АН-д 60 саяыг тушаасан бүсгүйчүүд юугаараа гайхуулах вэ?
Үйл явдал
/
2020-02-06

Ардчилсан намынхан одоогийн парламентад цөөнх. Гэхдээ 2020 оны сонгуульд  их өндөр итгэл найдвар тавьж байгаа нь үйлдэл бүрээс нь харагдаж байна. МАН-ынхан ичээнээсээ мөд гарах янзгүй нэр дэвшигчдээ зарлаж ядан дунших нь төрөхгүй удаан өвддөг хүн шиг л юм болж байна. АН-ынхан арай л хурдтай байна. Аль 12 сараас дэнчин мөнгөө хурааж эхэлсэн хойно одоо нэрсийг зарлахаас яахав. Тэд нийт 23 бүсгүйн жагсаалтыг дэлгэлээ.  Тус нам түүхэнд анх удаа бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 20 хувь байхаар квот тогтоож өгсөн. УИХ-ын сонгуульд 16 эмэгтэй нэр дэвшүүлнэ гэсэн үг. Тэгэхлээр 23 бүсгүйгээс 7 нь листнээс хасагдана. Яаран дүгнэлт хийх хэрэггүй, цаг залуухан байна. Нүдэнд торохуйц хэдийг сонгон харцгаая.

С.Одонтуяагийн нөөц

Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа ялж ялагдаж үзсэн хашир улс төрч. Багагүй бэлтгэлтэй уяа сойлго нь тааран гарч ирж байгаа биз. Тэр лав 16-даа багтана. Энэ дундаас хурууны үзүүрт өлгөгдөх хүмүүсийн нэг. Хийсэн ажил ихтэй, дүүрэгтээ нэр хүнд сайтай байгаа хойно найдварын оч гэсэн үг.

З.Нарантуяад дахин итгэх үү?

Тийм ч хувисамтгай хуйсагнуур биш тогтвортой хүн болох нь үсний засалт нь үргэлж нэг хэвэндээ байгаагаас илэрхий. Завхандаа тун замбараатай улс төр хийж чадсан түүний цэгцтэй байдал бүсгүйчүүд төдийгүй эрчүүдийг атаархуулсан. Харин анхны ерөнхийлөгчийн нутгийнхан гишүүндээ хэр сэтгэл хангалуун байсны дүн удахгүй тодорхой болно.

Б.Жаргалан ааваасаа давах уу?

Эртнээс улс төрд явсан эгч нарын хажуугаар ширүүхэн дарж яваа хүн бол Б.Жаргалан. “Фортуна”-гийн охин цаанаасаа улс төрд байхаар имиж, зохисон төрхтэй. Наад зах нь хиймэл сормуусгүй, ажил хэрэгч, цэгцтэй нэгэн. Хэдийгээр ааваараа овоглож гарч ирдэг хүүхдүүд олон ч тэр Б.Жаргалан гэдгээрээ тодорхой хэмжээнд танигдаж чадсан нь олз.

Б.Пунсалмаагийн оновчтой тактик

“М-Ойл”-ын Б.Пунсалмаа тоо гэхээсээ чанарыг чухалчилдаг хүн болох нь “Пунсалмаа сан”, “Монголыг хөгжүүлэх 100 эмэгтэй” сэтгүүл, 20 мянган маск тарааж байгаа зэрэг 3 үйлдлээс харж болно. Юмны эзэн шиг сэтгэлгээ гэж энэ дээ. Өөртөө, үйлдэлдээ эзэн байж чаддаг хүн тэгээд бусад зүйл дээр ойлгомжтой байлгүй. Цэгцтэй имиж бүрдүүлж чадсан.

Р.Булгамаа хэмээх дүр

Бусдыгаа бодвол олон жил тууштай нэг байран дээрээ зогсож байгаа дүр. Өмгөөлөгч, хууль ч л гэвэл энэ бүсгүй санаанд бууна. Хүчирхийллийн эсрэг тэр саяхнаас ярьсан юм биш. Олон жил мэрснийх одоо барьц алдахгүй хүссэн хүсээгүй рейтинг боломжийн гарч ирж байна.  Масс түүнийг таних хойно аль нэг тойрогт бууриа засахад алзахгүй биз.

П.Батчимэгт улс төр зохисон уу?

Гэнэт тариан талбайд зургаа даруулаад гараад ирсэн энэ бүсгүй НИТХ-ын төлөөлөгч гуншингаараа биш АПУ гэдэг овгоороо явсаар л байгаа. Гэхдээ мөнгөтэй хүн улс төр хийж, улс төрч байж болно. Хаа очиж хахтал нь мөнгөөр зодохгүй сонгогдсон тойрогтоо багийн нэг гишүүний хувиар даруухан ажиллаж байгаа. Улс төрийг зөвхөн мөнгөөр хийдэггүйг харуулж яваа хүн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.241.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.