дээ. Зөвхөн намд өгөх хандив нь хэд гэчихэв? Цаашлаад энэ асуудал дээр талцан уралцаж байгаа үйл явдал ч мөнгөний үнэртэй байж мэднэ. Ард түмнээ чин сэтгэлээсээ хайрлаад туслах боломж нь байвал тусалчихаж байгаарай. Та нар баян тарган нь та нарын гэм зэм биш ч ард түмэн хэцүү амьдарвал бодлого тодорхойлогчдын алдааных шүү. Уучлаарай, зээлийг нэг удаа төлчихлөө гээд нээх ард түмэн залхуу болоод зах замбараагаа алдаад явчих хүмүүс биш. Харин ч ухаан сийлж амьдарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүүхдийн 20 мянган төгрөг, Эх орны хишиг, Шинэ гэрлэсэн хосуудын 500 мянга, Шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, Оюутны 70 мянга энэ бүх мөнгөнүүд эздэдээ наалдаж тодорхой хэмжээнд дэм болж байсан түүхтэй. 20 мянган төгрөгөнд хоёр тор дүүрэн юм авдаг амжиргаатай гэрийн эзэгтэй нар одоо ч бий, яваад хараарай. Нийгмийн дундаж давхаргынхныг хөдөлмөрч, олсноо юм болгодог, хүргэж амьдарч чаддаг гэсэн өнцгөөс нь харвал яасан юм бэ? Өгснийг үрчихээд дараагийн ирж өгөх хүнийг хүлээгээд хэвтэж байдаг ажилгүй амьтас уг нь биш. Та 10 мянган төгрөгөөр жишээ нь юу хийх вэ? Энэ мөнгөөр 3 хоногийн хоол хийж болно . Хүчит шонхор захаас үхрийн өвчүү нэг ширхэгийг нь 3000 төгрөгөөр авдаг. Мөлжүүртэй яс. Чанана, шөл гаргана, хурууг нь иднэ ОК. Гэр хорооллоор яваад үзвэл толгойны махан таташ, гэдэсний набор ч юм уу хямд төсөр хоол хийж болохоор эко зүйлстэй олонтой таарна. Нөгөө томоос том асуултын тэмдэгтэй хамаг цалингаа зээлдээ татуулдаг хүмүүс чинь энүүгээр амьдардаг юм. Ер нь ходоодныхоо гуравны нэгийг л дүүрэн байлга гэдэг зарчмыг утгаар нь барьж байна гэсэн үг л дээ. Бага ангид бол хичээлээ тасладаг хүүхэд байдаггүй гэсэн. Яагаад? Үдийн цайнд нь болж ирдэг. Цааш нь яримааргүй байна. КФС идэнгээ пост бичдэг хүмүүс тэдгээрийн амтыг мэдрэхгүй, барааг нь ч хараагүй биз.

Амьдрал ийм л байна. Ингэж бичлээ гээд “алвал ал”.

Аз жаргалтай Улаанбаатар, аз жаргалтай Монгол улсыг бид мөрөөдөж байгаа. Алхам алхмаар ойртоцгооё. Ард иргэдийн хувьд зээлгүй амьдрал нар луу аялж байгаа мэт хэрэг юм бол маргаашийн нар луу хамт аялцгаах шийдвэр бол зээл тэглэх асуудал. Яадаг юм, ганц удаа ч гэсэн нарыг ойроос хараг л дээ.

Б.Самар

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.7.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.