Монгол төрийн хугараагүй ноён нуруу буюу Шагалын Жадамбаа
Нийтлэл
/
2020-01-18

МОНГОЛ ТӨРИЙН ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУ БУЮУ  ШАГАЛЫН ЖАДАМБАА /БХЯ-ны сайд асан, Дэслэгч генерал/

Үүрийн цагаан цолмон “уулс завсарлаж”, тэнгэр хийгээд мөнх цаст оргилыг нь ялгаж салгаж болмоор харагдах дор саяхан нүднээ үзэгдэж байсан уулс салхин хээгээр үлгэр домогийг нүдэнд урлаж, чихэнд шивэгнэж байсан ч алгуурхан үзэгдэхгүй болов. Ийм л зураглалыг өглөө бүр үзэж өсөх нутагтай хүмүүн гэгч юутай хувь тавилантай. Уултай нутгийн ХҮМҮҮНИЙГ уул, ус нь хүмүүжүүлж ХҮН болгодог гэнэ лээ. Тийм ээ, намтар, түүхийг нь сөхөн дурсч суугаа энэ гайхамшигтай бахдаж бишрэм их хүмүүнийг ч бас Алтайн хөх уулс өсгөн хүмүүжүүлж ХҮН болгож гэдэгт би итгэдэг. Гуч дөхсөн ч төлөвшиж амжаагүй “ардчилал”-тай нас чацуу ч Монголын ахмад үеийнхний цээжинд одоо ч хадаатай, эгнэгт дурсагдах түүхнээ тод мөрөө үлдээж одсон Монгол төрийн хугараагүй ноён нуруу, эрхэм хүмүүн бол БХЯ-ны сайд агсан, дэслэгч генерал Шагалын Жадамбаа билээ. Тэр хэдийгээр бидний дундаас бурханы орны зүг “урсаж” одсон ч гэлээ үргэлж “дурсч” байх ёстой хүний нэг гэдгийг энд онцлон тэмдэглэе.

Төөрөлдсөн Монголын төрд хандаж “Төр нь тэргүүнээсээ нүүр бууруулж, төмөр нүүрээ харуулж байгаа бол Арми нь маршалаа авъя...” гэж хэлсэн, хэлсэндээ хүрч чадсан жинхэнэ эр хүнийг бусад дурсахгүй байлаа ч, Монголын түүх мартахгүй юм чинь.

Бидний залуу үеийн төлөвшил хүмүүжил “баатарлаг үг”, “баатарлаг үйлдэл”, “баатар”-гүйгээр дууримал, дорой бүхэл бүтэн гурван шинэ үе өсч бойжоод ирчихжээ. Арга ч үгүй биз. Гадны суртал ухуулгаар “монгол” гэсэн бүхнээ хуучин, бүдүүлэг мэтээр сэтгэж, бичиж, сурталчлан хүмүүжүүлсэн 28 жил. Төлөвшиж амжаагүй, төөрөлдөж ирсэн 28 жил. Аливаа цаг үе, түүхэн үйл явдал өөр өөрийн гэсэн баатрыг төрүүлдэг билээ.

Тэгвэл бүхэл бүтэн нэгэн үеийнхний цээжинд хэлсэн үг нь ийнхүү мөнхөд дуурсагдах гавьяатан БХЯ-ны сайд агсан, дэслэгч генерал Шагалын Жадамбаа Их зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” зохиол дээр дүрслэгдсэн алдарт Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт хошууны хөх эрчүүдийн нэг билээ. Удам угсаа гэж яривал эзэн язгуурын монгол аймгуудын нэг Жалайр овгийн хүн байж. Ер нь Алтайнхны дунд Их Монгол Улсыг байгуулалцаж явсан Жалайр, Боржигон, Урианхай гээд голлох овгийн үр сад их ээ. Хуучны ойлголт маруухан хүмүүст тодруулж хэлбэл, одоогийн Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг Дунд Улиастай гэдэг газар 1940 онд төржээ.
Гурван үеийн намтар түүхийг нь сийрүүлэн бичих аваас өвөө эцэг Яхаан Хэйвзэн. Яхаан Хэйвзэнгийн хүү Сэрээдоо, Хэйвзэнгийн Сэрээдоогийн хүү Шагал, Шагалын хүү Жадамбаа гэж хөвөрнө. Удам дамжсан анчин гөрөөчин улс байж. Алтайн буян хишгээр үе дамжин тогоо тослож удмын алтан хэлхээг үе залгамжлан явсан гэх эгэл даруухан намтар түүнийх.
Монгол цэргийн түүхэнд Монгол Улс гэдэг нэрийг Оросын цэргийн хоёр ч том академийн ханан дээр алтан үсгээр сийлүүлж чадсан энэ эрхэм их энгийн даруу хүн байсан гэлцдэг. Яг л түүнд зориулсан болов уу гэмээр нэг үг санаанд буух нь уулын алдарт найрагч гэгддэг Р.Гамзатов нэгэнтээ хэлсэн “Хамгийн сайхан ваарыг эгэл жирийн шавраар хийдэг” гэсэн онч үг. Сонирхолтой нь энэ хоёр агуу хүмүүс хоёулаа “уултай нутгийн хүү” гэх тодотголтой аж.

Одоо бодох нь ээ, олон жилийн өмнө дэргэдээс нь харж байсан Ш.Жадамбаа генерал маань төрөлх нутгийнхаа мөнх цаст хайрхан Бурхан буудай уултайгаа ижилсэж, уул шигээ ул суурьтай жинхэнэ “хүн” болж төлөвшин хатуужсан “эр” хүн байсан санагдана.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цаст уул билээ.

Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана.
Энэ л УУЛ түүнийг өсгөн хүмүүжүүлсэн. Энд л түүний аав Сэрээдоогийн Шагал хэдэн хүүхдээ ангийн махаар хооллож, Алтай уулынхаа хишиг буянаар хүн болгон өсгөсөн, түүний өвөө Хэйвзэн ч хүү Сэрээдоогоо Алтай уулынхаа тус дэмээр “хүн” болгосон нь лавтай.

Өвөө Сэрээдоо гуайг нь нас сүүдэр 73 хүрсэн хэдий ч хуучин цахиур буугаар морин дээрээсээ хулгар шарыг алдалгүй бууддаг байсан тухай нь нутгийн анч өвгөд нь хуучилдаг байсан гэх.

Хүнээр хүн хийх ухаан гэдэг үеэс үе, удмаас удам дамжиж ирдэг ч нүүдэлчин монголчууд хангай дэлхийгээ аргадан тайтгаруулж, харилцан шүтэлцэж ирсэн онцгой хувь тавилантай ард түмэн. Ялангуяа уултай нутаг гэдэг маш онцгой өгөгдөл.

С.Шагал гуайнх зургаан хүү, хоёр охинтой айл байж. Дэлхийн хоёрдугаар дайны хөлд дэлхий тэр чигээрээ нэрвэгдсэн цаг үе. Газар сайгүй ховор хомс. Энэ л цаг үед өлөн зэлмэн олон хүүхэдтэй айлуудын нэгэн адил Шагал гуай хүүхдүүдээ айлд хөлсөөр мал маллуулж, хар бор ажилд сургаж, борог амьдралд сургасан гэдэг.

Хүний амьдралд хоёр агуу багш тохиодог гэдэг. Нэгдүгээрх нь сурган хүмүүжүүлэгч багш хоёрдах нь амьдрал гэж. Түүний анхны багш нь “амьдрал” байж. “Хамгийн сайхан ваарыг”-ыг урлах тухайгаа ч зүүдлээгүй явсан үед нь.

Түүнийг есөн нас хүрдэг жилээ буюу 1949 онд Халиун сумын бага сургуульд суралцахаар очиж. Харин энд л Ш.Жадамбаа маань “хоёрдох” багш буюу насан туршийнх нь амьдралыг өөрчлөгч бас чиглүүлэгч багштайгаа анхлан танилцсан байдаг. Энэ бол тэртээ 1949-1953 онд Баян сум (одоогийн Халиун сум)-ын бага сургуульд суралцахад нь тус сургуулийн захирал, ангийн багшаар нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрай гуай ажиллаж байсан гэдэг.

Сумын бага сургуулийг аливаа зүйлийг “анхны багш”-ынхаа сургасан ёсоор чин сэтгэлээсээ хийж сурсан Жадамбаа хүү торох зүйлгүй “онц” дүнтэй төгссөн байна.

Хожмоо 1992 онд П.Жасрай гуай Засгийн газрын тэргүүн болоод өөрийн багтаа авч ажиллуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай агсан шавийнхаа тухай нэгэн дурсамждаа “Монгол Улсын Засгийн газарт Ш.Жадамбаатай хамтран ажилласан тэр цаг үе цэргийн номлолыг цоо шинээр гаргах шаардлагатай онцгой шилжилтийн үе байлаа. Олон тулгуурт гадаад бодлого, нээлттэй эдийн засаг, цэргийн аль нэг эвсэл бүлэглэлд орохгүйгээр өөрийгөө хамгаалах авсаархан, чадварлаг зэвсэгт хүчинтэй байж тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах ёстой цоо шинэ нөхцөл байдал байв. Эдгээрийг цогцолбороор авч үзэн, шинэ Үндсэн хуулийн нөхцөл дэх олон улсын орчинд цэргийн ямар номлолтой байхыг Ш.Жадамба шууд удирдан боловсруулсан. Тэр ажлын төлөө төрж, өсч, хүмүүжиж, амьдарч явсан хүн. Төр, олон түмний хүлээлгэсэн хариуцлагыг биелүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчилдаг, өөр юманд самуурдаггүй хүн...” гэж тодорхойлсон байдаг.

Хүнийг таньж, хүнээр хүн хийх монгол ухаан гэдэг энэ. Дээрээс нь монгол төрийн алтан аргамжаа гэж бий. Тэрхүү аргамжааг үргэлжлүүлэх “төрийн хар хүн”-ээр хэнийг сонгох вэ гэдгийг маш сайн тодорхойлж чаддаг байсны нэгэн жишээ бол энэ. “Төрийн хар хүн” гэдэг зүгээр нэг үг биш буй за.

Тухайн цаг энэхүү шаардлагаар тэрээр бага сургуулиа төгсөөд хөдөө мал дээр гарч аав ээждээ туслахын зэрэгцээ нэгдлийн туслах үйлдвэрт ачигчаар ажиллаж, мөн "Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл”-ийн ухуулагч хийж байсан гэлцдэг. Мэдээж гэр бүлээс уламжлагдаж ирсэн уламжлал дагуу аавыгаа дагаж анд явдаг байсан гэх. Хожим энэ нь цэргийн эрдэмт төгс боловсорч “хамгийн сайхан ваар” урлахад нь хэрэг болсон нь дамжиггүй.

Нэгэн мянга есөн зуун жаран он. Тэрээр Ардын армийн хими хамгаалалтын тусгай ротод жирийн нэг байлдагчаар 20 насандаа ирсэн байдаг. Чухам эндээс л шинэхэн байлдагч Ш.Жадамбаа урт, богино бууны буудлагад үнэмлэхүй онч буудаж мэргэн буудагчаар тодорсон түүхтэй. Удалгүй бага дарга бэлтгэх Алс Дорнодын цэргийн сургуульд тэнцжээ. Ингээд 1961-1964 онд Алс Дорнодод Благовещенск хотын цэргийн сургуулийг онц дүнтэй төгсч ирээд цэргийн салбарт ажиллаж эхэлжээ. Түүнд амьдралд тохиож болох “хоёр агуу” багш заяасан нь хувь заяаны шагнал гэлтэй. Тухайлбал, цэргийн их сургуульд ротын захирагч, тактикийн багш хийж байв. Энэ хугацаандаа армийн бүх шат дамжлагаар ажиллаж, Москва хотод М.М.Фрунзын нэрэмжит ерөнхий цэргийн командын академи, К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэг хүчний жанжин штабын дээд академи, академийн дээд дамжааг онц дүнтэй төгссөн байдаг. Ийм хүн Монгол улсын цэргийн түүхэнд одоогоор гараагүй байна. Оросын дээрх хоёр том сургуулийн ханан дээр "Монгол Улс, Шагалын Жадамбаа" гэж алтан үсгээр бичсэн байдаг. Фрунзын нэрэмжит академид "Монголын Жадамбаа шиг суралцацгаая" гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөж байсан гэдэг.

Уул, ус нь түүнийг ингэж л хүмүүжүүлж өсгөсөн ажээ. Хорин настай цэрэгт татагдан ирж байсан залуу 36-хан настайдаа генерал болтол хөгжин дэвшинэ гэдэг одооны залууст “баатарлаг үйлс” гэхээсээ илүүтэйгээр “гайхамшиг” гэж тодорхойлогдох байх.

Дөрвөн жилийн боловсролтой хөдөөний жаалхүү хүний нутаг гүний хошуунд очиж, гадны хэлээр суралцахдаа дандаа “онц” сурна гэдэг тэр хүнээс ямар их хичээл зүтгэл, хүсэл сонирхол, хөдөлмөр, олон шөнийн нойр хоолгүй тэмцэл өрнөж байсан гэдгийг одооны залуус гадарлахгүй л болов уу. Тэгвэл л “баатар эр”-ийг төрөлх хэлээрээ суралцаж буй нөхөд нь дэргэд нь дөхөж очихын хүслэндээ болж "Монголын Жадамбаа шиг суралцацгаая" гэж хэлсэн байж таарна.

Амьдрал бол америк кино шиг биш ээ. Амьдрал бол тэмцэл, амьдрал бол уул өөд мацах гэдгийг тэр хүүхэд байхаасаа мэдэрч хүн болсныг түүний туулсан замналаас харж болохоор.
Шилжилтийн үеийн Батлан Хамгаалах Яам. Монгол Улсын нийт төсөв одоогийн захын нэг уул уурхайн компанийн дансанд байгаа мөнгөнөөс бага байсан цаг үе. Тэр л цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн Бямбасүрэн "Нийгмийн гольдрол өөрчлөгдсөн хүнд цагт Шагалын Жадамбаа генерал бол нөмөр түшигтэй Төрийн сайд гэж тодотгосон" удаатай.

Салбарын орлогч сайд, нэгдүгээр орлогч болон сайдаар ажилласан хугацааг нь аваад үзэхээр арван хэдэн жилд хоёр ч Засгийн газар дамжиж алба хашсан байдаг.

Ш.Жадамбаа генералыг "Монголын алт" гэж үнэлдэг хүмүүс ч бий. Энэ үгийг Ш.Арвай генералд Оросын Цэргийн командын академийн захирагч, хурандаа И.Н.Воробьев 1970-аад онд манайд айлчлахдаа хэлсэн байдаг. Оросын батлан хамгаалах салбар, түүний сургалтын талаар энд бичих нь илүүц бизээ. Тэнд сураад “домог” болно гэдэг бүүр саналтгүй. Түүнийг давтах түүх одоогоор бичигдэж амжаагүй л явна.

Монголын Батлан хамгаалах салбар хүчирхэг байсан үеийн Ш.Жадамбаа генерал армийн бүх шатны сургууль, албыг дүүргэж, цэргийн эрдэмд төгс боловсорсон жинхэнэ эх орны цэрэг болохоос гадна өөрийнхөө сэтгэл зүрхээ өгсөн энэ салбартаа “уулс” шигээ үл хөдлөх ул суурьтай томоохон “суварга” босгож чаджээ.

Ш.Жадамбаа генерал өөрийн итгэл үнэмшил нэгт хамт олны хамт өөрийн шууд удирдлага, санаачлага, чармайлтаар 1990-ээд оны эхээр боловсруулагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулж мөн Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байхыг тунхагласан. 1993 онд “Батлан хамгаалахын тухай хууль”, “Бүх нийтийн цэргийн үүрэг, цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”, 1994 онд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” гээд “Төрийн цэргийн номлол” хэмээх баримт бичгийг УИХ баталсан. Тухайлбал, “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” батлагдсанаар гавъяаныхаа амралтад гарах албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж авах эрх, нэг удаагийн тэтгэмжийн хугацаа, журам хуульчлагдаж армийнхны нийгмийн хамгаалал баталгаажжээ. Үр дүнд нь Монгол Улс социализмын дараах гэгддэг орнуудаас, бүр ОХУ-аас ч түрүүлж батлан хамгаалах тогтолцоогоо шинэчлэн, зэвсэгт хүчний төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагын ялгааг тогтоож, цэргийн байгууллагад тавих иргэний хяналттай болсон юм.
Түүний өөрийнх нь санаачилсан олон ажил одоо уламжлал болон явагдаж байгаа билээ. Цэргийн хар сүлд, Төрийн есөн хөлт цагаан туг, “Эх орны цэрэг” яруу найргийн наадам, Төрийн тахилгат Бурхан Халдун уулыг тахиж Цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслолын ажиллагаа гээд дурьдах юм бол орчин үеийн залуусын танил дуу хоолой сонсогдож магад.

Хэлэх үгтэй, хийсэн гавъяатай, дуулсан номтой туулсан замналтай хүн гээд тэр бусдыг дээрээс чичилж суудаггүй нэгэн байв. Ш.Жадамба генерал хээрийн дадлага, сургууль, буудлага жолоодлогын талбайд офицер, цэргүүдтэйгээ халуун, хүйтнээс халшрахгүй ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг байсан гэлцдэг. Цэргийн халуун тогооноос хамтдаа хооллож ундалсан шигээ жилийн 365 хоногийн 100-гаас 150 орчим хоногийг албан ажлаар гадаадад болон хөдөө нутагт өнгөрөөдөг байсан баримтаас тэр ямар удирдагч байсан нь улам ч тодорно. Үнэндээ бол Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулах нь Ш.Жадамбаа генерал, түүний хамтран зүтгэгчдээс хичээл зүтгэл, эр зориг, тэвчээр хатуужил шаардсан ажил байжээ.

Тэр хэлсэндээ хүрдэг “баатар” байв. “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж, төмөр нүүрээ харуулж байгаа бол арми нь маршалаа авъя...” гэж ёсолчихоод гарч одсон тэр ЗХУ-д амьсгал хурааж, шарилыг нь эх оронд нь авчрах, эсэх нь дээсэн дөрөөн дээр хэлэлцэгдэж асан нам, төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбал агсныг элгэн нутагт нь нойрсуулж чадсан гавъяатай нэгэн.

Ямар ч цаг үе өөрийн гэсэн түүхтэй, тэр түүх нь баатартай байдаг. Үе үеийн баатаруудыг төрж өссөн нутгийн УУЛ, УС нь хүн болгон хүмүүжүүлдэг. Түүн лугаа МОНГОЛ ТӨРИЙН НЭГЭН ТОМ УУЛ, ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУ БОЛ
ШАГАЛЫН ЖАДАМБАА БИЛЭЭ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.100.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.