Эгэл амьдрал дундаас боссон улстөрчийн араншин
Нийтлэл
/
2020-02-05
-Түүнд ясны нэг хуульч хүний зарчим байдаг бололтой-

Үнэнээр өгүүлэхийг зорив. Улстөрчийн хувьд намтар нимгэн. Наяад оны багачууд бидний хичээлээ бичдэг байсан 12 мөнгөний дэвтэрт хангалттай багтчих намтартай энэ нөхөрт нэгэн дэвтэр роман ч багадахаар намтар цуглуулж өгсөн хүн нь хаашаа ч зайлахгүй Н.Энхбаяр мөн. Нуух аргагүй үнэн. Одоо түүнд Н.Энхбаярын эхлүүлж, ариутган шүүсэн романы хоёрдугаар дэвтрийг бичих үү, эсвэл төгсгөж орхиод ахиад шинээр эхлэх үү гэдэг хоёр л зам үлдсэн. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас харж байхад тэр шинээр эхлүүлчихсэн бололтой. Ямартай ч тэр өөрийнхөө замаар улс төр хийхээр шударгаар явж байгаа нь илт харагдана.

Саяхан болж өнгөрсөн МАХН нэрээ сэргээсний ойн баяр, баярын хуралд оролцох урилга заллага ирээгүй учраас тэрээр өөрөө МАХН-ын гишүүд дэмжигчдэд хандан ил захидал илгээсэн. Уг захидалд Н.Энхбаяраас нэгэнт зам салж байгаа утга бүхий үг өгүүлбэр байснаас харвал тэр өөрийнхөө замыг хөөхөөр шийдсэн нь илт. Айсуй сонгуулиар хэрхэн, хаанаас нэр дэвших талаар асуухад “Ардчилсан намаас Орхон аймагтаа нэр дэвшинэ” хэмээн ямар ч эргэлзээгүй хариулж байгаагаас харвал тэр МАХН хэмээх айлд багталцахаа больжээ. Магадгүй, “Муу нэртэй луу данстай” Н.Энхбаяраас нэг мөр салахаар ч шийдсэн байж болох юм. Тэгээд ч "Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж гүтгэлээ. Гэтэл би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Гэтэл намайг гүтгэсэн. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг олон удаа намаасаа явуулахыг хүсэмжилж байгаа. Тиймээс би улс төрийн шийдвэр гаргахаар болсон. Одоогоор албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна. Намаасаа гарлаа гэхэд намууд санал тавибал бодож үзнэ" гэж тодотгосноос харвал түүний зам нэгэнт шуударчээ.

Нөгөө талаас тэр намтар цуглуулан эхлүүлж өгсөн нөхөртөө таалагдахаа больсон хийгээд “Тэжээсэн бяруу тэрэг эвдэх”-ийн үлгэр боллоо хэмээн хэвлэлээр нэг жиг жуг гэх. Яадгийм, заавал яагаад олигархи бүлэглэлд багтах, эсвэл “Авлигын загалмайлсан эцэг”-ийн цүнхийг зөөж байх ёстой гэж. Тухайн үеийн эрх баригчдын өөрсдийнх нь батласан хуулийн дагуу л Хууль тогтоох дээд байгууллагын танхимд ороод ирээ биз дээ. Тухайн цагт захын нэг нөхөр итгэхгүй байсан намын жагсаалтад эрэмбэ эдэлсэн хүн. Ардын хүүхэд сууж болдоггүй газар юм уу. Заавал оффшор бүсэд сая ам.доллар мартдаг нөхөр, архины үйлдвэр эрхэлдэг нөхөд суух ёстой газар юм уу. Яагаад үндэснийхээ их сургуулийг хууль зүйн чиглэлээр сурч, өөрийнхөө хэмжээнд салбартаа зүтгэж ирсэн залуу орж ирж болдоггүй газар вэ.

Түүнийг Н.Энхбаярыг дагаж улс төрд орж ирсэн, хэн ч биш нэгний дүрээр мөнхрүүлэхийг хүсэгчид улс төрд цөөн бус бий. Яагаад гэхээр тэр дүр нэгт анд З.Баянсэлэнгээс тэс өөр хүн бололтой. Гэсэн хэдий ч тэр парламент хэмээх тайзан дээр үзэгдэл бүхэнд ил гарахыг хүсэмжилдэг туслах дүр. Тэр туслах дүрээ маш сайн бэлтгэж, тайзан дээр гардаг ч гүйцэтгэл хангалтгүй байдгийг бид мэднэ. Тухайлбал тэр Х.Тэмүүжин, С.Баярцогт гээд олон дүр дээр ажиллаж төлөвлөгөө боловсруулсан ч гүйцэтгэл байгаагүй. Энэ тухайд хойш дурдах болно.

-Сайд болох боломж байсан ч тэр өөрийнхөөрөө зөрүүдлэв-

Тухайн үед буюу 2012 онд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-ын засагт уригдсан цагаас хойш дөрвөн жил өнгөрч энэ хугацаанд эвслээс сайд дарга болоогүй хүн үгүй. Ганцхан О.Баасанхүү л Өргөдлийн байнгын хорооны даргын албатай энэ дөрвөн жилийг үдэж байсан. Тэр чадахгүйдээ биш байх. Уг нь нэг тэрэгний дугуйнууд нэг л тийшээ өнхөрнө, эс чадвал хохь дугуй болж үлддэг жамтай шүү дээ. Гэтэл тэр өөрийнхөөрөө тас гүрийгээд албан тушаал аваагүй. МАХН-ын нэг нөхөр “Энэ О.Баасанхүү даргатай аятайхан байж байгаад Эрүүл мэндийн сайд болчихгүй. Уг нь түүнд ийм боломж байсан ч зөрүүдлээд байх юм. Дарга түүнд сайд болох боломж байгаа гэж хэлсэн ш дээ” хэмээж байв.

 

Тэр хэдийгээр Н.Энхбаяртай таарамж муу байгаа ч эр хүний зангараг, хүн чанар гаргадаг. Өнгөрөгч 2016 оны есдүгээр сард Н.Энхбаярыг барьж хорих гээд бөөн юм болсон доо. Тэр үед О.Баасанхүү УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий прокурор М.Энх-Амгалан нартай очиж уулзаад, Н.Энхбаяр даргыг тайван байлгаач ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээ хоёр удаа шоронд хийх гээд байгаа юм уу. Та нар болиочээ гэж ярьж хэлж, тэдэн дээр орж уулзаж  байсан ганц хүн нь. Түүнд тэгэхээр хүн чанар бий.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэг савнаас хооллож, хууль зүйн боловсрол олсон болоод ч тэр үү, эсвэл оюутан ахуй цагийн хонзогнол гэмээр зүйл түүнээс үе үе цухалзаад байна уу гэх хардлага төрдгийг нуух юун.

О.Баасанхүүгийн УИХ-д орж ирээд бүтээсэн туслах дүрийн нэг бол Х.Тэмүүжин. Тэр түүнийг Хууль зүйн сайд байхад нь огцруулах тухай мөн ч их үзсэн. Ямартай ч хуулийн сайд маань О.Баасанхүүгийн оролцоогүй, их л дээрээс боловсруулсан угсраа мэхэнд уначихсан. О.Баасанхүүгийн барьцтай барьцгүй бужигнуулаад байсан мэх огт тус болоогүй гэхэд болно. Ах нарынхаа тусгай төлөвлөгөөгөөр боловсруулсан сүлжээ мэхэнд орчихсон нь тэр. Тэгэхээр түүний УИХ-д орж ирээд хийсэн нэг ажил нь ямар ч үр дүн үзүүлээгүй гэдгийг эндээс харж болно. Гэсэн ч Х.Тэмүүжин огцорсноор түүний санаа бага боловч амарсан байх.

Нэг сургуулийн нөхөртөө ийн хорсож удаа дараа огцруулахаар хөөцөлдөж байсны цаана чухам юу байв гэдгийг улс төрийнх нь талаас тайлбарлах гээд ноцтой шалтаг олсон нь үгүй. Нам бүлэглэл өөр ч тэдэнд ийн муудах шалтаг улстөрийн зүгээс харагдахгүй нь гайхалтай. Н.Энхбаярыг хорьж цагдсан, бусдыг нь шалгасан энэ тэр бол Х.Тэмүүжин шиг жижиг гарт огт хамаагүй. Том талбайд болж өрнөсөн улс төрийн акц. Тэгэхээр оюутан ахуй цагийн нэг гомдол явдаг гэж таамаглаж болохоор. Ямартай ч тэрээр нэгэн ярилцлагдаа “…их сургууль төгсчихлөө. МУИС маань багшаар үлд  гэсэн. Сурлага гайгүй байсан болохоор  бүх тэнхимүүд чи манайд ор гээд л би чинь бардам байлаа. Онц төгссөн  болохоор нэр хүндтэй байсан байх. Намар 9 сард хүрээд ир л гэцгээж байна. Тэгээд намар нь яваад очсон чинь манай багш нарын хүүхэд л гэнэ, найзуудынх нь л хүүхэд гэнэ. Бүгдийг нь багшаар авчихсан, надад ажил байхгүй. Нөгөө онц төгссөн энэ тэр ч будаа. Тэгээд  одоо яахав дээ, би гэдэг хүн ажиллаж амьдрах ёстой юм чинь  “Витавит” ундааны үйлдвэрт орлоо” гэсэн нь бий. Монгол Улсын их сургууль, суралцаж төгссөн сургуульдаа багшаар үлдэнэ гэдэг хэн бүхэнд олдохгүй тавилан. Тиймдээ ч хувь тавиланг нь өөр байлгаж болох замаас гаргасан хэн бүхэнд гомдож явдаг цэл залуугийн араншин Х.Тэмүүжин рүү асаадаг ч юм билүү хэн мэдлээ. Хүн гэдэг амьтан чинь ааш арга нь олддоггүй шүү дээ. Х.Тэмүүжин түүнээс насаар ах ч яах аргагүй доод ангид нь суралцаж сургуулиа дүүргээд багшаар үлдсэн хүмүүсийн нэг. Арай тэдний дунд охид бүсгүйчүүдийн төлөөх гомдол явсаар Төрийн ордон, Хууль тогтоох дээд байгууллагын танхимд үргэлжлээгүй гэж найдая. Гэхдээ их хаадын эзлэн түрэгмийлэл, дайн байлдаан ихэнх нь охид бүсгүйчүүдээс болсон гэдгийг бас мартаж болохгүй.

Мөн мань эр МАХН, МАН нэрийн тухайд ярьж суугаад “Раднаасэд  гээд  манай доод  ангийн залуу байдаг юм. Одоо энэ Х.Тэмүүжингийн анги билүү дээ” хэмээсэн нь аанай л цаад хоёрыгоо үл тоомсорлож байгааг төвөггүй харуулж байна. Их сургуулийн хууль зүйн анги төгсөж, өчнөөн зуун мянган хуулийн зүйл заалт цээжлэхээс гадна хүний сэтгэл зүйг гадарлахаар боловсорсон энэ залуу доод ангийнхаа нөхдийг мартана гэж хэзээ ч байхгүй биз дээ.

-О.Баасанхүү бол парламентад байх ёстой хүний нэг-

Тэр өөрийгөө сохор аз түшээд УИХ-д ороод ирлээ гэж огт боддоггүй нь илт. Хэрвээ аз байсан бол түүнийг ахиад сонгохгүй байсан болов уу. Тэгэхээр О.Баасанхүү бол парламентад байх ёстой хүний нэг. Тиймдээ ч намынхаа дарга Н.Энхбаярын уур цухлыг барах нь олонтаа. “Би Энхбаярыг хаан байхад нь танилцаж ойртоогүй” гээд л дайраад байна шүү. Аз нь түшсэн, эз нь түшсэн эсэхийг тун удахгүй болох 2016 оны сонгууль хэлээд өгөмз. Наана нь яарч дүгнэх гээд яахав. Түүнд айсуй сонгуулиар ахиад ийн аз дайрахгүй учраас ёстой бор зүрхээрээ үзэж таарна. Үзэхэд учир бий, бор зүрхнээс гадна боодолтой мөнгө бүхнийг шийддэг ажил бол сонгууль. Мөнгө тараадаггүй юм гэхэд мөнгө дутах үе бол энэ л цаг хугацаа. Намынх нь олигархиуд түүнд мөнгө өгөхгүй. Ядахад МАН-тайгаа ч нэгдэж магадгүй зүйл яриад эхэлчихлээ. Тэгэхээр түүний хувьд сонгууль бол хурдан буугаар зэвсэглэсэн дайснуудын өөдөөс ташуур бариад орж байгаатай ижил зүйл болно. Аз таарвал шархдаад амь гарна. Үгүй бол үхнэ. Ийм л хоёр зам түүнийг тосч уулзана. Яахав өнгөрөгч хугацаанд тэр олны нүдэнд орж, чихэнд үлдэхтэйгээ ярьж харагдсан байх. Х.Тэмүүжинтэй үзэхээс эхэлсэн энэ ажиллагаа С.Баярцогтоор дамжаад авсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах тухай тэрээр нэлээд шаргуу үзээд бас л хад мөргөсөн.

О.Баасанхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц гээд маргаан шийдвэрлэх, цэгцлэх эрхтэй бүхий л шатны байгууллагад хэн нэгэнтэй холбогдсон гомдол санал гаргаж бужигнуулах оролдлого хийж явдаг. Энэ бүгд нь түүнийг улстөрийн талбарт нэгэн туслах дүрийн эзнээр өөрийн эрхгүй тодруулсан юм. Даанч гүйцэтгэл огт байхгүй. Чингэсний учир нь түүний санаж сэдэж хөөцөлдсөн хууль бус үйлдлийг түүний талд хэзээ ч шийдвэрлэж байсангүй. Бүгд л авлигачид, олигархиуд учраас тэр ганцаараа бүү хэл хамтаараа зүтгээд ч дийлэхгүй. Энэ нь эргээд О.Баасанхүүг зүгээр нэг бужигнуулагч мэтээр харагдуулахыг хүсэж байна. Учир нь тэр хуульч хүн учраас хууль зөрчсөн элдэв үйлдэлтэй эвлэрэхээс зайлсхийдэг. Энэ чанар нь шат шатны хуулийн байгууллагад хандахад хүргэдэг ч цаадуул нь хуулийн дээгүүр гишгилээд өнгөрдөг учраас огт тоохгүй.

Энэ үед би вээр “Одоо тэр эртхэн нэг тойрог сонгоод сонгогч олонд үнэнээ хэлээд явах хэрэгтэй. Надад ямар ч мөнгө байхгүй, би улс орноо хуурч, татвар төлөгчдийн мөнгөнөөс халааслаагүй. Харин сайн хууль дүрэм гаргахад туслана гэх зэргээр яриад, ангийнхаа нөхдийг баахан муулах хэрэгтэй. Угаасаа луйварчидтай мөр зэрэгцээд дөрвөн жил болчихсон хүнд тэднийг муучлах шиг амар зүйл байхгүй. Сонгогчдын боловсрол тийм сайн биш ч хэдэн жилийн өмнөхийг бодоход хамаагүй дээрдсэн. Тэгэхээр үүнд л найд. Хэрвээ өнгөрөгч сонгуулиар жагсаалтын дээгүүр эрэмбээс Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нар буугаагүй бол О.Баасанхүү МАХН-ын хууль зүй хариуцсан нэг нөхөр л явах байсан болов уу. Одоо ахиад аз дайрах биш, өөрийнхөөрөө дайраад үзэхэд нэр цэвэр эр хүнд бас арга олдож таарна гэж хүртэл бичиж байв. Тийм дээ ч тэр хаа байсан Орхон аймагт очиж нэрээ дэвшүүлээд гараад ирсэн. Гэтэл МАХН болон эвсээд сүйд болоод байсан МҮАН-аас нь нэг ч суудал аваагүй гэдгийг бид мэднэ.

-Тэр бол одоо мэргэшсэн парламентч болж чадсан-

О.Баасанхүү одоо жинхэнэ мэргэшсэн парламентч болсон. Нөгөө талаар тэр хэнээс ч эмээж, хэнээс ч харц далдирдаггүй. Яагаад гэхээр түүнд олигархи бүлэглэлийн шошго алга, хэн нэгэнтэй хэтэвч хамт биш байна, хэн нэгнээр дэмжүүлж дарга сайд болсон зүйл алга гээд давуу тал олонтой. Өөөрөөр хэлбэл бидний ярих дуртай “Нэр цэвэр улстөрч” юм.

Тиймдээ ч тэр улстөрчид нь дээр гарангуутаа хэрхэн парламентад үлдэх вэ гэдгээ л ярьдаг. Үүнийг ойлгодоггүй юм хэмээсэн. Тиймдээ ч тэр УИХ-ын гишүүн л биш бол амьдрахгүй юм шиг хандаж болохгүй ээ. Гэмт хэрэг хийсэн бол гишүүний халдашгүй байдал гээд тус болж магадгүй л юм. Түүнээс ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж ажилласан бол ямар ч гишүүнийг ард түмэн хайрлаад л гаргачихна. Худлаа яриад байгаа болохоор чинь л ард иргэд та нарыг солих гээд байгаа. Хуулийг нь харах юм бол Үндсэн хуулийг шууд зөрчиж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн иргэн сонгуульд оролцох эрхтэй, 18 насанд хүрсэн иргэн сонгох эрхтэй гэж байгаа. Сонго гэдэг үг нь хэдэн хүнээр сонгогдсон нь хамаагүй юм. Харин аль олон санал авсан хүн нь л сонгогдоно гэсэн үг. Өнөөдрийн энэ хуулиар 26 хүнийг Монгол Улсын хэмжээнд Ерөнхийлөгч шиг сонгуулаад 1-26 гээд эрэмбэлчихвэл энэ хууль хуулийн дагуу. Харин эхний хүний авсан хувь дараагийн хүний авсан хувийг үгүйсгээд огт сонгоогүй хүмүүсийг дотор нь оруулна гэвэл энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэх зэргээр өөрийн байр сууриа илэрхийлж байна.

-Хазайх аргагүй дүрээ босгосон улстөрч-

О.Баасанхүүд нэгэн том чанар бий. Тэр ямар ч цаг үед өөрийнхөөрөө байж чаддаг. Ямар нэг бүлэглэлд хамаардаггүй, хүсдэг ч үгүй. УИХ-ын дарга байна уу, Ерөнхий сайд байна уу, Ерөнхийлөгч байна уу хамаагүй адил түвшинд харьцаж, хэлэх гэсэн үгээ хэлдэг цөөн гишүүний нэг. Тэр тусмаа “Зуудаг нохой” гэгдэх Ц.Нямдоржийн өөдөөс үгээ хэлдэг цор ганцхан гэж болох гишүүн. 

Тэрбээр нэгэнтээ “Улстөрчид нь дээр гарангуутаа хэрхэн парламентад үлдэх вэ гэдгээ л ярьдаг. Энийг ойлгодоггүй юм. УИХ-ын гишүүн л биш бол амьдрахгүй юм шиг хандаж болохгүй ээ. Гэмт хэрэг хийсэн бол гишүүний халдашгүй байдал гээд тус болж магадгүй л юм. Тэрнээс ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж ажилласан бол ямар ч гишүүнийг ард түмэн хайрлаад л гаргачихна. Худлаа яриад байгаа болохоор чинь л ард иргэд та нарыг солих гээд байгаа. Хуулийг нь харах юм бол Үндсэн хуулийг шууд зөрчиж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн иргэн сонгуульд оролцох эрхтэй, 18 насанд хүрсэн иргэн сонгох эрхтэй гэж байгаа. Сонго гэдэг үг нь хэдэн хүнээр сонгогдсон нь хамаагүй юм. Харин аль олон санал авсан хүн нь л сонгогдоно гэсэн үг. Өнөөдрийн энэ хуулиар 26 хүнийг Монгол Улсын хэмжээнд Ерөнхийлөгч шиг сонгуулаад 1-26 гээд эрэмбэлчихвэл энэ хууль хуулийн дагуу. Харин эхний хүний авсан хувь дараагийн хүний авсан хувийг үгүйсгээд огт сонгоогүй хүмүүсийг дотор нь оруулна гэвэл энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл” хэмээн хэлсэн нь бий. Энүүхэн хэсэгт л түүний зан араншин, дүр нь өөрөө бий. Тэр их улс төрд хөл тавьсан цагаас хойш үүнээс хазайж байсан түүх байхгүй.

О.Баасанхүү гишүүн өөрөө хуульч мэргэжилтэй, өмгөөллийн чиглэлээр олон жил ажилласан болохоор парламентад батлагдаж байгаа, хэлэлцэж байгаа хуульд заавал нэг зүйл хэлдэг, буруу зөвийг ялгах гэж оролдож суудаг нь түүний нэг үнэт зарчим. Ерөөсөө Хууль тогтоох байгууллагад хуульч л байх ёстой биз дээ. Хэдийгээр төлөөллийн зарчим баримталж болох ч манайх шиг бизнесмэнүүд, бөхчүүд ороод суучихдаг байж болохгүй. Тиймээс тэр хуулийн чиглэлд байнга маргаан дэгдээж суудаг бололтой. Тэр тусмаа эрүүгийн чиглэлийн хууль яригдах үед яах аргагүй мэргэжлийнх нь өвчин хөдөлдөг байх. Хөөн хэлэлцэх хугацааны тухай хууль хэлэлцэх үеэр тэр хамгийн үнэ цэнтэй санал оруулж түүнээсээ болон бусдад заналхийлгүүлж гээд олон л юм болсон. Энэ үеэр тэр “Би УИХ-ын гишүүн хүн. Хамгаалдаг хууль байгаа. Бүх юм хуулиар явна. Хүнийг гурван янзаар унагаадаг. Нэгдүгээрт, ажил албан тушаалаа өгөөд эрх мэдлээр барьцаалах гэж оролддог. Хоёрдугаарт, эхнэр, хүүхэд, өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд хонгил дотор түгжих гэж оролддог. Гуравдугаарт, шившгийн хөндийгөөр хөтлөөд нэр ус, гарал үүсэл, эрүүл мэндээр нь гутаан доромжлох гэж оролддог юм. Тийм хүмүүс хүссэнээ хийж байг. Би тэр хүмүүсийн араас явна аа. Долоодугаар сарын 1 гэхэд тэдгээр хүмүүсийн нэрийг А-Я хүртэл зарлаж байгаад гишүүн болсон ч эс болсон ч тултлаа эд нарын араас явна. Намайг яаж явдаг вэ гэдгийг манай үеийнхэн, найз нөхөд гээд олон хүмүүс мэдэж байгаа” гэж аанай л өөрийнхөө л өгүүлж суусан. Өнөөгийн парламентад ийм л нэгэн дүр өөрөө өөрийнхөөрөө түмэн олны төлөө зүтгэж явааг хүн бүхэн мэдэх биш. Гэхдээ үүнийг мэдрүүлэх цаг хугацаа, орон зай түүнд хангалттай бий. Магадгүй тэр эгэл амьдрал дунд төрж өссөн, эгэл ардын дундаас сонгогдсон болохоор ийнхүү өөрийнхөө унаган араншинг эвдэлгүй өнөөдөрт ирсэн байх.

Эх сурвалж: "Монголыг удирдаж буй эрхмүүд" түүхэн ном төсөл 

Хуулбарлахыг хориглоно. Улстөрч.мн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.