МАН-аас үнэгүй дэвшиж байгаа бүсгүйчүүд юугаараа гайхуулах вэ?
Үйл явдал
/
2020-02-06

Улс төрийн ууган хүчин, яасан ийсэн юу ... гэж ирээд урт гуншинтай МАН бүсгүйчүүдийн хомсдолд оржээ. Чин үнэндээ тэд дундаасаа 9 бүсгүй л олсон байна. Эрх барьж байгаа нам гэхэд энэ арай л горгор үзүүлэлт шүү. Бүсгүйчүүдээ авч шид, хөгжүүл, мотиваци хий. 16 квотын төлөө яагаад 32 бүсгүй “алалцаж” болохгүй гэж. Өрсөлдөөнгүй газар хөгжил байхгүй. Есхөн бүсгүй юм чинь бүгдэнг нь сонирхоцгооё.

Сайхан төрсөн Б.Баярсайхан

Ядаж л зурган дээр янзын сайхан гардаг байх шалгуурт энэ бүсгүй тэнцэнэ. “Бодлын хулгайч” жүжигчин Амараагийн эгч маань Боловсролын яамны Төрийн нарийны албыг гуалиг хэвээр хашиж байгаад саяхан буусан. Чинжүү шиг айхтар бүсгүй сайдыгаа хүртэл унагасан шүү дээ. Мэдээж сайхан хүүхнийг хов чимсэн, чимсэн.

Сэтгүүлч-сайд Д.Сарангэрэл

“ТВ-5”-ын Д.Сарангэрэл Эрүүл мэндийн яамыг муугүй толгойллоо. Олигтой магтаал сонсдоггүй ч ажлаа олигтой хийе гэсэн зүтгэл нь харагдсаар ирсэн хүн. Хүн л юм чинь улс төрд ханана гэж юу байх вэ, дахиад нэг ... гэсэн бодолтой байгаа биз. Ер нь сэтгүүлч хүүхнүүд МАН-ын ааштай харчуудын хатууг зөөллөдөг бололтой юм.

“Боов” М.Оюунчимэгийг дахиулах уу?

Та нар л шийднэ, одоо. Бас л МАН-ын хахир харчуудын хатууг зөөллөж Их хуралд суусан сэтгүүлч улс төрч бүсгүй. Боов идсэн, хаа нэг тавьсан зураг хөрөг жиргээнээсээ болж чимхүүлнэ. Ер нь тэгээд олон харчууд дундаас ганц М.Оюунчимэгийг гэлтгүй бүсгүйчүүд нь юу хийж байгааг олон нийт олж харж чадах биш. Цаанаа бол юм хийсэн л байлгүй.

Шинэ ногоо Ч.Ундрам

Залуухан бүсгүй мөртлөө “настай” стильтэй сонголт хийж МАН-д торгон жолоогоо атгуулсан байна. Түүнтэй холбоотой хар бараан мэдээ хэд хэд явж харагдсан нь улс төрийн хүн болохоо зарлахтай нь холбоотой байж л дээ. МУИС-аас олон акулууд улс төрд гарч билээ. Дэд захирал, профессор бүсгүй ямар шид үзүүлэх бол?

Ц.Цогзолмаа онц сурав уу?

Сурлага сайтай охин гэдэг нь одоо ч харагддаг экс Боловсролын сайд маань Их хурлын гишүүний ажлаа нэр төртэй хашаа байлгүй. Түүнд хүн болгонд таалагддаг вкус байдаг. Багийн коммунист хичээнгүй хүүхэд байсных одоо хөнгөн наргиа ч хийхгүй шулуухан дарж, шударга өнцгөө харуулж яваа. Хүн гэнэт өөрчлөгдөж болохгүй л дээ.

Н.Оюундарьд базуулсан ходоод

Хоол сайн хийдэг юм байна, харлаа үзлээ. Хотоор нэг эдний хоолны газрууд байгаа даг. Харин хоолны газрын эзэгтэй улс төрд ингэж давхина чинээ олон нийт зүүдлээгүй байх. Нэг ажлаа амжилттай хийчихээр дараа дараагийнх бол алга урвуулах төдий юм шиг байгаа юм. Тэр юмны эв сайн олдог хүн. Улс төрд хэр эвтэй байсныг сонгогчид дүгнэнэ.

“Бохь” аниа бохь шиг зууралдах уу?

Н.Амарзаяа элэг татмаар хөгжилтэй дүр төрхөөрөө бидний сэтгэл зүрхэнд үлджээ. Харахад бодь хүн юм шиг мөртлөө хачин эвгүй халтирдаг нөхөр юм шиг байгаа юм. Хүн тачигнатал загнана, бохь зажлах ч юм уу содон үйлдэл хийнэ. Тэр нь дандаа буруу газраа. Хүмүүс яаж ч шоолж байсан тоодоггүй. Сонгогчидтойгоо дахиад бохь шиг зууралдаж чадах нь уу?

М.Билэгтийн л стиль

Түүнийг хэн ч дахин давтаж “угааж” чадахгүй. Хонгорын охины хоншоор хэр болохыг бүгдээрээ харлаа. Өндөг хүртэл өөтэй хойно алдаанаасаа ичээд яахав гэж тэр сургалаа. Ард түмэн түүнд муугүй. Өөрийнхөөрөө илүү дутуу маяггүй мэдэхгүйгээ нуудаггүй болохоор тэр биз. Стильтэй охиноо хонгорчууд дахин явуулах эсэхийг харах үлдлээ.

А.Саулед амбиц байлгүй л

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч М.Зулъкафиль гэж мундаг хүний гэргий бол А.Сауле. Үе үеийн сэтгүүлчдийн багшийн багш нөхрийнхөө ачаар ч юм уу хэвлэлд муулуулах нь бага. Эсвэл хүн нь угаасаа өө сэв багатай ажилладаг байх. Ер нь хэн ч эрхэм хүндэт багшийнхаа гэр бүлийн хүн рүү сэлэм далайхгүй. Гэм нь аль ч талаараа мэдээлэл нь ховорхон гарах юм даа. Уг нь амбицтай эмэгтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.188.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.