Прокуроруудын АВЛИГЫН ХЭРЭГ ИЛЧЛЭГДСЭН долоо хоног
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-09

Манай улсын хууль, шүүхийн байгууллагынхан АВЛИГАД ӨРТСӨН гэдгийг олон нийтийн судалгааны дүнгээс харж болно. Нийгэмд шударга ёсыг тогтоох, гэм буруутайн эсэхийг тогтооход хөндлөнгийн хяналт тавьж, зөв шударгаар шүүж байгааг ялгах үүрэг бүхий прокурорын байгууллагынхан олны анхааралд өртөөд эхэллээ. Өнгөрч буй долоо хоногийн эхээр “Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж нэгэн дуулиантай мэдээ дэлгэсэн нь ПРОКУРОРУУДЫН “но”-г илчилсэн явдал байв.  Тодруулбал, 100 мянган ам.доллар нэхсэн прокуроруудын нэрийг зарлаж, энэ тухай баримтыг З.Энхболдод гардуулав.  Түүнээс авлига нэхсэн хэргийн эзэд нь Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун, Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд, УЕП-ын газарт Хяналтын прокуророор ажиллаж байгаа Ж.Сандагдорж нар болж таарав. Манай редакци дээрх хоёр прокурорын тухай нарийн мэдээллийг цувралаар хүргэсэн.

УИХ-ын байнгын хороод АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо  (2020.02.07) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Хууль тогтоох үйл ажиллагаа, Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн бодлогын чиглэлээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (2020.02.07) хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Байнгын хорооны ажлын албаны зөвлөхүүд оролцов.

Улсын их хурлын Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар Байнгын хорооны дарга ийнхүү мэдээлээд “Хэрвээ 750 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулж чадсан бол өнөөдөр бид утаанаасаа бүрэн салчих байлаа. Цаашдаа агаарын бохирдлын эсрэг төсөвлөж байгаа мөнгө хөрөнгө, түүний гүйцэтгэл дээр хяналт тавьж чадвал утаанаасаа ангижрах  бүрэн боломж байна” гэлээ.

Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ

Улсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар боловҮүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Сүүлийн үеийн мэдээгээр шинэ коронавирусын халдвараар  34722 хүн өвчилж, 722,хүн нас бараад байна.  Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв.

МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.

Радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв

Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана

Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Яармагт байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгаад 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах байж. Гэвч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байгаа учраас “Томо Бюлдинг” ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оржээ. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.65.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.