Мэдлэгтэй “Худгийн манаач”
Нийтлэл
/
2020-01-26

Мэддэг хүндээ бол эдийн засаг хэтэрхий энгийн. Ойлгодог хүндээ бол улс орны төсөв, санхүү толгой эргээд байхааргүй хялбар, тодорхой. Харин мэдэхгүй хүндээ бол даанч хэцүүгээс гадна ойлгох эцэсгүй. Загасгүйг мэдэлгүй голын эрэг дээр гох дэгээ гозолзуулж суугаа шиг цаг зав, тархи мах барах ажил.

Ийм үлгэр бий. Нэгэн нутгийн зон олон усгүй, худаггүйн гачланд унаад байв. Хаан нь хавь ойрын бүхий л хүчирхэг, бүлэрхэг эрчүүдэд өндөр үнэ хөлс амлан өдөр шөнөгүй худаг ухуулсан боловч ус олсонгүй гэнэ. Гэтэл бүл чадал муутай нэг өвгөн хүрч ирээд “Мянган алтан зоосоор шагнавал ус олж өгье” гэж дээ. Хаан ч зөвшөөрч. Өвгөн ямар ч хүрз, багаж авалгүйгээр алхаж явсаар нэгэн газрыг заагаад “Энд ухвал ус гарна” гээд амласан мөнгөө нэхэв. Хаан “Энүүхний төлөө мянган зоос нэхлээ” гэж дургүйцэхэд өвгөн “Гарцаагүй зөв ганцхан цэгийг олж заах ийм мэдлэгийг эзэмшихийн тулд би далан жилийг зарцуулсан билээ” гэж хариулжээ.

Эрдэм мэдлэг гэдэг ийм. Усгүйн гачланд автсан дээрх нутаг шиг улс оронд минь эдийн засгийн хямрал гэгч нүүрлээд байна. Энэ үед зөв цэгийг хэн бидэнд зааж өгөх вэ. Мэддэг, чаддаг, ойлгодог хүн л эдийн засгийн хямралаас хэрхэн гатлах арга ухааныг олж хэрэгжүүлэх нь дамжиггүй. Тэгвэл тийм хүн өнөөгийн төр засгийн зүтгэлтнүүд дунд байна уу. Мэдээж ухаантай зүтгэлтэй төрийн хүнээр монголчууд дутаж байсан удаагүй учраас улстөрчид дунд эдийн засаг, төсөв санхүүгээр мэргэжсэн, сийрэг ухаан, зөв бодлоготой хүмүүс бий. Тэдний нэгийг энд онцолъё. Тэр бол ухааны тэнхээ, мэдлэгийн бядтай нэгэн. Анх Мянганы сорилтын сангийн төсөл хөтөлбөрийг Монголдоо хөрвүүлэхээс эхлээд л түүний мэдлэг чадварын үүц задарч эхэлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга, Төсвийн байнгын хорооны дарга гэх зэрэг алба тушаалуудыг хашихдаа гологдлоо, чамлагдлаа гэж сонсогдоогүй. Харин ч түүний ухаалаг бодлогын үрээр 2008 оны хямралыг хохирол багатай туулсан гэгддэг юм билээ. Тухайн үед тэр улсын төсөв санхүүгийн гол бодлогыг тодорхойлж, чиглэл өгөх зорилготой Төсвийн байнгын хорооны дарга байлаа. Эдийн засгийн хямралд дэлхий нийтээрээ донсолж, чичиргээ нь Азийн олон улсад цохилт өгч байхад Монгол Улс хаа очиж  төдийлөн доргилт авалгүй өнгөрч байсан. Шууд энэ хүний гавьяа гэж омойтох нь утгагүй ч тэр үеийн төсөв санхүүгийн бодлого муугүй байсны тод илрэл юм. Харин тэрхүү бодлогын залуур дээр нь Ч.Хүрэлбаатар гэх энэ эрхэм яах аргагүй сууж байсан нь бодит үнэн билээ.

Монгол Улс эдийн засгийн тогтолцоо, чиг зорилго нэг л буруу яваад байгаатай бүх хүн санал нийлэх болсон. Төр засгийн бодлого тодорхойлдог тархи нь буруу ажилласнаас үүдэлтэй гэсэн үг. Нэгэн жишээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд Ч.Хүрэлбаатар “Энэ байдлаараа явбал нэг жилийн дараа ам.доллар 1800 хүрнэ шүү” гэж анхааруулсан. Бүгд л иш үндэсгүй шүүмжлэх гэлээ хэмээгээд тоогоогүй. Учир нь тэр үед ам.долларын ханш 1400 төгрөг байлаа. Гэтэл түүний үг нэг жилийн дараа яг биелсэн юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 26-ны ам.долларын ханш 1800 төгрөг болж өссөн байлаа. Өнөөдөр бүр 2000 гарчихаад явна. Ч.Хүрэлбаатар мэдээж зөн билэгтэн биш. Харин тэр зүгээр л эдийн засгийг ойлгодог, цэг таслалгүй мэддэг хүн.

Тийм ч учраас энэ хямралаас тэнхээлэн, түүчээлэн авч гарах хүн нь магадгүй тэр ч байж мэднэ. Түүнд туршлага, мэдлэг, зөв сэтгэл гээд бүгд бий. Гагцхүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх мэдэл, боломж түүнд хомс байлаа. Хэдийгээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан ч эрх баригчид түүний үгийг үл тоож байв. Түүний үг хамгийн үндэслэлтэй, баримт нотолгоотой, гарц шийдлийг санал болгосон өнгө аястай байсан ч эрх баригчид ердөө л нэг сөрөг хүчнийхний шүүмжлэл, байр суурь төдийгөөр дүйвүүлэн өнгөрүүлжээ. Энэ дүйвээний үр дүн өнөөдрийн их хямрал.  Тэр мэддэг, мэддэггүй нөхдүүд улс орны эдийн засгийг харанхуй хонгил руу чирч байгааг биднээс илүү мэдэж байсан нь илт.

Ч.Хүрэлбаатарын мэдлэг оюун Монгол Улсад хэрэгтэй. Тэр Ленинградын их сургуулийг санхүү, эдийн засгийн чиглэлээр улаан дипломтой төгссөн. Түүгээр ч зогсохгүй, Австралийн Сиднейн их сургуулийн мастерийн зэргийг “A PLUS” гэх үнэлгээтэйгээр хамгаалсан. Тиймд түүнд мэдлэггүйн зовлон байхгүй гэсэн үг. Маш олон бодлогыг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай. Тогтвортой амьжиргаа төсөл, малын индексжүүлсэн даатгал зэрэг улс орны амин чухал цэгийг зөв олж хатгасан бодлогуудын автор нь. Тиймд түүнд сэтгэхгүйн зовлон байхгүй гэсэн үг. Тэр Увс аймагтаа бас л их зүйлийг хийж бүтээсэн зүтгэлтэй.

Тэр тойргоосоо гурвантаа сонгогдсон цөөхөн улстөрчдийн нэг юм. Өөрөөр хэлбэл, итгэл алдаагүй гэсэн үнэлгээг сонгогчдоосоо хүртэж чадсан. Үзэл бодолдоо үнэнч, тууштай байдаг нь Ч.Хүрэлбаатарын улс төрийн имиж. Шарыг харж шарвадаггүй, улааныг харж урвадаггүй. Энэ нь улстөрчдөд туйлын чухалд тооцогдох чанар л даа. Дөрвөд угсааны хүн гэдгийг нь уншигчид мэдэх биз. Эртнээсээ яс чөмөг зааж, түүхийн олон нугачааг сөрөн чангарсан зон олныг Дөрвөд гэж хэлцдэг. Ийм ч учраас өөрөө цус, яс, удам угсаагаараа ихэд омогшдог юм билээ. Гэвч түүний омог ил цухуйх нь ховор. Хувь хүнийх нь хамгийн гол чанар бол тулх. Хар залуугаасаа эдийн засаг, санхүү, мөнгөний бодлоготой зууралдсан учраас ямар нь ч юманд томъёотой хандахыг чухалчилдаг биз. Томъёотой хандана гэдэг нь аливаа бодлогын хариуг нь харж, тооцож байж хөдөлдөг гэсэн санаа. Гэвч түүнд эвлэрэх аргагүй эгдүүцэл өнгөрсөн дөрвөн жилд их олон тохиолдсон гэж болно. Ямар сайндаа л УИХ-ын дарга З.Энхболд “Төсөв мөнгө ярихаар Ч.Хүрэлбаатар гишүүний уур хүрч, уушиг сагсайдаг бололтой” гэх үгээр ёврох вэ дээ. Үнэхээр ч тийм. Улс орны амин чухал бодлого дээр мэддэг хүний хувиар идэвхийлэн оролцох үүргийг тэр сонгогчдоосоо хүлээсэн учраас түүнийгээ биелүүлж байгаа нь тэр. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай чуулганы танхимд олон удаа ам муруйж, бухимдлаа илэрхийлснийг нь зөвтгөх шалтгаан нь ч энэ. Тэр улс орны эдийн засаг, санхүүгийн бодлого буруу яваад байгааг үргэлж сануулж ирсэн нь түүний мэдлэгтэйн харгай. Тийм ч учраас өнөөгийн хямралыг даван туулахад гарцаагүй хэрэгтэй ганц луужин нь болох чансаа, үүрэг хариуцлагын ачаа түүн дээр ирэхийг үгүйсгэхгүй. Ачаа даадаг хүн л салхи сөрнө.

Өдгөө тэрбээр улс орны төсөв мөнгөний жолоон дээр сууж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад мэргэжлийн хүний мэдлэг чадвар хэрэгтэй гэж бид хашгирахаараа нэг болсон.

Ямартай ч Сангийн сайдаар томилогдсон эхний өдрүүддээ л хэд хэдэн чухал амлалт өгсөн. Тэдгээрээс ард түмний амьдралд хамгийн ойр тусах нь “2018 онд долларын ханш өсөхгүй” гэж мэдэгдсэн. Энэ уг нь том амлалт байсан. Зөн билгээр хэлж байгаа биш, өөрөө чадах мэдэх учраас хэлж байгаа хүний үг биз ээ гэж хүлээж авсан. АН-ын эрх барьж байх үед ам.долларын ханш яаж галзуурч, Ж.Эрдэнэбатын засгийн үед хэрхэн барьцгүй хэлбэлзэж байсныг бид мартаагүй. Тэгвэл долларын ханшийн жолоог ямар ч байсан татаж чадна гэдгээ Ч.Хүрэлбаатар харуулж чадаж байна. Гэхдээ долларын ханшийг огт өсгөхгүйгээр барьж бол чадаагүй л байгааг нь хэлэх хэрэгтэй. Байдаг хар хурдаараа дээшээ цойлж явсан ханшийг уургалан тогтоон барьж, бүр тавиад алдчихалгүй тогтоогоод авав бололтой. Эдийн засагчдын яриагаар нэгэнт өсч буй валютын ханшийг буулгахын тулд эхлээд тогтворжуулах ёстой байдаг юм гэнэ билээ. Тиймээс мэддэг хүний уургын хуйв бөх байгаасай гэж найдахаас.  

Түүний хамгийн гол чадвар нь гадаадын хөрөнгө оруулагч, томоохон санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээ хийх чадвар юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсаны улмаас хөрөнгө оруулагчид, тэр дундаа ОУВС-гийнханд эргэлзээ үүсчихээд байсан. Тэгвэл олон улсын энэ байгууллагын итгэлийг эргүүлж авчирсан эрхэм нь яах аргагүй Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаараа улайран зүтгүүлээд байгаа У.Хүрэлсүхийн гол шалтгаан магадгүй энэ байсан ч байж мэднэ. Мэргэшсэн, төлөвшсөн, энэ салбарын асуудлыг гаргууд шийдэж чадах нэгэн түүнд хэрэгтэй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд ОУВС-ийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд анхнаас нь гар бие оролцож байсан гэдэг утгаараа Ч.Хүрэлбаатарт л ийм давуу тал бий.

Гэхдээ эсрэг талд У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах 17 сайдаас хамгийн их шүүмжлүүлж, хэл ам таталж буй сайд нь мань хүн. Томилогдохоос нь эхлээд л түүнийг эсэргүүцсэн олон хүн, хүчин бий. Ерөнхийлөгч Х.Баттулга ганцхан түүний нэрийг Сангийн сайдад нэр дэвшүүлэхгүй гэж хориг тавьж байлаа шүү дээ. Ч.Хүрэлбаатарыг өмнөх сайд Б.Чойжилсүрэнтэй адил ашиг сонирхлын зөрчилтэй гэх тун ноцтой баримтууд дэлгэгдэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монголын баялгийг хувьдаа завшиж, цөлмөсөн 30 гэр бүлийн жагсаалтад хүртэл нэрийг нь багтааж, бүр УИХ-ын чуулганд хэлэлцүүлэв.

Тэрбээр “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэр бүлийнхнийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид зарсан байна” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Гэвч үүнийгээ нотолж чадсангүй. Харин үүний хариуг Ч.Хүрэлбаатар албан ёсны баримттайгаар өгч “Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт" хэмээн АМГТГ-ын дарга Б.Баатарцогтын гарын үсэгтэй албан бичгийг дэлгэн үзүүлсэн юм. Уг албан бичигт " 2017 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар Кадастрын бүртгэлийн системд хайлт хийж үзэхэд Чимэдийн Хүрэлбаатар, Чимидийн Ганболд, Чимидийн Гансүх, Чимидийн Гантулга гэсэн хүмүүсийн эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна" гэжээ.

Үнэхээр ч  Ч.Хүрэлбаатарыг хэзээнээсээ гадаадын уул уурхайн компаниудын эрх ашгийг хамгаалагч гэж цоллох нь бий. Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байгуулсан гэм нүглээс хүртэл хуваалцах ёстой хүн гэж олон нийт үздэг. Өөрөө “Би Оюутолгойн гэрээг байгуулахад огт оролцоогүй шүү” гэж удаа дараа мэдэгддэг ч тэр нь үнэмшилтэй няцаалт бололгүй өнөөдрийг хүрчээ.  

Мөн түүнийг харлуулдаг бас нэг өнцөг нь Увсын фракц гэх цаасан дээр мөргүй, хаалган дээр хаяггүй нэг том сэтэртэй байгууллагын томоохон төлөөлөгч гэж үздэг юм. Улс үндэстнийг хувааж, Увсынхан л төр барих ёстой гэж номлодог айхтар үзэл сурталтай гэх тус фракцад хамаатдаг нь олон дайсантай болоход нь зохих нөлөөгөө үзүүлсэн.

Ч.Хүрэлбаатарыг огцруулах мэдээлэл байсхийгээд л дэгддэг. Хотгор шанагын уурхайтай холбоотой хэл ам одоо хүртэл эцэслэгдээгүй байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хотгор шанагын нүүрсний уурхайг Ч.Хүрэлбаатарын хоёр ах зарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Ч.Хүрэлбаатар боллоо шүү” гэх мэтээр сануулж байсан нь үнэн байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монголын байгалийн баялгийг гадаадынханд эзэмшүүлэн, дундаас нь асар их ашиг зувчуулдаг 30 гэр бүлийн нэг, Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид зарсан гэх мэт нэр хоч байнга зүүдэг.

2019 оны төсвийн төслийг батлах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бас л хэл ам дагуулсан. Юу гэвэл, өөрийн тойрог буюу Увс аймагт 58 тэрбум төгрөгийн төсөв батлахаар хуулийн төсөл УИХ-д өргөн бариад давхиж яваа. Өөрөөр хэлбэл, улсаа биш хувиа борлуулж яваа улстөрчийн дүрийг түүнээр төлөөлүүлж болохоор зураг харагдаж байна гэсэн үг л дээ. Түүний оронд нэг ч гэсэн цэцэрлэг барихад Сангийн яам төсвийн төслөө чиглүүлэх учиртай гэж түүнд зэм хүртээх хүмүүс олон байна.

Мөн түүний санаачлан батлуулахаар зүтгэж буй нэг хуулийн төсөл нь Татварын багц хуулинд оруулах өөрчлөлт. Үүнийг УИХ-ын гишүүд зөвхөн Оюутолгойд зориулсан төсөл байна гэж шууд хэлж байгаа. Тухайлбал, хэлэлцүүлгийн үеэр Ч.Улаан, Г.Тэмүүлэн нарын гишүүд уг хуулийн төсөл дэх 11 заалт шууд байдлаар Оюутолгойд татварын хөнгөлөлтийн илт давуу байдал үүсгэхээр байгааг онцолсон. Мөн Оюутолгойн захирал асан Камерон Макрей “Сүүлийн удаа дахин лоббидохоор оролдож байна” гэсэн утга бүхий захидлыг гишүүдэд илгээсэн гэх сураг ч бий.

Түүгээр ч зогсохгүй, тун ноцтой нэг баримт бий. Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсныг Ч.Хүрэлбаатар албан тушаалаа ашиглан саармагжуулах, цуцлахаар хүчин чармайлт гаргаж явсан гэдэг юм билээ. Акт тавьсан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, түүний оронд үгэнд ордог хүнийг томилохоор ярьж хөөцөлдөж яваа гэх хардлага ч нэг хэсэг дуулдсан. Энэ мэт баримт, сэжиг таамгаас үүдээд намынхан нь хүртэл Ч.Хүрэлбаатарыг “Оюутолгойд их л өртэй хүн” гэж жиг жуг хийлцдэг юм билээ.

Тэрбээр Оюутолгойн Хан бумбат нисэх онгоцны буудлын ажлыг зах зээлийн үнээс нь дөрөв дахин их буюу 60 сая ам.доллараар хийж гүйцэтгэж, Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон мөртлөө гарын үсэг зурах үед гэнэт алга болсон гэхчлэн хардмаар баримтууд их бий.

Өнгөрсөн жилүүдэд хамгийн их шаардлага, эсэргүүцэл тавьдаг УИХ-ын гишүүнээр Ч.Хүрэлбаатар тодорсон байдаг юм билээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хамгийн их шүүмжилсэн хүн нь Ч.Хүрэлбаатар. Ингэхдээ эдийн засгийн бодлогыг нь түлхүү шүүмжилж, гарц шийдлийг нь хамт санал болгож байсан. Одоо тэгвэл түүнд тэрхүү шүүмжээ өөрөө хэрэгжүүлэх эрх очоод байгаа билээ. Тэрбээр АН-ын засаг барьж байх эхний өдрүүдэд “Өнөөдөр Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямрал руу орчихоод явж байна. Эдийн засгийн хүндрэл, хямрал нь цэвэр Засгийн газрын бодлогын алдаанаас болсон. Нэгдүгээрт хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Хоёрдугаарт төсвөөс гадуур их хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бүх хөтөлбөрүүдийг төсөвт оруулаад тооцохоор ДНБ-ний 10 хувьтай тэнцүү алдагдал бий болчихлоо. Энэ алдагдал яах аргагүй хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очно. Хэзээ гэдгийг цаг хугацаа л харуулна. “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” шүү. Ийм учраас энэ бодлогынхоо алдааг засахаас өөр арга байхгүй боллоо. Засгийн газар үнэхээр алдаагаа засахыг хүсч байгаа юм бол эхлээд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, хоёр дахь нь төсвөөс гадуур хэрэгжиж байгаа төслүүдийг төсөвт нь эргэж оруулж ирэх хэрэгтэй. Үүнээс өөр гарц бидэнд байхгүй. Энэ хоёр алхмыг нэн яаралтай хийж ДНБ-ний алдагдлыг гурван хувьд эргүүлэн авч ирэхгүй бол эдийн засгийн хямрал улам хүндэрнэ” гэж хэлж байсан. Яг тэр ёсоор болж, эдийн засаг элгээрээ мөлхсөнийг бид мэднэ. Тиймээс түүний шүүмжлэлийг муу ам, муухай ёр гэхээс илүү мэдлэгтэй хүний мэдэж хэлсэн шүүмжлэл байжээ гэвэл ононо. Түүний үг хамгийн үндэслэлтэй, баримт нотолгоотой, гарц шийдлийг санал болгосон өнгө аястай байдаг ч эцэстээ энэ бүхэн Ч.Хүрэлбаатарыг албан тушаалтай байлгах, Оюутолгойг орлоготой байхад зориулагдсан зүйл юм биш гэх эргэлзээ л бидэнд үлддэг. Мэддэг байх ч бас улстөрчдөд хангалтгүй байх үе байдаг ажээ. Монголын эд хөрөнгийн санг худаг гэвэл түүний манаач нь эдийн засгийн мэдлэгтэй нэгэн байх нь зүйн хэрэг. Гагцхүү тэр худгийн манаач манайх, танайх уу гэдэгт л хариулж чадахгүй сууна...

 

 

 

 

 

 

                                                     

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.29.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.