912 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт ӨГНӨ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-05

МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.

Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно 

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм.  Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ. 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" хэмээн үзэж нягталж байна. Тухайлбал зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175  баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ. Засгийн газрын хуралдаанаас мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Монголын татварын алба бол Татварын хуулийн хэрэгжилтийг хангуулдаг. НӨАТ-ын буцаан олголтыг хэрэгжүүлэх тухайд гол баримталдаг албан бичиг нь НӨАТ-ын тухай хууль байгаа. Мөн журам байгаа. 

Энэ хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгадаг. Систем эрсдлийг тооцдог. НӨАТ-ын тухай хуулийн 15.3.1-дээр албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх ёстой. Гэтэл бодит амьдрал дээр 50 саяас дээш орлоготой ААН НӨАТ төлөгч болж байгаа. Тэд 10 хувиа суутгаад буцаагаад улсаас авах эрх бүрдэнэ. НӨАТ төлөгч болсон мөртлөө НӨАТ-гүй баримт төлөөд байгаа гэх мэт баримтыг илрүүлж, нэмэх ажиллагааг хийж байна. 

Хоёрт, хуулийн 15.3.2-т худалдан авалт бүр татварын албанд бүртгэгдсэн байх ёстой гэдэг шаардлага бий. ААН-ээс сар болгон тайлан ирүүлдэг. Энэ сард 1 тэрбум төгрөгийн орлого олсон бол НӨАТ тэр дүнтэй тулж байх ёстой. Гэтэл зөрөөд байдаг. Мөн И-баримт дээр 2 тэрбум төгрөгийн орлогоос 200 сая төгрөг төсөвт орж, 40 сая нь иргэнд очих ёстой. Гэтэл нэг тэрбумын орлого олсон гэж тайлан ирэхэд и-баримтаар 200 сая төгрөг төвлөрүүлсэн байх жишээтэй. 

Мөн кассын машин зөв тооцох ёстой ч программ хийдэг компаниудын хийсэн алдаанаас болоод 2,200 төгрөгөөр талх худалдан авахад программ 220 биш НӨАТ 5,000 төгрөг бичигддэг алдаа бас байна. 

Хуулийн 5.1-т эцсийн хэрэглээнд авсан татвар мөн эсэхийг ялгах хэрэгтэй байгаа. Гэтэл компанийн ТУЗ, захирал, ня-бо авсан байх жишээтэй. Хамаарал бүхий албан тушаалтнууд дээр маш их хэмжээний НӨАТ бүртгэгдсэн байх жишээтэй. Жишээ нь, нэг иргэн нэг өдөрт 8,300 баримт бүртгүүлсэн тохиолдол байна. Хуулийг татварын алба шударга хэрэгжүүлэх үүднээс энэ шалгууруудыг хэрэгжүүлэх гэж ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.