АТГ-т аргамжаатай алдартнууд: Хоёр ЕРӨНХИЙЛӨГЧ, зургаан ЕРӨНХИЙ САЙД...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-01-31

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай... гэх яриа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн үед олны чихэнд хүрсэн. Учир нь тухайн үед Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг цагдан хорьж, авлига албан тушаалын хэргээр буруутгаж байлаа. Энэ үг үнэний ортой аж. Сүүлийн 10 гаруй жилд Монгол улсыг удирдаж байсан хоёр Ерөнхийлөгч, зургаан Ерөнхий сайдыг ихэвчлэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр шалгажээ.

Нэг: Монгол улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр

Н.Энхбаяр нь УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж шүүхээс үзэж дөрвөн жилийн хорих ял шийтгэж байв. Ингээд түүнийг ял эдлэж байхад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөлийн хуульд хамруулан ялаас мулталсан.

Хоёр: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:

Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Эрдэнэс Тавантолгойн захирал Жаргалсайханыг би авчирсан юм. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу.  Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья" гэсэн юм. 178 хуудас нотлох баримт бүхий гомдлыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснийг Нийслэлийн Прокурорын газраас мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дуудаж мэдүүлэг, байцаалт авсан гэдэг. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй  “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг­тэй холбоотой, 2012 онд П.Цагааны хамт  БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн удаатай.

Гурав: Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан:

Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилж байсан.

Түүнийг 2014 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа холбогдох хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгаж байсан юм.

Түүнийг “..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул ..шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” гэсэн мөрдөгчийн тогтоолыг танилцуулсан байдаг.

Дөрөв: Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр

Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-аас саатуулсан. Түүнийг Оюутолгойн гэрээтэй, “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдуулан ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгахаар боллоо. Тэдэнд 72 цаг саатуулах шийдвэрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гаргасан байдаг.

Ийнхүү эдийн засгийн ээдрээтэй хэргийн гол буруутан хамсаатангууд болох нөхдүүдийг цагдан хорилоо. Хамгийн гол нь хэргийг шалгаж байгаад замхруулаад хэрэгсэхгүй болгоод зүгээр тавиад явуулчихгүй байхыг олон нийт хүсч байна. Үнэхээр улс эх орныг өрөнд оруулж, Монголд ашиггүйгээр гэрээ хийж, ирээдүй хойчийг баллах шийдвэрт гарын үсэг зурсан юм бол хариуцлагтайгаар хатуу шийтгэл оногдуулахыг хүсмээр байна. Нэгэнт ээлж дараалан сүр дуулиатайхан баривчилж чадсан юм чинь одоо хариуцлага тооцож, ял оноох, гадаадад нуусан хөрөнгийг нь оруулж ирэхийг л ард түмэн харахыг хүснэ. Тиймээс энэхүү эрүүгийн гэмт хэрэгт хууль хяналтынхан хариуцлагатай байгаасай.

Тав: Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд

Түүнийг Оффшорт бүсэд мөнгө байршуулсан, татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр шалгаж байсан. Оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газар 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хэрэг нээсэн. Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсандаа оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуйн нэгж, компани, хүмүүсийн мэдээллийг дэлгэж, улмаар 170 орны 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон. Үүний дагуу судалгаа хийж үзэхэд “Монгол Улс” гэсэн бүртгэлээр нийт 49 буюу 48 иргэн, 1 аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Нарийвчилсан шалгалтаар Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуйн нэгж тодорхойлогдсон. Эдгээрээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байсныг ХАСХОМ-ийг хянан үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаараа тусгаагүй байгаа. Гэвч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хийсэн шалгалтаар үүнийг тогтоосон. Сүүлд задарсан “Парадайз паперс”-ийн мэдээллээр манай улсын 16 хүний мэдээлэл ил болсон. Эдгээр хүмүүст холбогдох хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Зургаа: Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тендерийн хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан тендер болон дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан гэх. Уг хууль бус тендерийн ард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байсан гэж сэжиглэн шалгах үндэслэл АТГ-д байгаа аж.

 

"Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүгийнх нь компани болохыг АТГ мөрдөн шалгах явцдаа тогтоосон байна. Учир нь, "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүгийнх нь компани болохыг АТГ мөрдөн шалгах явцдаа тогтоосон байна.

Долоо: Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

"Авлигатай тэмцэх газраас Оюу толгой төслийн хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг холбогдуулан шалгаж байна" гэж АТГ-аас мэдээлсэн.

Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна гэжээ.

Найм: Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Тост тосон бумбын орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотой аж. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу орчмын тусгай зөвшөөрлийг цуцалж, компаниудад нь нөхөх олговрын зориулалтаар өөр газарт тусгай зөвшөөрөл шинээр олгох шийдвэр гаргасан байдаг. Энэ тогтоолтой холбоотойгоор Ж.Эрдэнэбатыг албан тушаалын гэмт хэрэгтэй холбосон мэдээллүүд энэ оны тавдугаар сард цахим орчинд тархсан билээ. Учир нь тэрбээр өөрийн хамаарал бүхий "Хэлх Илч" гэх компанид давуу байдал олгож Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэрэгт сэжиглэгдэн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Тэгвэл энэ талаар Ж.Эрдэнэбат тайлбарлахдаа "Тэр нь компани нь миний дүү бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг компани юм. Тус компани лицензийн талбай дээр хайгуул хийж үзээд юм олдоогүй. Тиймээс газрын зөвшөөрлийг нь улсад буцаагаад өгчихсөн. Би тэр компаниас тодорхой хэмжээний хувь л эзэмшдэг. Хууль хяналтын байгууллагынхан үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.92.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.