Чуулган таслартгүй хуралдаж Монголын парламентын түүхэнд шинэ хуудас бичив
Үйл явдал
/
2020-02-05

УИХ 158 хоног тасралтгүй хэлэлцэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан бол 2019 оны 3 сараас хойш намар-хавар-намрын гэсэн 3 чуулган завсарлагагүй хуралдан, олон чухал хуулийг баталж, Монголын парламентын түүхэнд шинэ хуудас бичив.

~ 20 гаруй жил яригдсан Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол төрийн томоохон үйл хэргийг энэ Их Хурал гүйцэтгэж чадлаа.

~ Парламентын шинэчлэлийг эхлүүлж, гишүүдийн ирц, үг хэлэх, санал хураахыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор хуралдааны ирц дунджаар 60 хувьд хүрсэн байна. “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, Парламентын судалгааны хүрээлэн байгуулжээ.

~ Төрийг удирдах үйл хэрэгт иргэдийг оролцуулах, иргэний мэдэх эрхийг хангах зорилгоор нийтийн сонсгол 10 гаруй, нээлттэй хэлэлцүүлэг 50 гаруйг зохион байгуулсан байна.

~ Ахмад настнууддаа ач санаж, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх хуулийг батлан гаргалаа. Баялгийн өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжиж эхлэв.

~ Авлига, тушаалын гэмт хэрэгт ял завших байдал хэрхэвч байж таарахгүй гэсэн зарчмыг баримталж, Эрүүгийн тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулав. Хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших боломжийг таслан зогсоов.

~ Хорт хавдраас иргэдээ хамгаалах хууль баталлаа. Хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд Монгол Улсынхаа нийт иргэдийг үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүллээ.

~ Засгийн газрын тусгай сангуудын идээ бээрийг шахан гаргаж чадлаа. ЖДҮ-ийн зээл олголтод олон жилийн турш бугшсан бусармаг байдлыг энэ парламент илчилж, ил гаргасан юм. Сангийн журам, зээл олголтод өөрчлөлт оруулж, цэгцэлсэн. Зарцуулалт нь ил тод болсон. Зээл нь жинхэнэ эзэндээ очиж, үр дүнтэй ашиглагдах нөхцөл бүрдэв.

~ Татварын шинэчлэл хийж, 1 хувийн татварын тогтолцоо нэвтрүүллээ. Жилийн 300 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлнө. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгоно.

~ Оюутолгойн ордын ашиглалтаас Монголын ард түмэнд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол хүн монгол газар, Монголын баялагтаа эзэн байх зарчмыг хэрэгжүүлж, “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” шийдвэр гаргав.

~ Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүртээх шийдвэр гаргалаа.

Малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцохоор болсон. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхээр хуульчлав.

~ Дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн гэх мэт хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарч, бага тэтгэвэр авдаг байсан эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүллээ.

~ Эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүллээ. Тендерийн шинэ хуулиар дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой худалдан авах ажиллагаанд гадаадын этгээд оруулахыг хориглосон.

~ Дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэх боломж бүрдүүлж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан.

~ Өнчин ишиг хулгайлсан ч ял оноох хуулийн зохицуулалт хийлээ. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатгаж, мал хулгайлсан л бол ял авах, давтан буюу бүлэглэн үйлдсэн бол илүү чанга шийтгэл оноож, нэг ч малчныг хохироохгүй байх эрх зүйн шинэ нөхцөл бүрдүүлэв.

~ Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар мал эмнэлгийн тогтолцоог сэргээн, олон улсын жишигт нийцүүлэх, гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болсон.

~ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэн баталлаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.151.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.